Шакил О’Нил зодог тайллаа

Хуучирсан мэдээ: 2011.06.02-нд нийтлэгдсэн

Шакил О’Нил зодог тайллаа

Сагсан бөмбөгийн дэлхийн хамгийн хүчирхэг лигтэй бараг 20 жил амьдралаа холбосон Шакил О’Нил зодог тайлж буйгаа албан ёсоор мэдэгдлээ. Өдгөө 39 настай ахмад сагсан бөмбөгч Twitter хуудсандаа видео бичлэг нийтэлж, их спортоо орхих шийдвэр гаргаснаа албан ёсоор зарласан байна. Тэрбээр “Бид үүнийг хийсэн. Хонгор минь, 19 жил шүү. Би та бүхэнд маш их талархаж байна. Тийм ч учраас хамгийн түрүүнд та нартаа дуулгаж байна. Хайртай шүү” хэмээжээ. Харин түүний харьяалагдаж буй “Бостон Селтикс” багийн хэвлэлийн төлөөлөгч энэ талаар ямар ч мэдээлэлгүй байсан гэдгээ “хүлээн зөвшөөрчээ.”

Авьяаслаг, том биетэй, бас ч дэггүй, сахилгагүй тоглогчдын нэг О’Нил замналынхаа сүүлийн жилүүдийг “Финикс Санс”, “Кливлэнд Кавальерс”, “Бостон Селтикс” багт өнгөрүүлэхдээ цөөнгүй удаа бэртэж, гэмтсэн. Энэ улиралд гэхэд л тэрбээр 37-хон тоглолтод оролцсон. Түүнчлэн хоёрдугаар сарын 1-нээс хойш гуравхан удаа талбайд гарсан нь түүний шийдвэрт нөлөөлсөн бололтой. Уг нь Шак “Бостон Селтикс”-тэй хоёр жилийн хугацаатай гэрээ байгуулсан юм.

NBA-ын сагсан бөмбөгийн талбайд 19 жилийг үдэхдээ О’Нил зургаан өөр багт хүчин зүтгэж байсан, “Орландо Мэжик”, “ЛА Лейкерс”, “Майами Хит”, “Кливлэнд” бөгөөд “Бостон.” Энэ хугацаанд тэрбээр дөрвөн удаа түрүүлэхдээ гурван удаад нь “Лейкерс”-ийн бүрэлдэхүүнд, харин хамгийн сүүлд “Майами”-тай хамт аваргын тавцанд гарсан. Мөн 2000 онд лигийн үнэ цэнэтэй тоглогчийн шагнал хүртэж байснаас гадна гурван удаа NBA-ын финалын цувралын үнэ цэнэтэй тоглогчоор тодорч байв. О’Нил карьерынхаа туршид нийт 28596 оноо авсан үзүүлэлтээр NBA-ын бүх цаг үеийн онооны лидерүүдийн жагсаалтын тавдугаарт эрэмбэлэгдэж байна.

NBA-ээс гадна Шакил О’Нил 1996 онд АНУ-ын шигшээ багийн хамт Атлантагийн олимпод түрүүлж байсан юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж