“Монгол жинчин” брэнд бий болгоё

Хуучирсан мэдээ: 2015.04.07-нд нийтлэгдсэн

“Монгол жинчин” брэнд бий болгоё

-Монголын брэнд дэлхийн тавцанд гарахад ойрхон байна

Мэргэжлийн гадаад худалдааны байгууллага болох “Рояал Ресурс Монголиа” ХХК-ийн хэрэгжүүлж байгаа “Монгол жинчин” төслийн багийнхан өнөөдөр MN төвд мэдээлэл хийлээ.

Энэхүү хуралд “Монгол жинчин” төслийн зөвлөх, доктор, профессор Л.Оюун, Нийслэлийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн ерөнхий менежер Г.Ганбаатар, төслийн удирдагч С.Ариунболд болон зохицуулагч Ц.Ганчимэг нар оролцлоо.

“Монгол жинчин” төсөл үндэсний үйлдвэрлэгчдийн брэнд бүтээгдэхүүнүүдийг дэлхийн тавцанд гарган, таниулан сурталчилах, худалдаалан борлуулах ажлыг хэрэгжүүлэх юм байна. Уг төсөл нь уул уурхайн бус үйлдвэрлэлийн эцсийн бүтээгдэхүүнийг зах зээлд нэгдсэн зохион байгуулалттайгаар худалдаалах боломжийг нээж буй экспортод чиглэсэн худалдааны анхны томоохон төсөл аж. Мөн орчин үеийн “online to ofline”худалдааны бизнес загварчлалыг ашиглан явуулах бөгөөд “Монгол жинчин” худалдааны сүлжээ төвүүдийг гадаад зах зээлд үе шаттайгаар байгуулж, улмаар тогтвортой нийлүүлэлтийн цогц системийг бий болгох юм. Энэхүү төсөл нь үндэсний үйлдвэрлэгчидээ нэгтгэн дэмжиж энэхүү арга барилаа ашиглан БНХАУ, цаашлаад ОХУ, Япон, Европ, Хойд Америкийн зах зээлд өрсөлдөх гарцыг нээхээр ажиллаж байна. Төслийн багийнхантай Аж үйлдвэрийн яам, Нийслэлийн жижиг дунд үйлдвэрийн хөгжлийн төв, МҮХАҮТ зэрэг байгууллагууд дэмжин хамтран ажиллахаа мэдэгджээ.

“Монгол жинчин” төслийн зөвлөх,доктор, профессор Л.Оюун хэлэхдээ: “Монголын үндэсний бүтээгдэхүүнийг дэмжиж, гадаадын зах зээлд гаргахад ач холбогдол өгч байгаад талархаж байна. Бүтээгдэхүүний нэг асуудал нь борлуулалт байдаг. Үүн дээр бид дэмжин ажиллана. Валютын ханш хамгийн их тулгамдсан асуудал юм. Борлуулалтыг дэмжээд ирэхээр үйлдвэрлэл хөгждөг. Борлуулалтыг нэмэгдүүлэхийн тулд борлуулалтын цогц системийг хийх юм. Үүн дээр зээл, санхүүжилт орж ирнэ. Ирэх баасан гариг буюу дөрөвдүгээр сарын 10-ны өдөр УИХ-ын чуулганы хуралдаан дээр “Хамтдаа хөгжье” гэсэн илтгэл тавих юм.”

“Монгол жинчин” төслийн удирдагч, “Royal Resource Mongolia” ХХК-ийн захирал С.Ариунболд:

-“Манай бүтээгдэхүүн дэлхийн зах зээлд хүчтэй өрсөлдөгч мөн үү гэвэл яг тийм биш. Гэхдээ болно гэдэгт итгэж байна. Түүхэн уламжлалтай монголчуудын соёлыг харуулахын тулд “Монгол жинчин” гэсэн брэндийг бий болгоё гэж зорьсон юм. Энэ брэнд дэлгүүр хоёр чиглэлээр үйл ажиллагаагаа явуулах юм. Нэгд уламжлалт худалдааны төвүүдийг судалгааны үндэслэл дээр хэрхэн хаанa байгуулах, хоёрт нь онлайн худалдаа юм. Хятадын зах зээл дээр онлайн худалдаа өндөр хөгжсөн байдаг. Бид төслийн хүрээнд 100 аж, ахуйн нэгжүүдийг сонгох юм. Үүнд үйлдвэрүүд маань тогтвортой, сав боогдлын хувьд найдвартай байх зарчмыг тавьж байна. Одоогоор том, жижиг гээд янз бүрийн үйлдвэрүүд байна. Үйлдвэрүүдийн борлуулалтыг нэмэх замаар тэдгээрийн цар хүрээг сайжруулах, дэлхийн стандартад хангасан бүтээгдэхүүнүүдийг нийлүүлж байх нь төслийн гол зорилго юм” гэлээ.

Дашрамд тэмдэглэхэд, “Монгол жинчин” төслөөс ирэх баасан гариг буюу дөрөвдүгээр сарын 10-ны 09.00 цагаас “Чингис Хаан” зочид буудлын хурлын танхимд “Үндэстэн дамнасан Үндэсний брэнд” чуулга уулзалтыг зохион байгуулах юм. Одоогоор 500 гаруй аж, ахуйн нэгжүүдэд урилга илгээгээд байгаа аж. Энэхүү чуулга уулзалт үндэсний үйлдвэрлэгч хэн бүхний өмнө нээлттэй байх юм.

Ч.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж