Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас өнгөрсөн нэгдүгээр улиралд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан, төрийн албан хаагчдын Хөрөнгө орлого, ашиг сонирхлын зөрчлөө мэдүүлсэн байдал зарим шалгагдаж байгаа хэргийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр АТГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Т.Мөнхтунгалагаас дараах асуултад хариулт авав.
-Өмнө нь танайхаас мэдээлэл хийхдээ хэлтэс, албадын дарга нарыг байлцуулан нилээд дэлгэрэнгүй мэдээлэл өгдөг байсан. Гэтэл энэ удаад арай өөр байдлаар мэдээлэл өгч байна. Ямар учраас ийнхүү хэвлэл мэдээллийн ажилтан ганцаар мэдээлэл өгч эхэлсэн бэ?
-Олон нийтэд төрийн байгууллагын ил тод, нээлттэй байдлыг ханган мэдээлэл хүргэх үүднээс өнөөдөр мэдээлэл хийж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглаж олон нийтэд бүх талын үйл ажиллагааг хүргэж байгаа юм. Мөн энэ жилээс эхлэн хэвлэлийн ажилтан хэвлэл мэдээлэлд зориулж үйл ажиллагааны тайлангаа өгч эхлэхээр шийдвэрлэсэн юм.
-Ашиг сонирхлын зөрчилтэй зарим төрийн алба хаагчдад хариуцлага тооцосон талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?
-Хууль тогтоомж зөрчсөн албан тушаалтнуудад хариуцлага тооцуулсан. Тухайлбал, өөртөө удаа дараа урамшуулал олгож, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжийг зөрчсөн гэх Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн дарга Ш.Хажидмаад сануулах, Налайх дүүргийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн дарга П.Чинбатад сахилгын шийтгэлийг тус тус авахуулсан. Мөн "Эрүүл Ус" төслийн хүрээнд үйлдвэрлэсэн цэвэр усны шошго дээр Говь-Алтай аймгийн Ардчилсан намын дарга, аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар өөрийн цээж зургаа хэвлүүлсэн мэдээлэл ирсэн. Энэхүү мэдээллийн дагуу Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Говь-Аптай аймгийн ИТХ-д хандсан бөгөөд Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас Говь- Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатарт сануулга өгсөн. Мөн Баянгол дүүргийн ИТХ-ын “Баянгол дүүрэг байгуулагдсаны 50 жилийн ойд зориулж иргэд байгууллагын өгсөн хандивын орлогыг хүлээн авах, зарцуулах, тайлагнах журам”-ыг хянаж тус улмаар хүчингүй болгуулсан байна.
-Самурай, Чингис бондын асуудлаар “Гудамж төсөл”, Эдийн засгийн хөгжлийн яам, Хөгжлийн банкны зарим удирдлга, ажилтнуудаг шалгаж байсан. Энэ хэрэг юу болсон бэ?
-Манайд эдгээр хэрэг шалгагдаагүй.
-Өмнө нь танайхаас шалгаж байгаа гэж мэдээлж байсан. Хэрэгсэхгүй болгосон гэж ойлгож болох уу?
-Одоогоор тийм хэрэг алга.
-Худалдан авах ажиллагааны дарга Д.Энхжаргалын хэргийг шалгах явц ямар шатанд яваа вэ?
-Мөрдөн байцаах ажиллагаа үргэлжилж байна. Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн байгаа.
-Олны анхаарал татсан томоохон хэргүүдээс мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, прокурорт шилжүүлсэн ямар хэргүүд байна вэ?
-Нийслэлийн прокурорын газарт яллах дүгнэлт үйлдүүлэх саналтайгаар “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлж байсан Л.Гансүх нарын хэрэг, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Түмэндэмбэрэл нарын хэргийг шилжүүлээд байгаа.
-МАХН-ы дарга Н.Энхбаяраас байцаалт мэдүүлэг авсан уу?
-Цагдаагийн байгууллагаас шалгагдаж байсан хэрэг нь манайд шилжиж ирсэн байгаа. Энэ хэрэгтэй холбоотойгоор тайлбар мэдүүлэг авах ёстой байсан. Мөн энэ хэрэгт Б.Хуяг, Н.Энхтуяа нар мэдүүлгээ ирж өгөлгүй мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулаад байна.
-Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн хүмүүсээс заримыг нь буцаасан гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү?
-Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 2912 этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хүлээн авснаас 2831 этгээдийн урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэж холбогдох байгууллагад хариуг хүргүүлж, 81 мэдүүлэг ажиллагаанд хянагдаж байна. Одоогоор 19 нэр дэвшигчийг буцааж уг албанд томилогдох боломжгүй гэдгийг мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл ашиг сонирхолын зөрчил гаргаж болзошгүй 19 хүний талаар удирдлагуудад нь мэдэгдсэн.
-Өнгөрсөн нэгдүгээр улиралд гэмт хэргийн шинжтэй хэдэн гомдол мэдээлэл иргэдээс ирсэн бэ. Энэ нь өмнөх оныхоос өссөн үү, буурсан уу?
-Авлигатай тэмцэх газрын 1800-1969 дугаарын утсаар болон бичгээр, мөн биечлэн ирүүлсэн нийт 286 гомдол, мэдээллийг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас хүлээн авсан. Эндээс гэмт хэргийн шинжтэй 108 гомдол, мэдээлэл бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 27.1 хувиар өссөн байна. Гэмт хэргийн шинжтэй нийт 120 гомдол, мэдээллийг хянан үзсэнээс 24-т нь эрүүгийн хэрэг үүсгэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад өсчээ. Энэ оны нэгдүгээр улиралд Авлигатай тэмцэх газар хуульд заасан харьяаллын 146 үйлдэлтэй, 125 холбогдогчтой эрүүгийн 101 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан байна. Эдгээрээс төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах зүйл ангид хамаарах хэрэг дийлэнх хувийг эзэлж байна.
-Хэчнээн хэргийг хэрэгсэхгүй болгосон бэ?
-Мөрдөн шалгасан эрүүгийн хэргийн ииийдвэрлэлтийг авч үзвэл 17 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр, 18 хэргийг хэрэгсэхгүй болгох саналтайгаар, найман хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх, арван хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг түдгэлзүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлж, зургаан хэргийг эрүүгийн хэрэгт нэгтгэж, одоогоор 42 эрүүгийн хэргийн үйлдэлтэй байна. Мөрдөн шалгасан хэргийн 48.5 хувийг шийдвэрлэсэн, хуулийн анхны хугацаанд хэрэг шийдвэрлэлт 30.6 хувьтай байлаа.
Д.ЖАРГАЛ