“Табита-г хэвшүүлье”

Хуучирсан мэдээ: 2015.04.10-нд нийтлэгдсэн

“Табита-г хэвшүүлье”

“Та эхлээд явна уу, дараа нь Би явъя, тэгээд Та яв гэх дараалал буюу Табита төслийг санаачлалч нийслэлийн иргэн Л.Лханнарантай ярилцлаа.

-Эхлээд Табита төслийн талаар мэдээлэл өгнө үү?

-Табита бол талархлаас үүдэлтэй томъёолол юм. Хүн болгон л замын зорчих хэсэгт нэгэндээ зам тавиад өгөхөд баярладаг шүү дээ. Тэр үедээ төрж байгаа талархлаас үүдэлтэйгээр  энэхүү үгийг хэлэхэд тохиромжтой байх боло уу гэж энэхүү нэршлийг гаргаж ирсэн юм. Өөрөөр хэлбэл замын хөдөлгөөнд оролцохдоо нэгнээ хүндэтгэж, жолооч, зорчигчдод нийтийн соёлыг хэвшүүлэх зорилготойгоор энэхүү санаагаа багагүй хугацаанд зөвлөлдөж байсан хэрэгжүүлэхээр болсон.

-Нийслэлийн Засаг дарга таны санаачлагыг дэмжиж байгаа гэсэн.

-Тийм ээ. Өнгөрсөн 2014 оны дөрөвдүгээр сараас энэ санаагаа ажил хэрэг болгохоор шийдэж Нийслэлийн иргэдийг хүлээн авах төвд хүсэлт гаргасан юм. Хотын дарга Э.Бат-Үүл энэхүү саналыг маань дэмжиж надтай уулзсан. Тэгээд Улаанбаатар хотын замын цагдаа, Замын хөдөлгөөний удирдлагын төв, Нийтийн тээврийн газар гээд газруудтай холбож өгсөн. Тус байгуулагууд ч энэхүү санаачлалгыг минь дэмжиж байгаа.

-Одоо Табита-г иргэдийн дунд хэрэгжүүлж эхлэхийн тулд ямар ажлууд хийхээр төлөвлөөд байна вэ?

-Яг одоогийн байдлаар хэд хэдэн байгууллагад хүсэлт гаргахаар төлөвлөөд байна. Тодруулбал, үүрэн телефоны операторуудад Табита-г дэмжсэн, богинохон томъёолол бүхий уриалгыг мэссэжээр иргэдэд хүргэхийг хүсэх юм. Мөн томоохон байгууллагуудад хүсэлт гаргаад, хувийн болоод хувьсгалын автомашинууддаа Табита гэсэн лого бүхий стикерийг автомашины салхины шилэнд наалгахаар төлөвлөж байна. Мөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ талаараа иргэдэд дэлгэрэнгүй мэдээлэх нь их чухал байна. Энэхүү ажилд нийслэлийн Засаг даргын тамгын газраас туслаж байгаа.

Одоогийн байдлаар “Табита хамтдаа” төрийн бус байгууллагыг байгуулан бүртгүүлэхээр зорьж, цаашдаа “Өнөөдөр та нэг хүнд зам тавьж өгвөл, маргааш танд хүн бүр зам тавьж өгдөг болно” гэсэн уриатай ажлаа эхлүүлээд байна. Мөн фэйсбүүк хуудас нээн ажиллуулж хүмүүсийн санал санаачилгыг бас сонсож байна.  

/www.facebook.com/TabitaHamtdaa

– Жолооч нар энэхүү санаачлалгыг хир дэмжиж, өдөр тутамдаа дэвшүүлэх бол?

-Энэхүү санаачлага маань эхнээсээ хэрэгжиж эхэлсэн. Гэхдээ бүхий л жолооч нар Табита хэрэгжүүлж хэвшүүлэхэд багагүй хугацаа хэрэгтэй болов уу. Хэрэв бүгд амьдралдаа хэвшүүлээд эхэлчихвэл автозамын осол гэмтэл багагүй хэмжээгээр буурч, жолоочид ямар нэгэн стресс уур бухимдалгүй хөдөлгөөнд оролцоно шүү дээ.

Д.ЖАРГАЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж