Ерөнхийлөгч Төрийн Думын даргатай уулзлаа

Хуучирсан мэдээ: 2011.06.02-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч Төрийн Думын даргатай уулзлаа

Оросын Холбооны Улсад айлчилж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж албан ёсны уулзалтуудаа амжилттай үргэлжлүүлж байна. Ерөнхийлөгч, ОХУ-ын Холбооны хурлын Төрийн Думын дарга Б.В.Грызловтой уулзлаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, уламжлалт найрсаг харилцаатай Орос орон элэгсэг дотно хүлээн авч байгаад талархлаа илэрхийллээ. Ноён Б.В.Грызлов, Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлал амжилттай болж байгаад баяр хүргэв.

“Манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа  өндөр түвшинд хүрсэн гэдгийг тэмдэглэн хэлмээр байна. Орос монголын Парламент хоорондын хамтын ажиллагаа мөн өндөр түвшинд хүрч байна. Парламентууд байнгын хэлхээ холбоотой ажиллаж, парламент дахь бүлгэмүүдийн санаачилгаар ажлууд эрчимтэй  явагддаг. Энэ жил манай улсын Төрийн Думын төлөөлөгчид МУ-д зочлохоор төлөвлөж байгаа. Худалдаа эдийн засгийн хувьд, өнгөрсөн оны байдлаар хоёр орны бараа эргэлт 1.2 тэрбум долларт хүрээд байна. Энэ түвшинд хүрсэн нь дэд бүтцийн чухал төслүүдэд эерэгээр нөлөөлөх нь дамжиггүй. Тухайлбал , төмөр замын шинэ төслүүдийг би энд онцолж хэлмээр байна.

Монгол хүмүүс орос хэл судлах хүсэл эрмэлзэл өсч байгаа гэж бид харж байна. Өнөөдөр  орос оронд  1200 монгол оюутан сурч байна. Энэ тоог улам бүр нэмэгдүүлэхийн төлөө манай улсын Засгийн газар ч, танай улсын хүүхэд залуучууд ч хичээн чармайх нь дамжиггүй юм” гэлээ.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, бидний уламжлалт найрсаг харилцаа стратегийн түншлэлийн түвшинд хүрч хөгжиж байгаад онцлон хэлмээр байна. Монгол-оросын харилцаа олон зууны түүхтэй, баялаг уламжлалтай билээ. 2011 он бидний хувьд түүхт ойн жилүүдээр баялаг жил болж байна. Шинэ цаг үе шинэ нөхцөл байдал бидний өмнө эдийн засгийн шинэ асуудлуудыг шийдвэрлэхийг шаардаж байна. 

Хэдийгээр худалдаа эргэлтийн хэмжээ хэдэн жилийн турш хадгалагдаж байгаа боловч, монголын талын хувьд энэ нь , тэнцвэргүй байсаар байгаа. Монгол-Оросын чөлөөт худалдааны хэлэлцээрт хүрэх боломжуудыг судлах ажлыг эхлээд байна. Бүс нутгийн хамтын ажиллагаа бол манай хоёр орны харилцааны чухал хэсэг юм. 2011-2012 онуудад бүс нутгийн хөгжил, хамтын ажиллагааны төлөвлөгөө батлагдсан. Энэ төлөвлөгөө хэрэгжих нь хоёр орны ард түмний хүсэл сонирхолд нийцэх юм. Бүс нутгийн хамтын ажиллагааны боломжуудыг ашигласнаар экспортыг нэмэгдүүлж, монголын бараа бүтээгдэхүүн оросын зах зээлд гарах боломж нэмэгдэх юм” гэлээ.

Эдгээр яригдаж байгаа асуудлууд амжилттай хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа хоёр тал харилцан илэрхийллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж