Умард Солонгосын удирдагч Ким Чин Ир болон түүний хүү хоёрын зургийг Өмнөд Солонгосын цэргүүд хээрийн сургууль болоод бэлтгэлийн үеэр бай болгон ашигладаг. Харин одоо үүнийгээ боль хэмээн тушаана гэдгээ тус улсын Батлан хамгаалахын яам мэдэгдэв. Үүний оронд стандарт байг хэрэглэж байх зааварчилгаа өгөх гэнэ.
Орон нутгийн хэд хэдэн хэвлэх үйлдвэр Умард Солонгосын удирдагчид болох эцэг хүү Кимийн зургийг буудлагын бай хийх зорилгоор их олон хувь хэвлэдэг гэнэ. Батлан хамгаалахын яамны дээрх шийдвэр ямар учраас гарсныг тайлбарласангүй. Хойд Солонгост бол удирдагчдын зурагт хүндэтгэлгүй хандах нь онц ноцтой гэмт хэрэг билээ. 2007 онд үерийн үеэр Ким Чин Ирийн зургийг усанд урсгахгүй хэмээн зүтгэсэн эцэг эх хүүхдүүдээ аврахын оронд зураг “аварсан” тухай хэвлэлээр дуулиан болж байсан юм.