Японы Ерөнхий сайд Наото Кан сөрөг хүчний намаас тавьсан огцрох шаардлагыг хүлээн авсангүй. Тус улсын парламентын сөрөг хүчнийхэн Засгийн газрын тэргүүнийг Фүкүшима АЦС-ын цацраг идэвхт бодисын алдагдлыг арилгахад дорвитой арга хэмжээ аваагүй гэж шүүмжилж байгаа юм. Хэрэв Ерөнхий сайд Наото Канд парламент итгэл хүлээлгэхээ боливол албан тушаалаас нь огцруулж, дахин сонгууль явуулах ажээ. Сэтгүүлчдийн мэдээлснээр түүний сонгогдсон ардчилсан намын зарим гишүүд ч Засгийн газрын тэргүүний явуулж буй бодлогыг эсэргүүцсэн байна.
Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх эсэх асуудлыг сөрөг хүчний Либерал ардчилсан намаас гаргасан. Тэд Засгийн газрын тэргүүнээ Фүкүшимагийн гамшгаас үүдэлтэй хямралыг арилгаж, сэргээн босголтыг зөв удирдан чиглүүлж чадаагүй гэж үзэж байгаа юм. Сөрөг хүчнийхний энэ шаардлага АЦС-ын цацраг идэвхт бодисын алдагдлын хэмжээг тодорхойлсон НҮБ-ын цөмийн аюулгүй байдлын шинжээчид Япон улсыг цөмийн аюулыг дутуу үнэлсэн гэсэн дүгнэлт хийсний дараа гарсан юм. Гэсэн хэдий ч цацраг идэвхт бодисын аюулыг бүрэн арилгахаас нааш цалингүй ажиллах болно гэж мэдэгдэж байсан Японы Ерөнхий сайд Наото Кан огцрохоос татгалзсан байна.
Н.Энх