Малайз шүүхгүйгээр хорих хууль баталжээ

Хуучирсан мэдээ: 2015.04.07-нд нийтлэгдсэн

Малайз шүүхгүйгээр хорих хууль баталжээ

Малайзын парламент исламын хэт даврагчидтай тэмцэх зорилгоор терроризмын эсрэг хуулийг өнөөдөр /IV.7/ баталлаа. Гэвч терроризмын эсрэг шинэ хуулинд сэжигтнийг шүүхгүйгээр хорих заалтыг оруулсан нь хүний эрхийн байгууллагаас хүчтэй шүүмжилж байна. Сэжигтнийг шүүхгүйгээр хорих заалт өмнө нь Малайзын дотоодыг аюулаас хамгаалах хуулинд байсныг 2012 онд хүчингүй болгож, хассан аж. Харин Малайзын хууль тогтоогчид тус улсад исламын хэт даврагч, зэвсэгт дайчдын аюул заналхийлэл нэмэгдсэн тул терроризмын эсрэг хуулийг зайлшгүй батлах шаардлагатай болсныг тайлбарлажээ.

Малайзад 2013 оноос хойш “Исламын улс” бүлэглэлтэй холбоотой хэмээн сэжиглэгдсэн  олон арван хүнийг баривчилсан аж.  Үүний зэрэгцээ өнгөрсөн амралтын өдрөөр Малайзын цагдаа нар банк дээрэмдэж, цагдаагийн газар, цэргийн ангиудад халдан зэвсэг булаахаар төлөвлөсөн  хэрэгт 14 – 49 насны 17 хүнийг сэжиглэн баривчилжээ. Сэжигтнүүдийн дунд 2001 онд дотоодыг аюулаас хамгаалах хуулийн дагуу баривчлагдан хоригдож байсан Индонезийн зэвсэгт дайчин байгаа аж. Тэрээр өнгөрсөн арванхоёрдугаар сард Сири улсаас Малайзад эргэж ирсэн байжээ.  Эх сурвалж: Associated Press

Б.АНХТУЯА
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж