Нийслэлийн "Улаанбаатар чуулга" XX зууны алдарт хөгжмийн зохиолч И.Ф.Стравинскийн суут туурвил “Ариун хаврын тахилга” этно балетыг үндэсний хөгжимд хөрвүүлснээр дөрөвдүгээр сарын 24, 25-нд 19:00 цагаас өөрийн тайзнаа тоглох гэж байна.
Симфони найрал хөгжимд зориулсан уг бүтээлийг ихэвчлэн 120 гаруй хүний бүрэлдэхүүнтэй тоглодог ч энэ удаад "Улаанбаатар чуулга"-ын “Хангарьд” үндэсний найрал хөгжим тоглох юм байна. Хамгийн гол нь уг бүтээлийг дан үндэсний хөгжмийн зэмсгүүдээр тоглохоор бэлтгэж байгаа нь нэн сонирхолтой бөгөөд бүжгийг бүжиг дэглээч Д.Энхгэрэл, хөгжмийн найруулгыг хөгжмийн зохиолч Х.Алтангэрэл гүйцэтгэжээ. Үндэсний хөгжмийн “Хангарьд” найрал хөгжмийг МУУГЗ Н.Туулайхүү удирдах юм.
"Ариун хаврын тахилга" этно балетын уран бүтээлчид:
Бүжиг дэглээч – Д.Энхгэрэл /МУСТА/
Хөгжмийн хөрвүүлгийг хөгжмийн зохиолч – Х.Алтангэрэл
Удирдаач – Н.Туулайхүү /МУУГЗ/
Уран сайхны удирдагч – Р.Мөнхсайхан /МУСТА/
Найруулагч – Олег Юмов /ОХ-ны Буриад улсын төрийн шагналт/
Туслах найруулагч – П.Урнаа /МУСТА/
Хувцас, дизайн – Б.Баярцэцэг
Дизайнер – А.Дөлгөөн
Тайзны зураач – Д.Одгэрэл
Уран сайхны удирдагч – Р.Мөнхсайхан /МУСТА/
Менежер – Л.Одгэрэл, Х.Болорбат
“Улаанбаатар” чуулгын “Хангарьд” үндэсний хөгжмийн найрал хөгжим
“Улаанбаатар” чуулгын бүжигчид
И.Ф.СТРАВИНСКИЙ
Оросын хөгжмийн зохиолч И.Ф. Стравинский дэлхийн хөгжмийн урлагт томоохон шинэтгэл хийсэн 20-р зууны хөгжмийн нэрт төлөөлөгч юм. И.Ф.Стравинский 1882 онд Ораниенбаум хотноо Марийнский театрын гоцлол дуучин Фёдорын гэр бүлд төрж, багаасаа хөгжмийн театрын урлагт ойр өсчээ. Тэрээр 9 настайгаасаа төгөлдөр хуур сурч, 12 настайгаасаа Оросын алдарт хөгжмийн зохиолч Римский-Корсаковийн шавь болж хөгжмийн зохиомж, найруулгад төгс суралцсан байна. Тэрээр залуугаасаа л Оросын урлагийн манлайлагчидтай дотно болсон ба театрын урлагийн нэрт зүтгэлтэн С.Дягилевийн ачаар Парисын тайзнаа бүтээлүүдээ тоглуулах болсноор алдар хүндэд хүрчээ. И.Ф.Стравинскийн Ариун Хавар балет нь 1913 онд Парист анх тоглосон үедээ маш их шүүмжлэлийг дагуулж дуулиан тарьсан ч, хожим нь энэ бүтээл дэлхийн хөгжмийн шинэ үеийг эхлүүлсэн, хөгжмийн цоо шинэ хэллэгтэй, орчин үеийн балетын дэглэлтэд нөлөөлсөн сод бүтээл болсон юм.
“АРИУН ХАВАР” ЭТНО БАЛЕТ
И.Ф.Стравинскийн уран бүтээлд чухал байр суурийг эзэлдэг бүтээл бол ”Балар эртний Оросын зураглал” гэсэн тайлбартай “Ариун хавар” балет юм.
Түүний санаанд гэнэт балар эртний онгон шүтэх зан үйлийн дүр зураг орж иржээ. Хайр ивээлийг нь хүртэхийн тулд хаврын бурханд өргөл болгон өгөх гэж буй бүсгүйн үхлийн бүжгийг ахмад мэргэдүүд нь тойрон сууж, ажиглацгааж байгаагаар төсөөлсөнөө И.Ф.Стравинский “Дурьдатгал”-даа өгүүлсэн байдаг. Эртний Славяны сэдвийг дагнан судалдаг зураач Н.К.Рерих болон С.П.Дягилев нартай хөгжмийн зохиолч өөрийн энэ санаагаа хуваалцав. Тэд шинэ балет бүтээх санааг нь дэмжсэнээр “Ариун хавар”-ын удирдвар 1912 онд бэлэн болж, 1913 оны 6-р сард Парист анхны тоглолт нь боллоо. Анхны тоглолт нь дийлэнх үзэгчдийн зүгээс ширүүн эсэргүүцэлтэй тулгарав. Ер бусын хөгжмийн хэллэг нь эхний тактаас л шоолсон инээд, дургүйцлээ илэрхийлсэн орилоон хашгираан болж эцэстээ, энэ их үймээн шуугианд хөгжим ч сонсогдохоо больж бүжигчид будилж гүйцэв.
…Уг балет “Газар шороогоо үнсэх нь”, “Агуу их тахилга” гэсэн хоёр хэсэгт үзэгдлээс бүрдэнэ. Найрал хөгжмийн “Эхлэл хэсэг” хаврын байгаль сэргэн аажмаар цэцэглэж буйг зурагладаг. Бүжиг, тоглоом наадам, зан үйлийн ёслолууд ээлжлэн улмаар, үхэх тавилан оногдсон бүсгүйн “Агуу их, ариун бүжиг”-ээр төгсөнө.
Б.ЭНХ