Хүүхдийн дууны шүлгийн нэрт мастер Ч.Лхамсүрэн 1956 онд “Маамуу нааш ир” дууны шүлгийг бичиж, улмаар хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравт өгч ая дан оруулахыг хүссэнээр энэхүү дуу “төржээ”. Тухайн үед Ардын жүжигчин, хөдөлмөрийн баатар, төрийн шагналт хөгжмийн зохиолч Д.Лувсаншарав ОХУ-д сурч байсан бөгөөд зургаан настай охиныхоо амандаа аяласан аялгуунаас санаа авснаар энэхүү дууны ая “төрсөн” түүхтэй аж. Харин энэ дууг хөшөөнд мөнхлөх санаачлагыг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид гаргаж, улмаар компаниуд санаачлагыг дэмжиж ажилласнаар хөшөөг Монголын хүүхдийн ордны баруун талд сүндэрлүүлжээ. Хөшөөний загварыг уран барималч Б.Эрдэнэбат гаргаж, бие даасан уран бүтээлчид хамтран бүтээсэн юм байна.
Хүүхэд бүрийн "амталж" өссөн "Маамуу нааш ир" дуу ийнхүү "Халуун элгэн нутаг"-ийн дараа хөшөөнд мөнхөрсөн хоёр дахь дуу болж байна.