Олимпийн таеквондогийн 2015 оны Өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 7-8-ны өдрүүдэд Спортын төв ордоны А танхимд амжилттай зохион байгуулагдаж, аваргуудаа тодрууллаа.
Энэ удаагийн УАШТ-д Улаанбаатар хотоос гадна Баян-Өлгий, Ховд, Увс, Говь-Алтай, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Булган, Дорноговь зэрэг аймгийн 28 байгууллагын 260 тамирчин эрэгтэй, эмэгтэй тус бүр 7 жинд авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм. Энэ жилийн УАШТ-ний эмэгтэйчүүдийн 42 кг-ын жинд Орхон аймгийн тамирчин Д.Номин-Эрдэнэ аваргалж, хувийн амжилтаа ахиуллаа.
Эмэгтэйчүүдийн 44 кг-ын жинд "Харцага" клубын тамирчин Ө.Номинзул, 46 кг-ын жинд Дорнод аймгийн тамирчин Г.Сарангуа, 49 кг-ийн жинд Сэлэнгэ аймгийн тамирчин М.Сувд-Эрдэнэ, 52 кг-ийн жинд Орхон аймгийн Э.Баасанханд, 55 кг-ийн жинд Хөтлийн З.Намуундарь, 59 кг-ийн жинд Орхон аймгийн Р.Алтантуяа нар аваргын алтан медалийн эзэд боллоо.
Эрэгтэйчүүдийн хамгийн хөнгөн жин 45 кг-ийн жинд Чингэлтэй дүүргийн Б.Гантулга, 48 кг-ын жинд "Олимп" клубын тамирчин Э. Буяншагай, 51 кг-ийн жинд Дорнод аймгийн тамирчин Н.Энхжаргал, 55 кг-ын жинд Дорнод аймгийн Б.Буянтулга, 59 кг-ын жинд Орхон аймгийн М.Мөнхням, 63 кг-ын жинд Дархан-Уул аймгийн Б.Батбилэг, 68 кг-ын жинд У. Ваанчиг нар тэргүүлжээ.
2015 оны өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг багийн дүнгээр Орхон аймгийн Б.Насанбаяр дасгалжуулагчтай баг тэргүүлж, Г.Анхбаяр дасаглжуулагчтай Дорнод аймгийн баг, Ө.Амарсанаа дасгалжуулагчтай Сэлэнгэ аймгийн баг тамирчид удаалсан байна.
Шилдэг дасгалжуулагчаар Б.Насанбаяр шалгарсан бол шилдэг шүүгчээр Түвшинжаргал, шилдэг эмэгтэй тамирчнаар Орхон аймгийн Э.Баасанханд, шилдэг эрэгтэй тамирчнаар Өвөрхангай аймгийн У. Ваанчиг нар тус тус шалгарлаа.
Дашрамд сонирхуулахад, 1991 онд анх байгуулагдсан Монголын Олимпийн таеквондогийн холбооны өсвөрийн шигшээ багийн тамирчид энэ сарын 11-17-ны өдрүүдэд Тайваний Тайпэй хотноо болох Өсвөрийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох юм.
2000 оны Сиднейн олимпоос эхлэн Олимпийн наадмын хөтөлбөрт албан ёсоор багтсан энэ спортын төрлөөр өдгөө Монголын 4000 гаруй хүүхэд залуус 58 клубт харъяалагдан энэ спортын хөгжилд хувь нэмрээ оруулж байгаа юм.
Эх сурвалж: http://likenews.mn