УИХ-ын чуулганы пүрэв гаригийн нэгдсэн хуралдаанаар Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Энэхүү хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Батж.Батбаяр дотоодын үйлдвэрлэгчид биржээс бүтээгдэхүүн худалдан авах давуу эрх байна уу гэдгийг сонирхлоо. Ингэхдээ үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжсэн бодлого хэрэгжихгүй байгааг хатуухан шүүмжлэв. Тэрбээр “Аж үйлдвэрлэлийн бодлого гэж юм Монголд байна уу. Өнгөрсөн хугацаанд лоозон л сонссон. Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжинэ, ажлын байр шинээр бий болгоно гэдэг ч хийсэн, бүтсэн ажил байдаггүй. Түүхий эдээ ямар ч татваргүй гаргаж байна. Тухайлбал, ноолуурыг өнөөдөр урд хөрш рүү ямар ч татваргүй гаргадаг. Монголд хятадуудад ноолуураар бүтээгдэхүүн үйлдвэрлэхгүй учраас НӨАТ төлдөггүй. Гэтэл үндэсний үйлдвэрлэгчид 15 хувийн НӨАТ төлдөг. Ийм өрсөлдөөн дунд Монголд аж үйлдвэр хөгжих үү. УИХ 2008 оны намар 30.5 тэрбум төгрөгийг малчдаа дэмжиж байна гэдэг нэрийн дор олгосон. Нэг кг ноолуурт экспортын 4000 төгрөгийн татвар ногдуулдаг байсан гэж үзээд үндсэндээ хятад ченжүүдийн өмнөөс Монголын төр мөнгө гаргасан. Монголын төр хэнийг дэмжээд байна вэ. Хятадын үйлдвэрлэгчид ямар ч татваргүй, монголын үйлдвэрлэгчид 30 хувийн татвар төлдөг. Ийм хоёр үйлдвэрийг өрсөлдүүлчихээд, аж үйлдвэрийг хөгжүүлнэ гэж ярьж болох уу” гэлээ.
УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга П.Алтангэрэл “Биржийн тухай хуулиар экспорт, импортыг дэмжих, эс дэмжих тухай асуудлыг зохицуулах гэж байгаа юм биш. Малын гаралтай түүхий эдийг яаж стандартад оруулж, зохицуулалтад оруулж үнэ хүргэх вэ гэдэг л асуудал. Үндэсний үйлдвэрийг дэмжих тухай асуудлыг өөр хуулиар зохицуулна” гэсэн хариулт өглөө.
Хэлэлцүүлэг үргэлжилж байна.
Г.Дарь