“Монос”-т торгууль ногдуулахаар болжээ

Хуучирсан мэдээ: 2015.04.07-нд нийтлэгдсэн

“Монос”-т торгууль ногдуулахаар болжээ

Өнгөрсөн сарын 19-нд ЭХЭМҮТ-д Ланадексон эм дууссан тул 20-ны өдөр “Монос фарм трейд” ХХК-ийн нөөцийн агуулах руу эмийн захиалга утсаар өгчээ. Захиалга дагуу 5 мг тунтай зүрхний цусан хангамжийн дутагдалд хэрэглэдэг “Ланасорбид” шахмал эм захиалгаас солигдож ирснийг эмнэлгийн эм олгогч шалгалгүйгээр хүлээн авсан бөгөөд үүнээс болж найман хүүхдийн эрүүл мэндэд ноцтой хохирол учирсан гэж эцэг эх нь үзэж байгаа аж. Тиймээс энэ асуудлаар НМХГ-аас ЭХЭМҮТ болон “Монос” группт хариуцлага тооцохоор болжээ. Тус газраас ЭХЭМҮТ, “Монос фарм трейд” компанид “Эрүүл мэндийн тухай” хуулийг үндэслэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25-50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний торгууль ногдуулахаар болсон байна.

Хэргийг эргэн сөхвөл, гуравдугаар сарын 28-ны өдөр тус эмийг эмнэлгийн эм олгогчоос “Дексаметазон эмийн савлагаа өөрчлөгдсөн байна” гэсэн тайлбартайгаар Цусны эмгэг, хавдар судлалын тасагт нийлүүлж, тус тасагт хэвтэн эмчлүүлж байсан найман хүүхдэд /8 сартайгаас 15 нас хүртэл/ 28-30-ныг хүртэл нийт 188 ширхэг шахмал эм хэрэглүүлжээ. Улмаар 30-ны өдөр тус эмнэлэгт үйлчлүүлэгчийн мэдээллийн дагуу эмийн андуурлыг мэдэн шуурхай арга хэмжээ авч, хүүхэд нэг бүрийг үзлэгт хамруулан, Хордлогын үндэсний төвийн эмч нартай хамтран хордлого тайлах эмчилгээг яаралтай хийснээр хүүхдүүдийн биеийн байдал сайжирчээ.

Б.ЗУЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж