ХУУЛЬ ТӨРӨХИЙН ӨМНӨ: ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛЬ
“Замын хөдөлгөөний дүрмээ батлаагүй байж замын цагдаа байгуулаад байна”
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Захиргааны ерөнхий хуулийн төслийг хэлэлцэж байна. Захиргааны ерөнхий хуулийн төсөл болон захиргааны эрх зүйн талаар МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Төр, захиргааны эрх зүйн тэнхимийн багш, захиргааны эрх зүйн судлаач Др. проф. П.Одгэрэлтэй ярилцлаа.
-Таныг захиргааны эрх зүйн чиглэлээр мэргэшсэн хуульч, судлаач гэдгийг мэднэ. Монголын захиргааны эрх зүйн хөгжлийн талаар товч танилцуулна уу?
-Аль ч улс орны эрх зүйн шинжлэх ухаанд захиргааны эрх зүй хамгийн хүнд салбарт тооцогддог. Энэ нь маш олон хууль, дүрэм журмаас бүрддэг, мөн иргэдийн өдөр тутмын амьдралд байнга хэрэглэгддэгтэй холбоотой. Монгол улсад 430 гаруй хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаа бол түүнээс 250 гаруй хууль, мөн 870 гаруй хэм хэмжээний акт болох дүрэм журам захиргааны эрх зүйд хамаарч байдаг. Монгол Улс 1992 оны үед 50 гаруйхан хуультай байсан бол одоо 430 гаруй хуультай болж захиргааны байгууллага болон захиргааны хэргийн шүүх ажиллах орчин тодорхой хэмжээнд бүрдээд байна. Энэ нь Б.Чимид багшийн гавъяа зүтгэлтэй шууд холбоотой.
-Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цагаан сарын өмнөхөн Захиргааны ерөнхий хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн барьсан. Үүнийг УИХ-ын өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байна. Энэ хуулийн ач холбогдол юу вэ?
-Энэ бол Захиргааны эрх зүй судлаачдын хувьд үнэхээр баярлууштай үйл явдал болсон. Захиргааны ерөнхий хуулийн төсөл сүүлийн хэдэн Засгийн газар дамжин яригдсан боловч гацаад зогсчихсон байсан. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж захиргааны ерөнхий хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барьснаар Монголын эрх зүйн шинэчлэлд маш чухал алхам хийлээ.
Захиргааны ерөнхий хууль нь эрх зүйт төрийн хувьд Үндсэн хуулийн дараа эрэмбэлэгддэг, агуулга болон ач холбогдлоороо үнэхээр том хууль юм. Энэ ч утгаараа Монгол улсын Ерөнхийлөгчийн болон энэ Улсын Их Хурлын хувьд уг хуулийн төслийг батлах нь нэр төрийн хэрэг гэж бодож байна. УИХ-д суудал бүхий улс төрийн намууд Захиргааны ерөнхий хуулийн төсөлд онцгойлон ач холбогдол өгч дэмжиж ажилаасай хэмээн судлаачийн зүгээс хүсэж байна. Энэ хуулийн төсөлд анхнаасаа УИХ дахь ахмад болон залуу хуульчдын оролцоо дэмжлэг байсаар ирсэн одоо хуулийн төслийг шүүн хэлэлцэж батлахад эдгээр хуульчид маань идэвхтэй ажиллана гэдэгт итгэж байгаа.
-Захиргааны ерөнхий хуулийн төслийг заавал батлах яг ямар хэрэгцээ шаардлага байгаа вэ?
-Нэрт эдийн засагч Эрнандо де Сото 2010 оны Монголын эдийн засгийн чуулганд оролцохдоо “хамгийн нэгдүгээрт хийх ажил бол орчин үеийн эрх зүйн тогтолцоог бий болгох” гэсэн зөвлөлгөөг өгсөн байдаг. Судлаачийн хувьд энэ зөвлөлгөөтэй санал нийлдэг бөгөөд “орчин үеийн эрх зүйн тогтолцоо” гэдэгт наад зах нь нэгдүгээрт: дэд бүтцийг байгуулах төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны эрх зүйн орчинг, өөрөөр хэлбэл эдийн засгийн эрх зүйг, хоёрдугаарт: татварын эрх зүйг, гуравдугаарт: нийгэм хамгааллын эрх зүйг орчин үеийн түвшинд аваачих хэрэгтэй. Эдгээр нь тус бүртээ олон арван хууль, хэдэн зуун дүрэм журамтай том эрх зүйн салбарууд бөгөөд захиргааны эрх зүйд хамаарна.
Захиргааны ерөнхий хуулийн төслийн гол цөм нь захиргааны акт, захиргааны гэрээ, захиргааны хэм хэмжээний акт гэсэн тус тусдаа бие даасан институтууд юм. Эдгээр нь захиргааны байгууллагаас иргэдэд хандан шийдвэр гаргах үед хууль ёсны, тохирсон хариу гаргах зорилго бүхий тодорхой үе шатуудаас бүрдсэн хуулийн харилцан хамаарал бүхий цогц зохицуулалт юм.
-Энэ нь татварын эрх зүйд ямар нөлөө үзүүлэх вэ?
-Нэг жишээ дурдъя. Саяхан болсон Саусгоби сэндс ХХК-ийн ерөнхийлөгч Жастин Каплагийн хэрэг байна. Тэрээр “Саусгобисэндс” ХХК ерөнхийлөгчөөр ердөө 6 сар ажиллах хугацаандаа хоёрхон татварын тайланд гарын үсэг зурсныхаа төлөө 5 жил 10 сарын хорих ялаар шийтгүүлсэн. Тус компани олон улсын бирж дээр хувьцаагаа худалддаг нээлттэй компани тул санхүү болон татварын тайлангаа гаргахдаа дотооддоо ахлах ня-бо, санхүү хариуцсан менежер, толгой компаний санхүү хариуцсан захирлаас гадна хөндлөнгийн аудитын байгууллагаар мэргэжлийн хувьд хянаж баталгаажуулдаг нарийн журамтай. Иймээс компанийн санхүүгийн тайлан нь ерөнхийлөгчийн чиг үүрэгт хамааралгүй оролцох боломжгүй байгаа юм. Гагцхүү Монголын хуулиар компанийн захирал заавал гарын үсэг зурах ёстой учраас л зурсан байдаг. Энэхүү тодорхойгүй байдлаас болж хэдийд ч гэмт хэрэгтэн болчих эрсдэлтэй тул хөрөнгө оруулагч нарт айдас төрүүлж байна. Хуулийн иймэрхүү нийгмийн хэрэгцээгээ хангахгүй хоцрогдсон зохицуулалтаас болж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монголоо бодох уу, өөрийгөө бодох уу? гэсэн хүнд нөхцөлд уучлал үзүүлэх зарлиг гаргасан.
-Захиргааны эрх зүйн салбарт одоо яг юу хийгээд байна?
-Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Улсын Их Хурлын чуулган дээр Захиргааны ерөнхий хуулийн төслийн талаар маш энгийн бөгөөд оновчтой жишээ авч тайлбарласан. “Бид замын хөдөлгөөний дүрмээ батлаагүй байж замын цагдаа байгуулах хууль батлаад байна” гэсэн. Замын хөдөлгөөний дүрэмгүй үед замын цагдаа юу хийх юм бэ? Зохицуулах гэж оролдлоо гэхэд цагдаа бүр өөр өөрийнхөөрөө дураараа авирлаж аюул тарих нь ойлгомжтой.
-Захиргааны ерөнхий хууль ямар шинэ зүйл авчирснаар орчин үеийн эрх зүйн тогтолцоо бий болох вэ?
-Захиргааны ерөнхий хуулийн төслийн гол цөм нь захиргааны акт, захиргааны гэрээ, захиргааны хэм хэмжээний акт гэсэн тус тусдаа бие даасан институтууд юм. Эдгээр нь захиргааны байгууллагаас иргэдэд хандан шийдвэр гаргах үед хууль ёсны, тохирсон хариу гаргах зорилго бүхий тодорхой үе шатуудаас бүрдсэн хуулийн харилцан хамаарал бүхий цогц зохицуулалт юм. Өөрөөр хэлбэл асуудлыг захиргааны албан тушаалтны дур зоргоор биш хуулиар шийдвэрлэх үндсийг бүрдүүлнэ гэсэн үг.
-Захиргааны ерөнхий хуулийг шинээр батлах тухай ярьж байна. Монголын нөхцөлд хэрэгжих боломжтой гэж үзэж байна уу?
-Захиргааны ерөнхий хуулийг Монголын хувьд цоо шинэ хууль гэж ойлгож болохгүй. Орчин үеийн захиргааны эрх зүйн гол цөм болох захиргааны актын институт 2002 онд батлагдсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд тодорхой хэмжээнд хуульчлагдсан бөгөөд түүнийг 2004 оноос захиргааны хэргийн шүүх хэрэглэн захиргааны хэрэг маргааныг хянан шийдвэрлэж байна. Захиргааны хэм хэмжээний актын хувьд 2010 онд Засгийн Газрын 119 дүгээр тогтоолоор журам батлан хэрэглэж ирсэн бөгөөд энэ журмыг хуулийн төсөлд шууд буулгасан байгаа.
Харин захиргааны гэрээ нь бидний хувьд шинээр орж буй ойлголт мөн боловч практикт ихээр хэрэглэгддэг. Энэ нь захиргаанаас иргэдтэй хамтран ажиллахдаа нийтийн эрх зүйн хүрээнд байгуулдаг гэрээ бөгөөд иргэдийн хооронд байгуулдаг гэрээнээс өөр зохицуулалт шаарддаг учир зайлшгүй хуульчлах шаардлагатай байгаа юм.
-Энэ хууль батлагдсанаар иргэн хүнд ямар ач холбогдолтой юм бэ?
-Захиргааны ерөнхий хуулийн төслийн агуулга нь төрөөс иргэнтэйгээ харилцах минимум стандартыг тогтоож байгаа гэсэн үг. Захиргааны албан тушаалтнаас тушаал, захирамж гаргах, иргэдтэй хамтран ажиллахдаа гэрээ байгуулах, нийтэд хандан дүрэм журам батлах, төлөвлөвт хийх зэрэг гол асуудлыг энэ хуулийн төслөөр зохицуулсан.
Хуулийн төсөл батлагдсанаар захиргаанаас иргэдийн эрх ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргахын өмнө тэдэнд заавал мэдэгдэж тайлбар хийх боломжоор хангах шаардлагатай болж байгаа. Ингэснээр төр иргэдээ сонсох, иргэд эрх ашиг сонирхлоо хамгаалж өөрсдийн үзэл бодлоо төрд хүргэх боломжийг хуулиар баталгаажуулах юм. Энэ бол маш том ололт дэвшил юм.
Б.ЭНХ