Ажилгүйчүүдийн 63 хувийг залуус эзэлж байна

Хуучирсан мэдээ: 2015.04.13-нд нийтлэгдсэн

Ажилгүйчүүдийн 63 хувийг залуус эзэлж байна

-Сүүлийн таван жилийн дотроос 2012 оны гуравдугаар сард ажилгүй иргэдийн тоо 50 мянгад хүрсэн нь хамгийн өндөр үзүүлэлт байжээ-

Үндэсний статистикийн газраас өнөөдөр цаг үеийн мэдээлэл хүргэлээ. Өнгөрсөн сарын байдлаар инфляцийн төвшин 0.8 хувиар өсч, харьцангуй тогтворжжээ. Үүнд өргөн хэрэглээний барааны үнийн тогтворжилт нөлөөлсөн талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Өнөөдрийн хэвлэлийн бага хуралд тус хорооны Макро эдийн засгийн статистикийн газрын дарга Э.Эрдэнэсан, Хүн ам, нийгмийн статистикийн газрын дарга Д.Оюунчимэг, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Г.Гантөмөр нар оролцсон юм.

Мэдээллийг тоймлон хүргэе.


Гэмт хэргийн улмаас 300 гаруй хүн нас баржээ

Нялхсын эндэгдэл он гарсаар буурсан гэх мэдээллийг өглөө. Тухайлбал, өнгөрсөн онтой харьцуулахад нялхсын эндэгдэл 5.4 хувиар буурсан гэв. Харин халдварт өвчнөөр өвчлөгсөд 14.5 хувиар нэмэгдсэн байна. Өнгөрсөн сарын байдлаар гэмт хэргийн хэмжээ нэмэгджээ. Ялангуяа бусдын бие мах бодид гэмтэл учруулах, аж ахуйн эсрэг гэмт хэрэг өссөн байгаа юм. Гарсан хэргийн улмаас 3000 орчим хүн гэмтэж, 300 гаруй хүн нас барсан үзүүлэлттэй байна. Нас барсан хүний тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад 12.4 хувиар нэмэгджээ.

Чанаргүй зээл нэмэгдэв

Өнгөрсөн сарын хувьд банкны чанаргүй зээлийн хэмжээ 18.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Харин улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 6.7 хувиар өссөн байгаа юм. Манай улсын хувьд 108 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт эргэлт 1779.5 сая ам.долларт хүрчээ. Тодруулбал, экспорт 1077.7 сая ам.доллар, импорт 701.7 сая ам.доллар хүрсэн байна. Харин гадаад худалдааны тэнцэл өнгөрсөн оны энэ үед 9.3 сая ам.долларын алдагдалтай гарсан бол энэ оны эхний улиралд 376 сая ам.долларын ашигтай гарчээ.

Үйлдвэржилт өсчээ

Аж үйлдвэрийн салбарын үйлдвэржилт 12-40 хүртэлх хувиар өссөн байгаа юм. Үүнийг нарийвчилбал, талх, нарийн боов, металл бэлдэц, сүлжмэл, төмөр замын дэр мод, шар айраг, бялуу, цонх хаалга зэргийн үйлдвэрлэл өссөн нь харагдаж байна. Мөн барилгын салбар дахь дотоодын үйлдвэрлэгчдийн оролцоо 32 хувиар өсчээ. Харин төмөр зам болон агаарын тээврээр хүн тээвэрлэлтийн хэмжээ 8.4 хувиар буурсан юм. Төмөр замын тээврийн хувьд тээвэрлэлт 8.5 хувиар буурчээ. Харин агаарын тээврээр энэ оны эхний улиралд 127 мянган зорчигч тээвэрлэсэн нь өмнөх онтой харьцуулахад 16 хувиар буурсан байгаа юм.

33 мянган иргэн ажил хайж бүртгүүлжээ

Өнгөрсөн сарын байдлаар ажилгүй иргэн 33 мянга гаруй байна гэдгийг өнөөдрийн хуралд онцлов. Ажилгүй иргэдийн 63 хувь нь 15-34 насны залуучууд байгаа юм. Ажилгүйдлийн хэмжээ 33 мянга гэдэг нь дундаж үзүүлэлт гэнэ. Сүүлийн таван жилийн дотроос 2012 оны гуравдугаар сард ажилгүй иргэдийн тоо 50 мянгад хүрсэн нь хамгийн өндөр үзүүлэлт байжээ. Сүүлийн жилүүдэд ажилгүй иргэдийн тоо бага багаар буурч байгаа талаар статистикийнхан онцолсон юм.

1300 гаруй удаа аюулт үзэгдэл болжээ

Энэ оны эхний улиралд 1300 гаруй удаа байгалийн аюулт үзэгдэл болсон байна. Үүнээс үүдэн 29 хүн амиа алдаж, 1300 орчим мал хорогджээ. Мөн мал амьтны халдварт өвчний дэгдэлтийн улмаас 20.7 сая төгрөгийн хохирол учирсан байна. Харин объектын түймрээр 23 хүн, бичил уурхайн нурангины ослоор нэг хүн амь насаа алджээ.

Б.ЗАЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж