ОХУ-ын Ерөнхийлөгч Д.А.Медведевийн урилгаар тус улсад айлчилж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-ын Холбооны хурлын Холбооны зөвлөлийн даргын үүрэг гүйцэтгэгч А.П.Торшинтай уулзлаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, энэхүү айлчлал чухал ойн жилүүд давхцаж байгаа жилд болж байгаагаараа онцлог болохыг дурдаад найрсаг дотноор хүлээн авч байгаад талархлаа илэрхийллээ.
“Монгол орос хоёр улсын харилцаа бол онцгой юм. Манай улсын хөгжил цэцэглэлт, тайван амьдралын төлөө оросын цэргүүд амиа өгснийг манай ард түмэн мартаагүй. Бүтээн байгуулалт, хөгжил дэвшлийн үед ч бидэнд оросын ард түмэн олон талаар тусалж, хамтран ажиллаж ирсэн. Монголоос, орос улсад чухал хэрэгцээтэй олон мэргэжлээр боловсон хүчин бэлтгэж байсны үр дүн одоо ч гарсаар байгаа. Өнөөдөр манай улсад 40 –өөс дээш насны хүмүүсийн бараг 70 орчим хувь нь орос хэлээр ярьж байна. Бид сансарт ч, далайн гүнд ч хамт байсан. Бидний энэ онцгой харилцаа шинэ хандлагаар хөгжиж байгаад би талархалтай байдаг.
Бүс нутгийн болон хил орчмын харилцаа хамтын ажиллагаа бидний хувьд чухал юм. Манай хоёор орны худалдаа эргэлтийн 70 гаруй хувь нь бүс нутгийн хүрээнд хийгдэж байна. Бид орон нутгуудын, хөрш зэргэлдээ бүс нутагтай харилцах хүсэл эрмэлзлий нь дэмжиж байдаг. Энэ талаар хамтарсан төлөвлөгөө боловсруулж, амжилттай хэрэгжүүлэхэд Таныг дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэж байна.
Хүмүүнлэг, боловсрол, соёл урлагийн салбарын харилцаа амжилттай эрчимжиж байна. Холбооны хурлын Холбооны зөвлөлөөс зохион байгуулдаг Байгалийн эдийн засгийн форумд монголын талаас жил бүр оролцсоор ирлээ. Энэ жил ч мөн Монголын төлөөлөгчид оролцох болно.
Хоёр орны харилцаа хамтын ажиллагаа олон салбарт хөгжиж байгаагийн дотор парламент хоорондын харилцаа чухалд тооцогддог. Парламентын төлөөлөгчид тогтмол харилцан айлчилж байна. Энэ жил Улаанбаатар хотод зохиогдсон Ази-Номхон далайн олон улсын Парламентын чуулганд ОХУ-ын Холбооны хурлын дарга оролцсонд талархаж байна” хэмээн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ярилаа.
ОХУ-ын Холбооны хурлын Холбооны зөвлөлийн даргын үүрэг гүйцэтгэгч А.П.Торшин , Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлал амжилттай болж байгаад баяр хүргэлээ.
“Бидний хувьд Монгол Улсаас илүү ойр дотно хөрш байхгүй. Эрхэм Ерөнхийлөгч Та манай хоёр ард түмэн сансарт ч, далайн гүнд ч хамт гэж сайхан үг хэллээ. Таны айлчлал хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 90 жилийн ойн жил хийгдэж байгаа нь санамсаргүй хэрэг биш юм. Энэ айлчлал, манай хоёр орны харилцаа хамтын ажиллагааг бүх талаараа шинэ утга агуулгаар баяжуулсан айлчлал болно гэдэгт би эргэлзэхгүй байна.
Би өдөр бүр ийм эрч хүчтэй, залуу, чадварлаг удирдагчтай уулзаад байдаггүй. Таны хийж хэрэгжүүлж байгаа бодлого үйл ажиллагаа Монгол Улсын хөгжил цэцэглэлтэд онцгой үүрэг гүйцэтгэнэ гэдэгт би итгэж байна. Украинчууд Танаар төдийгүй Таны гэргийгээр их бахархаж байсныг би сонссон.
Айлчлалынхаа хүрээнд Орос орны төдийгүй дэлхийн соёлын өвийн судалгаа, цуглуулгын төв болсон Санкт Петербург, мөн Халимаг улсын Элстэй хотуудад мөн айлчилж байгаа нь санамсаргүй хэрэг биш гэж би ойлгож байгаа” гэж тэрээр ярив.
Уулзалтад оролцогчид хоёр талын харилцаа хамтын ажиллагааг сайжруулах талаар санал солилцсон. Ялангуяа дэд бүтэц, тээвэр, батлан хамгаалах салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр харилцан ярилцлаа.