Арван таван он гарсаар долларын ханш зогсолтгүй өсч байгаа. Ойрын өдрүүдэд долларын ханш харьцангуй тогтвортой байгаа юм. Гуравдугаар сарын сүүлээр 2000 төгрөгт хүрсэн долларын ханш найман төгрөгөөр буурч дунджаар 1992 төгрөгтэй тэнцлээ. Хар зах буюу “Найман шарга” дээр долларыг 1987 төгрөгөөр зарж байгаа бол арилжааны банкууд 1991-1992 төгрөгөөр зарж байна.
Хэдийгээр долларын ханш 1992 төгрөгтэй тэнцэж буй ч инфляци нам төвшинд байгаа. Тухайлбал, улсын хэмжээгээр инфляци өнөөдөр 9 хувьтай байна. Долларын ханшийг тогтворжуулахын тулд мөнгөний бодлогыг чангаруулах ёстой гэж зарим эдийн засагчид зөвлөх нь бий. Харин энэ арга хэмжээ эдийн засагт урт удаандаа эрсдэл дагуулдгийг ч банкны мэргэжилтнүүд тайлбарладаг. Юутай ч Монголбанкны мөнгөний бодлогын зөвлөл өнгөрсөн баасан гаригт ээлжит хуралдаанаа хийж, бодлогын хүүг хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн байна. Бодлогын хүү өнөөдөр 13 хувьтай байгаа юм. Бодлогын хүүг хэвээр үлдээсэн шийдвэрээ инфляцийн төсөөлөл, эдийн засгийн өнөөгийн болон ойрын төлөв байдал, хүлээгдэж буй гүйцэтгэлийг тал бүрээс нь үнэлж, харгалзан үзсэн гэж Мөнгөний бодлогын зөвлөлийн гишүүд тайлбарласан.
Инфляцийн бүтцэд сүүлийн хоёр жилийн турш суурь өөрчлөлт гарч, иргэдийн хэрэглээний гол бүтээгдэхүүн болох мах, шатахуун, гурилын үнийн өсөлт нам, тогтвортой төвшинд байгаа нь инфляци үргэлжлэн буурч нэг оронтой тоонд ороход чухал нөлөөтэй байсан аж. Энэ бол Монголбанк, Засгийн газраас гурван жилийн хугацаатай хэрэгжүүлсэн Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн үр дүн гэж хэлж болно.
Монгол Улсын хувьд, экспорт, импорт адилхан агшиж байгаа. Тодруулбал, энэ нь сарын дундаж импортын хэмжээ 230 гаруй сая ам.доллар болж, жилийн өмнөх үеэс даруй 100 сая ам.доллараар агшсан гэсэн үзүүлэлт болж байна.
Тэгвэл нүүрсний экпортын орлого өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1.7 хувиар буурсан үзүүлэлт байгаа юм.
Дотогшлох долларын урсгалыг сэргээх Засгийн газарт ямар боломж байгаа вэ?
Нэгдүгээрт, хоёр толгойн түгжээг мултлах. Тавантолгойн гэрээг зурснаар Монголын эдийн засагт ойрын хугацаанд гарч ирэх санхүүгийн шууд үр дүн нь 650 сая ам.доллартай тэнцэнэ. Тухайлбал, урдчилгаа төлбөр 200 сая ам.доллар, төмөр замын бүтээн байгуулалтад Монгол Улсын Засгийн газраас гаргасан хөрөнгийн эргэн төлөлт ойролцоогоор 280 сая ам. доллар, тэр нь эргээд эдийн засагт зээлийн эх үүсвэр болно. Чалко компанид төлөх байсан 142 сая ам. долларын хүндрэлээс Монгол Улс чөлөөлөгдөж байгаа аж. Эрдэнэс Тавантолгой компанийн хөрөнгийг мөн үнэлж Консорциумд өгнө. Мөн Улсын төсөвт аливаа нэмэлт ачаалал үүсгэхгүйгээр, төслийн үйл ажиллагааны анхны өдрөөс эхлэн улс, орон нутгийн төсөвт хуулийн дагуу орлого оруулж эхлэх бөгөөд тодруулбал, холбогдох татвар, хураамж, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, Цанхийн талбайд уурхайн үйл ажиллагаа явуулсаны төлбөр зэрэгт жил бүр 360 орчим тэрбум төгрөг төвлөрөхөөр байна. Төслийн санхүүгийн шууд бус үр дүн буюу үржүүлэгч нөлөөг барагцаалбал, ойрын гурван жилд манай ДНБ-ийг 10-аас доошгүй хувиар тэлэхээр байгаа гэнэ. Төсөл бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлснээс хойш жил бүр Монголд дунджаар 700 сая ам. доллараас нэг тэрбум хүртэл ам. долларын үйл ажиллагааны зардал гаргах бөгөөд үүний үлэмж хэсэг нь дотоодын эдийн засагт шингэх бололцоотой юм байна.
Тэгвэл Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтад шаардагдах дөрвөн тэрбум доллар хөрөнгө оруулалт орж ирэхээр төлөвлөгдөөд байгаа.
Хоёрдугаарт, Өрийн удирдлагын хуулиар эдийн засаг хоёр тэрбум долларын боломж үүссэн. Өрийн удирдлагын хуулиар Шийдлийн Засгийн газрын гадаад зээллэгийн боломж 600 сая доллараар нэмэгдсэн билээ. Мөн ЗГҮЦ-ыг худалдан авсан банкууд 1.4 тэрбум ам.доллартай тэнцэх гадаад валютын эх үүсвэр татах боломжтой болсон.
Гуравдугаарт, Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг баталснаар дотоодоосоо 7-8 их наядыг босгож чадна гэж МҮХАҮТ-ын дарга Б.Лхагважав хэлдэг. Монголын сүүдрийн эдийн засагт ДНБ-ийн 34 орчим хувьтай тэнцэх мөнгө эргэлдэж байгаа гэсэн судалгааг ТЕГ-аас гаргажээ.
Б.ХОНГОР