Монголын Үндэсний Боловсрол суваг телевизээс бэлтгэн хүргэж байгаа “Кино код” шоу нэвтрүүлэг ард түмний сонголтоор түүхэн жанрын кино хийхээр болсон билээ. Харин өнгөрөгч ням гаригт сэдэвээ сонголоо. Сэдэв сонголтонд 25363 хүн оролцсоноос нийт саналын 44,4 хувь буюу 11274 хүний саналаар “Манжийн дарлалын эсрэг тэмцэгч-шилийн сайн эрсийн” тухай кино хийхээр боллоо.
“Кино код” шоу нэвтрүүлгийн кино зохиолчийн шалгаруулалтад оролцохоор бүртгүүлэгсэд кино зохиолын синопсис буюу кино зохиолын төлөвлөгөөг хэрхэн боловсруулах талаар туршлагатай мэргэжилтнүүдээс номын дуу сонслоо. Бичгийн цаасны хоёр нүүрт багтаан өөрийн зохиолын гол санаа, үйл явдлын шугам, өрнөл-төгсгөлийг илэрхийлэхийг синопсис гэдэг ажээ. Өдөрт хэдэн зуун кино зохиол хүлээн авдаг Холливүүдийн продюсерүүд бүтэн кино зохиол уншихын оронд эхний ээлжинд синопсистой танилцдаг. Хэрэв тухайн зохиолчийн синопсис продюсерийн сонирхлыг татвал кино зохиолын хураангуй эхийг үздэг байна. Энэ арга өдгөө дэлхийн кино үйлдвэрлэлд нэгэнт нэвтрээд өөрийн гэсэн загвартай болжээ.
Энэ талаар “Кино код” төслийн зөвлөх, кино найруулагч Р.Батсайхан, кино найруулагч Б.Нагнайдорж, “Боролдой” студийн захирал, найруулагч С.Мягмар нар шоуны оролцогчдод сургалт хийсэн юм. Б.Нагнайдорж, С.Мягмар нар хэдэн жилийн өмнө хамтран “Кино зохиол бичих нууц” номыг орос хэлээс орчуулан гаргаж байсан билээ. Тэр нимгэн номоос Монголын кино зохиолчид Холливүүдийн бүтээл яагаад үзэгчдийн сонирхол татдгийн нууцыг тайлж байлаа. Зохиолч нарт хэдий алт шиг санаа байлаа ч синопсисоо ном журмын дагуу цэгцтэй бичихгүй бол дэлгэцийн бүтээл болж амилах боломжгүй юм.
Кино зохиолчийн ангилалд өрсөлдөж буй зохиолч нарын синопсисыг энэ Баасан гариг хүртэл хүлээн авах ажээ.