Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар өнөөдөр “Сайдын цаг”-т оролцож, салбартаа хэрэгжиж байгаа бодлого, хийх ажлынхаа талаар мэдээлэл өглөө. Тус яам барилгын салбарт үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг сонгомол утгаар нь хэрэгжүүлэх зорилт тавьжээ. Мөн барилгын салбарын хөдөлмөр хамгаалал, стандартыг шинэчлэх аж. Хотын ногоон байгууламжийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина. Энэ хууль батлагдан хэрэгжсэнээр агаарын бохирдол багасна гэж үзэж байгаа аж.
Түүнчлэн барилгын тусгай зөвшөөрлийн хугацааг 5-10 жил болгож, хугацааг нь сунгахаар болжээ. Олон жил, чанартай барилга барьж, гүйцэтгэж байгаа компани 3 жил болоод л эрх мэдэлтнүүдийн үүд сахиж, зөвшөөрлөө сунгуулахаар ажил болдог тогтолцоог өөрчлөх хэрэгтэй гэж үзсэн байна. Мөн тусгай зөвшөөрлийг наймаалж, худалдаж байгаа хууль бус үйл ажиллагааг илчлэх аж. Барилгын зөвшөөрөлтэй компанийг зарж мөнгө угаадаг хууль бус бизнес газар авсан байна. Гэтэл нөгөө талд нь барилга барих гэж байгаа хүнд зөвшөөрөл олддоггүй гээд засах шаардлагатай зүйл нэлээд бий тул энэ бүхэнд реформ хийнэ гэлээ.
Үүний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад дараах хариулт өглөө.
-Ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгосноор арилжааны банкуудын шалгуурт нийцэх үү?
-Ерөнхий сайд энэ асуудлаар Барилга хот байгуулалтын яам, Сангийн яам, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамыг хамтарч ажиллах чиглэл өгсөн. Бид Нийгмийн даатгалын сан, Тэтгэврийн сангаа мөнгөжүүлээд, эх үүсвэрээр нь ипотекийн зээлээ үргэлжлүүлнэ. Орон сууцны урьдчилгаа төлбөр болох 30 хувийн 20 хувь дээр нь төр баталгаа гаргая, 10 хувийг нь иргэн төлдөг байя гэж тогтсон. Гэхдээ банкны хувьд 10 хувиа иргэн төлөөд, 20 хувьд нь төр баталгаа гаргаж байгаа учраас 30 хувийн тогтолцоотой ипотекийн зээл хэвээр үргэлжилнэ. Төр 20 хувьд баталгаа өгнө гэдэг нь эргэн төлөгдөх учиртай. Иргэн ипотекийн зээлийг төлөхдөө эргэн төлөөд явна. Ипотекийн зээл авахад шууд 30 хувьд төлөгддөг дарамт арилж байгаа болохоос биш 20 хувь бэлэг биш. Арилжааны банкуудын хувьд ч энэ талаар ярьж байгаа. Үүнийг хэрэгжүүлэхэд банкны зүгээс ямар асуудал байгааг шийдвэрлээд явъя гэсэн. Тиймээс банкны зээлийн нөхцөлд ч тодорхой өөрчлөлт орох байх.
-Энэ тохиолдолд сар бүр төлөх зээлийн төлөлтийн хэмжээ өндөр гарна. Банк зээлийн төлөлт өрхийн орлогын 50 хувьтай тэнцэх хэмжээтэй байхыг шаарддаг. Иргэдийн орлого үүнд хүрэх үү?
-Банкныхан “Ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийг шууд төлөөд авдаг иргэдийн тоо ханачаад байна. Үүнийг яах вэ гэж байгаа”. Тэгэхээр урьдчилгаа 20 хувьд нь төр баталгаа гаргаад, 10 хувийг нь шууд төлүүлэх шийдвэр гаргавал орон сууц худалдан авах иргэдийн тоо нэмэгдэх үү гэсэн. Судалгаагаар энэ нь боломжтой гэсэн. Гэхдээ 20 хувийг өнөөдөр шууд төлөх биш зээлийнхээ хугацаанд л төлөх юм. Төлж чадахааргүй хүнд зээл олгох тухай асуудал байхгүй. Харин өнөөдөр орон сууцны урьдчилгаа 30 хувиа шууд төлж чадахгүй ч, урт хугацаанд төлж чадах иргэнд л зээл олгох тухай ярьж байна. Өнөөдөр орлого нь тогтмол биш, үүнийгээ эргээд төлж чадахгүй хүмүүст зээл олгохыг банкнаас шаардана гэдэг бол тэр банкийг дампууруулах замд шууд тавьж өгөх асуудал болж байна. Энэ чинь зах зээлийн бус захиргааны шинж чанартай зүйл болно. Эдийн засаг хүндэрсэнтэй холбоотой барилгын салбар ч хүндэрсэн байна. Эндээс бид хамтдаа яаж гарах, дэмжлэг үзүүлэх вэ л гэж ярьж байна.
-Урьдчилгааг 10 хувь болгосноор орон сууцны үнэ нэмэгдэх вий гэх болгоомжлол байна?
-Эдийн засгийн хүнд нөхцөлд барилгын салбарт тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлэхийн тулд зарим тодорхой арга хэмжээ авахаар төлөвлөсөн. Зах зээлд өнөөдөр 30 гаруй мянган орон сууц илүүдэл нийлүүлэлттэй байгаа. Үүнийг бүгдийг нь худалдан авах арга хэмжээ биш. Ийм мөнгө ч байхгүй. Өөрөөр хэлбэл барилгын илүүдэл нийлүүлэлт хэвээр үлдэнэ. Барилгын нийлүүлэлт илүүдэлтэй байгаа үед үнэ өсөх боломжгүй.
-Бага, дунд орлоготой иргэдийг түрээсийн орон сууцаар хангана гэсэн, ямар байдлаар хэрэгжүүлэх вэ?
-Орон бүр энэ чиглэлийн өөр өөрийн арга ашигладаг. Засгийн газар энэ асуудлыг шийдвэрлэх хүрээнд тодорхой хэмжээний түрээсийн байр барих санхүүжилтийг шийдвэрлэсэн. Өмнөд Солонгосын Засгийн газартай хөнгөлөлттэй зээлийн асуудлыг ярьсан. Түрээсийн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байгаа нь тухайн иргэний газарт нь орон сууц барих үеэр иргэдийг түр орон сууцанд байршуулна, ингэвэл иргэд хүлээн зөвшөөрөх магадлалтай. Зарим нь эсэргүүцнэ. Ер нь олон янзын арга л хэрэглэх байх даа.
Мөн бид Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг сонгомол утгаар нь хөгжүүлэхийн тулд ТОСК-ийн үйл ажиллагааг өргөжүүлнэ. Тухайлбал, түрээсийн орон сууц ТОСК-иар дамжин хэрэгжих юм. Нөгөө талаас зах зээл дээр байгаа хямд орон сууцыг ТОСК худалдан авах боломжийг бүрдүүлнэ. Ийм тогтолцоонд шилжсэнээр барилгын компаниудын хувьд ТОСК өрсөлдөгч биш баригдсан бүтээгдэхүүнийг нь худалдан аваад зах зээлийн эргэлтэд илүү хурдан оруулах боломжтой аж ахуйн нэгж болно гэж харж байгаа. Гадаадын хөрөнгө оруулалтыг үл хөдлөх хөрөнгийн салбарт татна. Ирээдүйд хамгийн боломжтой хөгжих салбар нь үл хөдлөх хөрөнгө.
Г.ДАРЬ