Монгол хариуцлагатай улс болох хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2015.04.13-нд нийтлэгдсэн

Монгол хариуцлагатай улс болох хэрэгтэй

Монгол Улсын үе үеийн Ерөнхийлөгч нараас бүрэн эрхийн хугацаанд хийсэн ажлаа УИХ-д тайлагнасан анхны төрийн тэргүүн Ц.Элбэгдорж болов. Тодруулбал, 2009 оны зургадугаар сарын 18-нд тангараг өргөж, Ерөнхийлөгчийн албанд томилогдсон үеэс өнөөдрийг хүртэл хийж хэрэгжүүлсэн зургаан жилийн ажил, мөн 2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль хүртэлх бүрэн эрхийн хүрээнд хийх ажил, зорилгоо тодорхойлсон нь шинэ үзэгдэл байлаа.

Монгол Улсын шинэ Үндсэн хуульд зааснаар Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд тааллаараа оролцох, хаалттай хуралдаан зарлаж үг хэлэх эрхтэй. Ажлын тайлангийн тухайд УИХ-д бичгээр ирүүлэх заалттай боловч, энэ удаад УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд биечлэн оролцож, тайлангаа сонсгон, гишүүдийн “шахалтаар” асуултад хариулсан нь Үндсэн хуульд заагаагүй шинэ нөхцлийг бий болгосон юм. Өөрөөр хэлбэл, УИХ жил бүр Ерөнхийлөгчийг ийн “байцааж” Үндсэн хуульд заагаагүй зүйл заалтаар шахсаар байх уу гэдэг асуулт ч ургаж буй. Гэхдээ энэ асуудлыг түр азнаад Монгол Улсын төрийн тэргүүний хэлсэн үгэнд ач холбогдол өгье.

“АВЛИГА АВСАНТАЙ НЬ ТЭМЦЬЕ”

Монгол Улсын төрийн тэргүүний авлигатай тэмцэх чиглэлээр хийх хоёр дахь давалгаа авлига өгсөнтэй нь бус авсантай тэмцэхэд чиглэх нь тодорхой боллоо. Өөрөөр хэлбэл, авлигатай хийх тэмцэл улам нарийсах нь. Ийм санаачлагыг иргэд Ерөнхийлөгчид хандан ирүүлжээ. Энэ бол зөв санаачлага. Харин улстөрчдийн хэлээд байгаачлан өнөөдөр хэрэгжиж байгаа “Авлига авсан, өгсөн хоёуланд нь хариуцлага тооцдог болохоор зарим хэрэг нохойн замаар л ордог. Тиймээс Ерөнхийлөгчийн хэлсэнчлэн авлига авсантай нь тэмцэх хуулийн өөрчлөлт рүү Монгол алхах нь энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхэд илүү үр дүн дагуулна. Нөгөөтэйгүүр, Ерөнхийлөгчийн тодорхойлсноор авлигатай тэмцэх чиглэлээр өнгөрсөн хугацаанд хийсэн ажлууд тодорхой үр дүнд хүрсэн нь "Транс прэнси" олон улсын байгууллагаас гаргасан авлигын индекс тодорхой харуулж байна. Монгол Улс авлигын үзүүлэлтээр дэлхийн улс орнуудаас 120-д жагсдаг байсан бол 40 байр урагшилж, 80 руу оржээ.

ЕРӨНХИЙЛӨГЧ БҮРЭН ЭРХИЙНХЭЭ ХҮРЭЭНД ХОРИГ ТАВИНА

Ардчиллын үнэт зүйлийн нэг нь хүн үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө. Гэвч сэтгүүлч алдаа гаргавал Гэмт хэргийн тухай хуулиар Эрүүгийн хариуцлагад татагдахаар төсөлд заасныг УИХ-ын төвшинд авч хаях хэрэгтэй гэсэн сануулгыг Ерөнхийлөгч өглөө. Хэрвээ УИХ дээрх хуулийн төслийг хэлэлцэх шатанд энэ заалтыг авахгүй бол бүрэн эрхийнхээ хүрээнд хориг тавина.

