Гурван улсын дэд сайд нартай уулзлаа

Хуучирсан мэдээ: 2015.04.10-нд нийтлэгдсэн

Гурван улсын дэд сайд нартай уулзлаа

Монгол Улс, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын төмөр замын тээврийн хамтын ажиллагааны асуудлаарх зам, тээврийн дэд сайд нарын түвшний хоёр дахь удаагийн гурван талт зөвлөгөөн өчигдөр Улаанбаатар хотноо эхэлсэн. Төмөр замын тээврийн салбар дахь гурван талын хамтын ажиллагаа, гурван улсыг дамнасан төмөр замын тээврийг хөгжүүлэх, түүний дотор Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх төмөр замын тээврийг нэмэгдүүлэх асуудлаар ийм гурван талт анхдугаар зөвлөгөөнийг Монгол Улсын Засгийн газар, Зам, тээврийн яам санаачлан 2013 оны 12 дугаар сард мөн Улаанбаатар хотноо зохион байгуулж, хамтран ажиллах тухай хамтарсан мэдэгдэл гаргаж байсан билээ.

Энэ удаагийн зөвлөгөөнд монголын талаас Зам, тээврийн дэд сайд Х.Ержан, оросын талаас ОХУ-ын төмөр замын тээврийн салбарын асуудал хариуцсан Тээврийн орлогч сайд А.С.Цыденов, хятадын талаас БНХАУ-ын Улсын төмөр замын газрын орлогч дарга Фу Шуани тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.

Зөвлөгөөний хоёр дахь өдөр буюу өнөөдөр Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн зөвлөгөөний төлөөлөгчдийн тэргүүнүүдийг хүлээн авч уулзлаа.

Монгол, Орос, Хятад гурван улсын хооронд Төрийн тэргүүнүүдийн дээд хэмжээний уулзалт, Гадаад хэргийн дэд сайд нарын зөвлөлдөх уулзалт зэрэг яриа хэлэлцээний механизмууд бүрэлдээд байгаа энэ  цаг үед  гурван улсын зам, тээврийн дэд сайд нар Монгол Улсад  уулзаж байгааг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн онцоллоо.

С.ОТГОН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж