25 жилийн өмнө оготны хамраас цус гаргалгүй эрх чөлөөт нийгмийн хаалгыг онгойлгож өгсөн ардчилагчдын үнэт зүйлс, ардчиллын үнэ цэнэ аажмаар үгүй болохыг хэн хүнгүй нүдээр харж, чихээр сонсч сууна. Тэднийг гадны хүчин зүйлс бус өөрсдөө туйлдуулж байна. Намын фракц бүлэглэлийн эрх ашгийн төлөөх улайрсан тэмцэл, хэн мэдлэгтэй, чадвартай гэхээсээ илүүтэй ҮЗХ-д буй гишүүдийнхээ давуугаар фракциуд нь хөгжмөө захиалж бусад нь даган салбаганах ёрын явдал дэлгэрснээр тэдний үнэт зүйлс үнэгүйджээ.
“Ардчилсан нам ардчиллын амин сүнс нь үг хэлэх эрх чөлөө гэж үзсэн. Үг хэлэх эрх чөлөө нь ард түмнийг нэгтгэн нягтруулж, ойлголцуулж, ардчиллыг бэхжүүлж, бойжуулж чадсан хамгийн чухал ухагдахуун юм” гэж баярын хурлынхаа индрээс АН-ын дарга З.Энхболд хэлж байх тэр мөчид Ардчилсан намын хорооны гишүүд үзэл бодлоо илэрхийлэн “Үүрэг гүйцэтгэгч дарга нараа хэзээ жинхлэх вэ?”, “Ардчилсан намд шинэ эргэлт хийх цаг иржээ”, “Үеэ өнгөрөөсөн ардчилагчид шинэ үедээ зайгаа тавьж өг”, “Үндэсний зөвлөлдөх хороо, Намын их хурлаа хуралдуул” гэхчилэн лоозон барьж суусныг мөнөөх салбаганагчид нь очин урж, тасдан онигоогоо чирэв. Гишүүд үзэл бодлоо илэрхийлэхийн тулд энэ байтугай нударга зөрүүлээд авдагаараа АН алдартай, үүнийгээ дотоод ардчилалтай гэдэг. МАН шиг дарга нарын шийдвэрийг дуртай, дургүй 100 хувь дэмжих бус олон ургальч үзлээр асуудалд ханддаг болохоор нийгмийн эрх чөлөөг эрхэмлэгч, бусдын хүүхэлдэй бус бие дааж амьдрах хүсэл тэмүүлэлтэй хэсэг нь энэ намд илүү талтай байдаг.
Гэтэл бидний мэддэг энэ нам өнөөдөр танигдахааргүй болтлоо өөрчлөгджээ. Үг үйлдэл хоёр ийн зөрчилдөх нь тэр. Өнөөдөр үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө энэ намд байна уу, түүнийг хамгаалахын төлөө тэмцэж чадав уу гэх асуултын хариулт ямар байх вэ?
Фракцигүй болно гээд эрх ашиггүй болчихгүй
Эрх мэдлийн төлөө залуус нь лоозон барьж, архагууд нь түүнийг нь буруушааж байх зуурт намын дарга З.Энхболдын хэлсэн “Ардчилсан нам өнөөдрөөс фракцигүй болж зөвхөн Ардчилсан нам гэдэг нэг л фракцийн төлөө нэгдэж ажиллахаар санал нэгдсэн” гэдэг үг цаг үеийн хувьд онцгой мэдэгдэл байлаа. Харин энэ үг итгэл төрүүлсэнгүй. Засгийн эрх авмагцаа өнгөрсөн 20 жилд хийгээгүй бүтээн байгуулалтыг Н.Алтанхуягийн Засгийн газар хийсэн ч МАН-ын тоглоомонд эрх мэдлийн шуналаараа хөтлөгдөн орсон фракциуд нь тэрхүү гавъяаг нь гай болгон туг тахисан. Тэр дундаа одоогийн АН-ын дарга З.Энхболдын харъяалагддаг “Шонхор”, Н.Алтанхуягийн өөрийнх нь толгойлдог “Алтангадас”-ын үр могойнууд голлон оролцсон. Н.Алтанхуягийн Засгийн газрын тавьсан зам, Э.Бат-Үүлийн хийсэн хотын бүтээн байгуулалт, орон нутгийн эрхийг авсан намын хороодын хийж, бүтээсэн бүхэн ердөө эрх мэдлийн төлөөх явцуухан “шунал”-д булагдсан. АН засаг авснаас хойш татаасаар амьдарч байсан төрийн өмчит компаниуд хэдэн тэрбумын ашигтай ажиллаж эхэлсэн гээд дэвшилтэй тал байсан ч өөрсдөө тэр бүхнийгээ үгүйсгэх албан тушаал, эрх мэдлийын төлөө дотроо хөлөө жийлцэх жишээтэй. Түүхийн явцад Ардчилсан нам хоёр удаа эрх барьсан ч тэр тоолондоо МАН-ын шидсэн өгөөшийг үмхэж, хоорондоо үзэлцсээр байгуулсан бүхнээ нураадаг нь нэг ёсны жам гэлтэй. Ингэх тоолондоо биеэ дэгээдэж унагаах арга мэхээ нарийсгаж, харын шидийг хэрэглэсээр одоо өөрсдийгөө танихаа байтлаа өөрчлөгджээ.
Бурхан багшийн “Миний шашныг гаднаас биш дотроос шавь нар маань үгүйрүүлнэ” гэсэн шиг АН-ыг өрсөлдөгчид нь бус дотоод зөрчил нь, эв нэгдэлгүй, эрх мэдлийн төлөө тэмцэлдсэн үйлдэл нь хойдхыг нь уншчих гээд байх юм. Энэ янзаараа байвал ирэх сонгуулиар гишүүд, дэмжигчид чинь АН зурагныхаа өмнө зул асааж, тугныхаа өмнө цэцэг өргөхдөө тулах нь гарцаагүй. Эхнээсээ итгэл алдраад эхэлсэн шүү. Бусниулсан амьдралыг буцааж босгох шиг хэцүү зүйл байхгүйг эрх биш мэдэх биз дээ, илүү үглээд юу хийнэ.
Л.НАРАНТӨГС