НҮБ-аас 2000 оны арванхоёрдугаар сарын 1-нд гаргасан тунхаглалд “Гишүүн орнууд үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний эрхийг үл хязгаарлах байдлыг хангахын тулд гүтгэлгийн эсрэг хуулиа нягталж, үүнийгээ олон улсын өмнө хүлээсэн үүрэгтээ нийцүүлэхийг сануулсан байдаг аж. Мөн 2011 оны гуравдугаар сард Нью Йорк хотноо болсон НҮБ-ын Хүний эрхийн хорооны 101 дэх хуралдаанаар Хүний эрхийн хорооноос Монгол Улсын Засгийн газрын Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактийн хэрэгжилтийн тухай ээлжит илтгэлийг хэлэлцээд, Монгол Улсын Засгийн газарт хандан нэр, алдар хүндэд халдсан хэргийг Эрүүгийн хуулиас хасахыг зөвлөсөн байдаг ажээ. Тиймээс сэтгүүлчийн олж авсан мэдээлэл нь батлагдаж нотлогдоогүй, Ээх сурвалжийнх нь мэдээлэл буруу тохиолдолд тайлбараа тавихыг Ерөнхийлөгч зөвлөж байна. Мөн сэтгүүлч бүр ажилдаа хариуцлагатай, ёс зүйтэй байж, сайн үйлсийн төлөө хамтарч, зөв зүйлийг хэрэгжүүлэхэд манлайлаад оролцдог шинэ цаг эрин рүү хөл тавих болсныг ч санууллаа.

ХУУЛЬ, ШУДАРГА ЁСЫГ БЭХЖҮҮЛЭХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛНЭ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээс хойш зургаан жил болж буй. Шүүх эрх мэдлийн шинэчлэлийн эхний үе шатыг хэрэгжүүлэхэд шийдвэрлэх үүрэгтэй нэр бүхий зургаан хуулийн төслийг 2011 онд өргөн барьсныг өмнөх парламент гурван сарын хугацаанд хэлэлцэн баталжээ. Ингэснээр шүүх байгууллага ил тод хяналттай, хариуцлагатай болох эхлэл тавигдсан байна. Мөн шүүхийн захиргаа, шүүн таслах үйл ажиллагаа хоёр шинэчлэлээр тусгаарлагдаж, шүүх байгууллагад ажиллаж байгаа шүүгчид дунд өрсөлдөөн бий болжээ. Шүүхийн шийдвэр ил тод хариуцлагатай болсон нь шүүхийн шинэлчлэлийн хүрээнд хийсэн ажлын үр дүн. Иргэн бүр өнөөдөр шүүхийн шийдвэр бүртэй танилцах боломж нээлттэй болоод байна. Хууль эрх зүйн хүрээнд хийгдэх ажлууд цаашид ч тасралтгүй үргэлжилнэ. Эцсийн зорилго нь албан тушаалтны засаглал биш хуулийн засаглал тогтооход оршиж байна.

ШИЛЭН ДАНСНЫ ХУУЛЬ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Шилэн дансны хууль хэрэгжиж эхэлснээр дөрөв дэх сартайгаа золгож байна. Яам, агентлаг, төрийн өмчит компаниуд, 21 аймгийн Засаг даргын Тамгын газар, цаашлаад 330 гаруй сум бүр Шилэн данс нээсэн. Сургууль, цэцэрлэг зэрэг төсвөөс санхүүжилт авдаг байгууллагууд ч таван сая төгрөгөөс дээшхи худалдан авалт, ажил үйлчилгээ энэ бүхнээ тайлагнаж байгаа юм. Харин Ерөнхийлөгч уг хуулийн хэрэгжилтийн үр дүнг “УИХ, Засгийн газрын гишүүн, аймгийн Засаг дарга нараас хэн нэг нь Шилэн дансны хууль зөрчсөн гэж албан тушаалаасаа чөлөөлөгдөх юм бол энэ хууль хэрэгжиж эхэлсний үр дүн гарч байна” гэж үзнэ гэдгээ онцоллоо.

