М.Энхсайхан ингэж тайлбарлав

Хуучирсан мэдээ: 2015.04.08-нд нийтлэгдсэн

М.Энхсайхан ингэж тайлбарлав

Тавантолгойн төсөл энэ хаврын гол сэдэв байх бололтой. Гэрээний төсөлтэй холбоотой янз бүрийн яриа, баримтуудыг хувь хүмүүс гэхээсээ төрийн байгууллагууд өөрсдөө дэлгэж байна. Парламентын албан ёсны сайтад тавигдсан мэдээллийг Тавантолгой төслийн ажлын хэсгийн ахлагч, Монгол Улсын сайд М.Энхсайхан анхны хувилбар гэдгийг тодотгож байгаа. Тэрбээр Тавантолгойн төслийн манай улсын эдийн засагт үзүүлэх нөлөөлийг нь гурван хэсэгт хуваан тайлбарласан байна.

Тодруулбал, тэрбээр энэ талаар “Монгол Улсын эдийн засагт үзүүлэх үр нөлөөг гурван хэсэгт хувааж тайлбарлаж болох юм.

Нэгдүгээрт, ойрын үед гарах санхүүгийн шууд үр дүн нь барагцаалбал 650 сая ам. доллартай тэнцэнэ. Тухайлбал, урдчилгаа төлбөр 200 сая ам.доллар, төмөр замын бүтээн байгуулалтад Монгол Улсын Засгийн газраас гаргасан хөрөнгийн эргэн төлөлт ойролцоогоор 280 сая ам. доллар, тэр нь эргээд эдийн засагт зээлийн эх үүсвэр болно. Чалко компанид төлөх байсан 142 сая ам. долларын хүндрэлээс Монгол улс чөлөөлөгдөж байгаа. Эрдэнэс Тавантолгой компанийн хөрөнгийг мөн үнэлж Консорциумд өгнө. Мөн Улсын төсөвт аливаа нэмэлт ачаалал үүсгэхгүйгээр, төслийн үйл ажиллагааны анхны өдрөөс эхлэн улс, орон нутгийн төсөвт хуулийн дагуу орлого оруулж эхлэх бөгөөд тодруулбал, холбогдох татвар, хураамж, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, Цанхийн талбайд уурхайн үйл ажиллагаа явуулсаны төлбөр зэрэгт жилжил бүр 360 орчим тэрбум төгрөг төвлөрнө.

Хоёрдугаарт, Төслийн санхүүгийн шууд бус үр дүн буюу үржүүлэгч нөлөөг барагцаалбал, ойрын 3 жилд манай ДНБ-ийг 10-аас доошгүй хувиар тэлэхээр байгаа. Уурхайн барилга байгууламж, дагалдах дэд бүтэц, ТТ-ГС чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт болон төслийн үйл ажиллагаанд дотоодын 500-600 аж ахуйн нэгжийг ханган нийлүүлэгч, туслан гүйцэтгэгч хэлбэрээр татан оролцуулж, 8-12 мянган иргэнийг ажлын байраар хангах боломжтой болно. Төсөл бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлснээс хойш жил бүр Монголд дунджаар 700 сая ам. доллараас 1 тэрбум хүртэл ам. долларын үйл ажиллагааны зардал гаргах бөгөөд үүний үлэмж хэсэг нь дотоодын эдийн засагт шингэх бололцоотой.

Гуравдугаарт, Тавантолгой төсөл нь гадаадын хөрөнгө оруулагчдад эерэг мессэж болохоос гадна энэхүү төсөл нь Эгийн голын усан цахилгаан станц, Багануурын цахилгаан станц зэрэг бусад мега төслүүдэд хөтөчийн үүрэгтэй байх нь дамжиггүй" юм гэжээ.

О.САР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж