Ливийн нийслэл Триполи хотноо орших Өмнөд Солонгосын элчин сайдын байр руу зэвсэгт этгээдүүд гал нээснээс хоёр хамгаалагч амь үрэгджээ. Триполи дахь Өмнөд Солонгосын элчин рүү зэвсэгт этгээдүүд автомашин дотроос гал нээж, хоёр хамгаалагчийг хөнөөн, өөр нэг хүнийг шархтуулан зугтсан аж. Халдлага гарах үед Ливийн Триполи дахь Өмнөд Солонгосын элчингийн байранд дипломат албаны хоёр, захиргааны нэг ажилтан байсан нь гэмтэж бэртээгүй гэдгийг Сөүлийн албаныхан мэдээлжээ. Өмнөд Солонгос нь Ливи дэх элчин сайдын яамаа хаагаагүй цөөн орнуудын нэг юм.
Халдлагыг “Исламын улс” бүлэглэлд үнэнчийн тангараг өргөсөн зэвсэгт этгээдүүд үйлдсэн болохоо хүлээсэн байна. Эдгээр зэвсэгт этгээдүүд Ливи дэх гадаадын иргэдэд халдлах нь элбэг байдаг аж. Өмнө нь тэд Триполи дахь Египет, Алжирийн элчингийн эзгүй байрууд руу халдаж байжээ. Ливид үүссэн зөрчил мөргөлдөөний улмаас олон улс диплмат ажилчдаа эргүүлэн татаж, элчин сайдын яамдаа хаагаад буй.
Ливийн удирдагч, хурандаа Муаммар Каддафийг унагааснаас хойш тус улсад тогтвортой байдал эргэн тогтолгүй, улс төрийн хоёр хүчний дунд зөрчил, мөргөлдөөн үргэлжилсээр байна.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: Reuters