Куала-Лумпур
Малайзын Куала-Лумпур хотын захын Таман Малури дахь орон сууцны барилгын зургаан давхраас 29 настай монгол эмэгтэй унаж амиа алдсан талаар thestar.com сайт мэдээлжээ. Малайзын цагдаа нар энэ хэрэгт холбогдуулан түүний өрөөний хамтрагчид болох 23-32 насны гурван хүнийг саатуулсан байна. Гэвч тэд англи эсвэл Малайзын хэлийг мэдэхгүй тул мэдүүлэг авахад хүндрэл учирч байгаа ажээ. Одоогоор тэднийг аль улсын иргэд байсныг хараахан мэдээлээгүй байна.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар нэг өрөөнд амьдарч байсан гурван хүн нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Малайзад жуулчны визээр ирсэн байсан аж. Харин нас барсан бүсгүй их сургуульд суралцахаар оюутны визтэй Малайзад очсон байжээ. Малайзын тал энэ хэрэгт элчин сайдын яамдуудтай холбогдон, ажиллаж байгааг мэдээлсэн байна.
Малайзын цагдаагийн газраас мэдээлснээр оршин суугчид хашгирах дуу сонсоод өчигдөр /IV.12/ 11:00 цагийн үед дуудлага өгсөн гэнэ. Цагдаа нарыг очиход тэдний өрөөнд шар айрагны лааз хаа сайгүй хөглөрсөн, шилэн ширээн дээр аяга таваг хагарсан байдалтай байжээ.
Энэ талаар бид Гадаад хэргийн яамны Консулын газрын дарга Б.Болдоос тодрууллаа. Тэрбээр дээрх мэдээллийн талаар "Ийм хэрэг гарсан тухай мэдээллийг албан бусаар сонслоо. Албан ёсоор бол бидэнд мэдэгдсэн зүйл одоогоор алга байна. Бид Бангкок дахв ЭСЯ болон Малайз дахь Өргөмжит консулын газраар дамжуулан хэргийн талаарх мэдээллийг авахаар холбогдож байна. Монгол иргэн мөн эсэхийг тодруулахаар ажиллаж байна" гэлээ
Б.АНХТУЯА
Эх сурвалж: www.thestar.com