Барилга хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төв, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээний зохицуулах зөвлөлөөс хамтран зохион байгуулж буй "Нийтийн аж ахуйн салбарын үйлчилгээний салбарын удирдах ажилтны зөвлөгөөн" өнөөдөр болж байна. Зөвлөгөөнд нийтийн аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, хамтран ажилладаг байгууллагуудын 200 гаруй төлөөлөл оролцож байгаа юм.
"Улаанбаатар хотод нийтийн аж ахуйн салбарт нийт 129 тусгай зөвшөөрөлтэй байгууллагууд ажилладаг. Нийтийн аж ахуйн салбарынхан бол хотын суурь үйлчилгээ, иргэдийг тав тухтай амьдрах үндсэн боломжийг олгож байдаг хамт олон билээ. Эдгээр байгууллагуудын хүргэж байгаа ажлуудаас дурьдвал өдөрт 110 аад сая куб.метр цэвэр ус олборлож, ард иргэдэд хүргэж байна, 60-аад сая куб.метр бохир усыг хоногт цэвэрлэдэг. Нийтдээ 14 сая кв.метр талбай бүхий орон сууцны ашиглалтыг хариуцах үйлчилгээг ард иргэдэд хүргэдэг" хэмээн Барилга хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар хэлсэн юм.
Хот суурин газар тэлэхийн хэмжээгээр хөрөнгө оруулалт нэмэгдэж нийтийн аж ахуйн салбаруудын асуудлууд хурцаар тавигдах болсон ба нийтийн аж ахуйн зарим байгууллагууд ашиггүй ажиллаж байгаа байна. Үүний нэг жишээ бол цэвэр усны талаарх асуудал юм. Усны зохицуулах зөвлөлийн үнэ тарифын албаны дарга Ж.Гэрэлчулуун "Гэр хорооллын усны үнийг өөрчлөлгүй явсаар нилээдгүй хугацаа өнгөрсөн. Бүтээгдэхүүний үнэ нэг төвшинд байна гэдэг нь тухайн бүтээгдэхүүн өөрийнхөө өртөгөөс доогуур үнээр зарагдана гэсэн үг. Гэр хорооллын нэг литр усыг хэрэглэгчдэд хүргэхэд 8 орчим төгрөг зардал гардаг бол бид нар 1-2 төгрөгөөр хүргэдэг. Харин хотын төвлөрсөн системд холбогдсон иргэний хувьд цэвэр ус нэг литр нь 62 мөнгөөр хүрэх ёстой боловч бид 42 мөнгөөр хүргэдэг. Энэ байдлаас болж салбарын эдийн засаг хүндрэлд орсон. Усны үйлчилгээг одоог хүртэл төрийн хатуу хяналтан доор зохицуулдаг бөгөөд үнэ тариф нь өөрчлөгддөггүй, олон шат дараалалтай байдаг. Тийм учраас бодит үнийг одоо болтол тогтоох боломжгүй байна" хэмээн зөвлөгөөний үеэр ярьсан юм.
Өнөөдрийн удирдах ажилтнуудын зөвлөгөөнөөр "Нийтийн аж ахуйн салбарын санхүү, эдийн засгйин байдал", "Инженерийн шугам сүлжээ, байрилга байгууламжийн зураг төсөл төлөвлөлт, суурь судалгаа", "Салбарын хөрөнгө оруулалтын үр өгөөж, Нийтийн аж ахуйн байгууллагуудын үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалт" гэсэн үндсэн дөрвөн бүлэг сэдвийн хүрээнд хэлэлцэж, цаашдын зорилгоо тодорхойлох байна.
Нийтийн аж ахуйн үйлчилгээний салбарын удирдах ажилтны зөвлөгөөн өнөөдөр 18.00 цаг хүртэл үргэлжилнэ.
Б.БИЛГЭЭ