ТАВАНТОЛГОЙГ ЯАРАЛТАЙ УИХ-ААР ШИЙДВЭРЛЭХ ЁСТОЙ

Хаврын чуулган эхэлсэн өдрөөс Тавантолгойн асуудал маргаан дагуулж Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүдийн байр суурь энэ асуудалд нэгдмэл байж чадаж байгаа юу гэх асуулт хариулт нэхэж байлаа. Энэ асуудалд Ерөнхийлөгч “Нэгэнтээ УИХ-аар асуудлыг хэлэлцье гэсэн болохоор УИХ яаралтай шийдээд явах ёстой. Ер нь бол Хөрөнгө оруулалтын хуулиар хэдэн төрлийн татвараа яаж тогтворжуулах юм бэ гэдэг асуудлаа Засгийн газар хуулийн дагуу шийдэхэд л энэ асуудал бүрэн явах боломжтой. Бид асуудлаа шийдчихээд өмнө нь хууль гаргаагүй юм шиг, ийм бүтэц байхгүй юм шиг харах хэрэггүй. Ер нь муухай хэрүүл, талцал, сүйтгэл рүү бид явж ормооргүй байгаа юм. Монголчуудын хоорондоо талцаж, хэрэлдэж байгаа байдал бол Монголыг мохоох гэсэн тэр хэсгийнхний хувьд хүчилтөрөгч. Ийм юмыг бид бага гаргаж нийлж, нэгдэж, хамтарч ажиллах хэрэгтэй гэсэн бодолтой байгаа. Та бүхэнд ганц жишээ хэлэхэд, 39 сая тонн нүүрсийг жилдээ төмөр замаар зөөнө гэж бодоход өдөртөө 1400 вагон ачина. Өдөртөө 1400 тэвш нүүрс явж байж 39 саяд арай гэж хүрч байгаа. Та нар суугаад 1400 тэвш зурах гээд оролд. Залхуу чинь хүрнэ. Энэ бол зураг эвлүүлэхээс шал өөр асуудал. Тийм учраас энд хөрөнгө оруулалт хийнэ, бүтээн байгуулалт хийнэ гэдэг бол үнэхээр чухал асуудал. Тэгэхээр түвшин түвшиндээ, хуулийнхаа хүрээнд л асуудлаа шийдсэн нь зөв болов уу гэж бодож байна” гэсэн юм.

"ДАВХАР ДЭЭЛ ТАЙЛАХ ТӨСЛИЙГ ДАХИН МЭДҮҮЛНЭ"

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний албыг давхар хашдаггүй байх хуулийн төслийг дахин УИХ-д мэдүүлэхээ энэ үеэр онцоллоо. Өмнө нь УИХ-аар “Давхар дээл”-ийг тайлах хуулийн төслийг өргөн мэдүүлсэн ч хэрэгжих хугацаан дээр нь маргаан үүссэнээр УИХ төслийг хүлээж аваагүй юм. Ерөнхийлөгчийн зүгээс хуулийн төсөл батлагдсан нөхцөлд хэрэгжих хугацаа нь 2016 оны УИХ-ын сонгуулийн дараагаас байхаар заасан бол УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд “Хууль батлагдсан өдрөөс хэрэгжих ёстой” гэсэн байр суурь барьж, эцэстээ УИХ хуулийн төслийг хүлээн авах боломжгүй гэх шийдвэр гарч байлаа. Бараг батлах шатандаа буюу эцсийн хэлэлцүүлэг дээрээ хуулийн төсөл унаж, буцсан тохиолдол парламентын түүхэнд байгаагүйг тухайн үед УИХ-ын дарга онцолсон удаатай. Тэгвэл Ерөнхийлөгч энэ хуулиа дахин мэдүүлэх болж байна.

Мөн монголчуудын эв нэгдэл нь нэг нэгнээ дэмжих дэмжлэг, шударга ёс, хариуцлагатай байдал дээр тогтоно. Монгол Улс ардчилсан гэх имижээр 20 гаруй жил “гоёсон”, одоо шинэ төрх шинэ имиж бий болгох ёстойг санууллаа. Энэ нь хариуцлагатай, хамтач нийтэч байх имиж юм.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж