Хаврын чуулган эхлээд ердөө дөрөв хонож байтал УИХ-ын гишүүдийн ажил таслах “хобби” нь хөдлөв. Чуулганы нэгдсэн хуралдаанаар өчигдөр Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн төслийг хэлэлцэхэд гишүүд ийм л ирцээр оролцлоо.
2015.04.09
Улсын хөгжил, тогтвортой бодлого түшээдийн хувьд юу ч биш бололтой. Уг нь “Монголын эдийн засгийн форум-2015” чуулга уулзалт болоход Монголын төрд улсаа хөгжүүлэх тууштай тогтвортой бодлого чухал байгааг бизнес эрхлэгчдээс эхлээд төрийн өндөр дээд алба хашиж явсан эрхмүүд сануулсан.
Өглөөнийхөө ирцээр үдээс хойшхи хуралдаан үргэлжилдэг “хөгийн жүжгээ” ч хориглоё. Хуулийн цэг, таслал бүрт иргэний амьдрал бий. Судсыг нь атгаж суугаа нь хууль тогтоогчид та бүхэн. Хариуцлагатай байя.
Түшээд ч сонгуульд аль улс төрийн хүчин ялснаас үл хамаарч, хөгжлийн бодлого, төлөвлөлт хэрэгжиж байх Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийг батлахаа амласан. Хаа байна, тэр амлалт.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга л “УИХ энэ бодлогыг дэмжээд батлах шаардлагатай. Сонгуулиас, сонгуульд төрийн бодлого өөрчлөгддөг нь улсын хөгжлийг чөдөрлөж ирлээ” гэж ярьж байгааг эс тооцвол энэ асуудалд ач холбогдол өгч, нойроо хугасалж суугаа нь хэд юм бэ?
Уг бодлого УИХ-аар батлагдвал 2016 оны УИХ-ын сонгуульд улс төрийн намууд бие биетэйгээ уралдан давуулж амлалт өгдөг байдал хязгаарлагдах учиртай. Өөрөөр хэлбэл, 2016-2020 он хүртэл Монгол Улсыг хөгжүүлэх бодлогод юу тусав, тэр хүрээнд асуудал зангилагдаж, улс төрийн намууд сонгуулийн мөрийн хөтөлбөрөө боловсруулна гэсэн үг. Тодруулж хэлбэл, ирэх оны сонгуультай ч холбогдох, улс орны хөгжлийг тодорхойлох чухал бодлого.
Өө эрсэн хүнд УИХ-аас баталсан хуулиуд дотор хөгжлийг тодорхойлсон гол бодлогууд батлагдсан, гагцхүү хэрэгжээгүй” гэж харагдах л байх. Гэхдээ энэ бодлогын бусдаас ялгарах нэг онцлог нь сонгуульд аль ч улстөрийн хүчин ялалт байгуулж, олонхи болсон байлаа гэхэд Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийг бүрэн утгаар нь хэрэгжүүлнэ.
Засгийн газар өөрчлөгдлөө ч бодлого дагаж өөрчлөгдөхгүй, үүгээрээ илүү ач холбогдолтой. Үүнийг тал бүрээс нь хэлэлцэж, чамбай болгон баталж чадвал улсын ирээдүйн хөгжилд хэрэгтэй. Нэг үгээр хэлбэл, сайд огцруулах, Засгийн газар огцруулахаас илүү чухал бодлого гэж тодорхойлж ч болно.
Гэтэл 20 хэдүүлэхнээ сууж тал, талаас нь “мяалж”, зарим түшээ “Засгийн газар энэ бодлогоо татаж ав ч” гэж хэлж байх шиг. УИХ-ын үндсэн үүрэг юу вэ, хууль тогтоох. Сайн бодлого баталж чадвал энэ улс орон, ард түмний амьдралд л тустай. Үүний тулд сонгогч түмэн өөрсдөөсөө илүү юм хийж чадна гэж итгэж сонголтоо хийсэн.
Түүнээс хурлаа таслаад, үндсэн ажлаа хийдүүлээд бай гэж сонгоогүй юм шүү. Засгийн газраас муу төсөл орж ирсэн бол усыг нь шахаад ард түмэнд хэрэгтэй болгох эрх, үүрэг нь та бүхэнд Үндсэн хуулиар олгогдсон. Энэ эрх, үүргээ биелүүлсэн шиг биелүүлье.
УИХ-ын Өргөдлийн байнгын хороо ч Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслөө яаралтай УИХ-д өргөн мэдүүлж батлуулъя. Ингэхгүй бол чуулган, байнгын хорооны хуралдааны ирц хуульд заасан хэмжээндээ хүрдэггүй, байхгүй гишүүнийхээ өмнөөс кнопыг нь дарж, нүд хуурах үзэгдэл дахиад л давтагдах нь.
Өглөөнийхөө ирцээр үдээс хойшхи хуралдаан үргэлжилдэг “хөгийн жүжгээ” ч хориглоё. Хуулийн цэг, таслал бүрт иргэний амьдрал бий. Судсыг нь атгаж суугаа нь хууль тогтоогчид та бүхэн. Хариуцлагатай байя.
Цэцэрлэгийн хүүхдүүд цагаасаа хоцорхоор багшдаа хандаж “Уучлаарай, би дахиж хоцрохгүй” гэж хэлж байхад хуралдаа суугаагүйн төлөө, ажлаа тасалсныхаа төлөө сонгогчдоосоо уучлал гуйсан түшээ хэд юм.
Хэн ч уучлал гуйгаагүй, харин ч “Намайг дахиад сонгоорой, манай намд итгэл үзүүлээрэй” гээд л намрын чуулганы завсарлагааны үеэр сум, сумыг хэссэн байх. Одоо боллоо, юманд хэмжээ хязгаар байх ёстой.
Хүндэтгэх шалтгаангүйгээр хурлаа тасалсныг нь торгоё, ахин, дахин ажилдаа ирдэггүй юм бол сонгогчийнх нь хүсэлтээр эргүүлэн татдаг болъё.
УИХ гэдэг баян айлын эрх хүүхдийг ажилдаа цагтаа ирэхийг нь сургадаг, хүлээдэг газар ч биш л байх, хариуцлагатай болъё.
Г.ДАРЬ