Элэгний С вирусыг эмчилдэг “Софосбувирин” эмийг Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэх асуудалбагагүй хугацаа шаардаж, маргаан дагуулсны эцэст өнгөрсөн нэгдүгээр сард албан ёсоор бүртгэсэн.
Ийнхүү бүртгэснээр иргэд тус эмийг хөнгөлөлттэй үнээр худалдан авч хэрэглэх боломж нээгдсэн юм. Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэхүү эмийг худалдаанд гарсан гэж мэдээлж иргэд Эрүүл мэнд спортын яаманд хандаж эмийн сангуудад тус эмийг хайж эхэлсэн байна. Тиймээс энэхүү асуудлаар албан ёсны байр суурь авахаар төслийг анх санаачилсан Эрүүл мэндийн дэд сайд асан, НИТХ-ын төлөөлөгч Ж.Амарсанаатай ярилцлаа.
-“Софосбувирин” эмийг албан ёсоор бүртгэсэн. Харин одоо энэхүү эмийг худалдаанд гарсан талаарх мэдээлэл гараад байна. Үүнд хариулт өгнө үү?
-Энэхүү ташаа мэдээлэл өрх дээр захилага авч байна гээд өрхийн эмнэлэг, эм нь оруж ирээд гадаадад гаргасан гэх мэдээлэл гараад байна. Монголд орж ирээгүй байгаа эмийг яаж БНХАУ-руу гаргах билээ дээ. Албан ёсоор хэлэхэд “Софосбувирин” эмийг нэг ширхэг ч оруулж ирээгүй байгаа. Өвчтэй зовлонтой байгаа иргэдийн сэтгэлээр ингэж тоглож болохгүй юм байгаа юм л даа.
Иргэд хэзээнээс авч хэрэглэх боломжтой болж байгаа вэ?
– Эрүүл мэнд спортын яаманд дээр нэг журам гарахыг хүлээж байна. Ажлын хэсэг байгуулагдаад гурван сар өнгөрч байна. Угтаа бол 2014 оны гуравдугаар сард АНУ-д ажлын шугамаар явахдаа энэ эмийг эх орондоо оруулах талаарх хэлэлцээг анх хийсэн. Тухайн үед АНУ-ын Элчин сайдын яам, Консулын газраас энэ гэрээг биечилж байсан юм. Дараа нь эмийн үйлдвэрлэгчид удаа дараа манай улсад ирж олон удаа хэлэлцээ хийсэн. Ер нь бол долдугаар сард энэ эмийг бүртгэх бүх материал бүрдсэн. Тодорхой шалтаг шалтгааны улмаас багагүй хугацаа шаардсан. Улжтөржилт байсныг ч хэлэх нь зүйтэй байх.
-Эмчилгээний үр дүнгийн тухайд?
-Ямар эмтэй хавсран эмчлэх вэ гэдгээс шалтгаан эмчилгээний үр дүн янз бүр. Монгол Улсад одоогийн байдлаар хавсран хэрэглэх боломжтой хоёрхон эм бий. Нэг нь Пегинтерферон гэж тариа, Рибавирин гэдэг шахмал эм байна. Рибавирин гэх эм нь үнийн хувьд харьцангуй хямд бөгөөд эмчилгээний үр дүн нь 76 хувь байдаг.
-Эмийг эрүүл мэндийн даатгалд хамруулан, үнийг нь хямдруулах тухай ярьж байсан. Энэ асуудал шийдэгдсэн үү?
-Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ энэ эмийг бүртгүүлчихвэл үнийн дүнгийн тодорхой хувийг даатгалаас даах асуудлыг шийдэж өгнө гэж амласан.
–Эмийг хэрэглэх хүсэлтэй иргэдийг хэрхэн бүртгэх вэ. Бүртгэл хийж байгаа юу?
–Яг үнэндээ энэ эмийг их хэмжээгээр оруулж ирэх боломжгүй. Гэтэл манай оронд элэгний С вирусын халдвартай 450 мянган хүн байна. Тиймээс Эрүүл мэндийн яамнаас өвчтөнүүдээ эрэмблэн ялгах шаардлагатай. Өвчний явц нь хүндэрсэн, элэгний хатуурал нь нилээн газар авсан өвчтөнүүдийг нэгдүгээрт, бусад нь дараа дараагийн ээлжид авч хэрэглэхээр ангилах болов уу.
-Эмийг авахыг хүссэн хүмүүс Эрүүл мэндийн яаманд хандах уу?
–Дистрибьютер компанид нь захиалга өгч, захиалгын дагуу авчирна. Гэхдээ бидний захиалсан тоогоор үйлдвэрлэх учир нэлээд урт хугацаа шаардагдах юм билээ. Ойролцоогоор зургаан сарын хугацаа шаардагдах байх.
-Энэ эмнээс хэдэн курсыг хэрэглэх шаардлагатай болоод нэг курс эмийн үнэ хэд байх талаар мэдээлэл өгнө үү?
–“Софосбувирин” эмийг АНУ-ын “Glead science” компани гурван жилийн өмнө эмчилгээнд нэвтрүүлсэн бөгөөд нэг курс эмчилгээг АНУ-даа 84 мянган ам.доллараар хийдэг. Харин манай улсад курс эмчилгээний эмийг 1800 ам.доллар буюу АНУ-ын зах зээлийн үнээс 44 дахин хямдаар нийлүүлэх боломж бүрдсэн. Тиймээс “Glead science” компани Монголд оруулж ирээд, өөр улс руу гаргаж болохгүй гэсэн хатуу шаардлага тавьж байгаа. Жишээлбэл, Монголд санал болгож буй үнээр Орос, Хятадад нийлүүлэхгүй гэсэн үг. Манайхаас илүү өндөр үнээр санал болгож байгаа. Энэ эм гарснаас хойш 80 мянга гаруй хүн хэрэглээд эрүүлжсэн тухай мэдээлэл байна. Нэг курс нь 300 ам.доллар, гурван сарынх нь 900 ам.доллар, зургаан сарын эмчилгээ нь 1800 ам.доллар болох юм.
Д.ЖАРГАЛ