Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн С.Батболд арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Үр хүүхдийнхээ төлөө сэтгэл зүрхээ зориулан сайн сайхан амьдралд хүргэхийн төлөө хөтлөн яваа эцэг эхчүүддээ, хүсэл мөрөөдлөө биелүүлэхээр хөөр баяр инээд баяслаар дүүрэн байгаа хүүхэд багачууддаа Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье. Энэ өдрийг манай улс хүүхдийн баярын өдөр болгон 1952 оноос тэмдэглэж эхэлсэн түүхтэй. Эдүгээ Монгол орон Хүүхдийн баярыг үндэсний хэмжээнд бүх нийтийн амралтын өдөр болгон хуульчлан тэмдэглэдэг цөөхөн улсын нэг болсон байна. Хүүхэд багачууд маань өрх гэрийн, төр улсын, үндэстний ирээдүй. Ирээдүйгээ боддоггүй нэг ч улс орон байхгүй нь мэдээж бөгөөд ирээдүйн тухай яриа бол хүүхэд залуусынхаа төлөө явуулах бодлого, үйл ажиллагаа билээ.
Улс төрийн хүсэл эрмэлзэл байсан цагт их хөрөнгө шаардахгүйгээр хүний хөгжлийг хангаж болдог гэдгийг олон орны туршлага, түүх харуулж байгаа. Хүний хөгжлийг хангаж Монгол хүн бүрийг ажилтай, орлоготой, эрүүл, боловсролтой болгох нь манай Засгийн газрын тэргүүлэх чиглэл байх болно. Монгол Улсын Засгийн газраас 2011 оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарласан. Эцэг, эх нь ажилтай, гэр бүл нь орлоготой байж хүүхдүүддээ боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг чанартай хүртээх орчинг бүрдүүлнэ. Ингэснээр хүүхдүүд маань хараа хяналтгүй байх, хүнд тэвчишгүй хөдөлмөр эрхлэх, хүчирхийлэлд өртөх, ялгаварлан гадуурхагдах нөхцөл байдал үгүй болно. Ялангуяа эцэг эхчүүд хүүхэддээ зориулах цаг завтай байх, “хүн болж” төлөвшихөд нь онцгой анхаарлаа хандуулах, хүссэн мэргэжлээ эзэмшихэд нь хөрөнгө оруулалт хийх боломжийг бүрдүүлэхийн тулд бүх талын дэмжлэг үзүүлэхэд Засгийн газар бодлогоо чиглүүлэх болно” гэдгийг онцлон тэмдэглэлээ.
Монгол Улс 2.8 сая орчим иргэнтэй бөгөөд 0-18 насныхан нийт хүн амын 34 хувийг эзэлдэг байна. Тэдгээрийн сурч боловсрох таатай орчныг бүрдүүлэх хүрээнд тодорхой ажлуудыг шат дараатай хийж буй аж. Улаанбаатар хотын хэмжээнд гэхэд энэ онд 46 сургуулийг засч тохижуулах бол 19 цэцэрлэгийг шинээр барихаар төлөвлөжээ. Орон нутагт ч сургууль, цэцэрлэгүүдийг шинээр барих засч тохижуулах ажил энэ зуны турш үргэлжлэх юм байна.
Баярын энэхүү арга хэмжээний хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Нийслэлийн Баянгол дүүргийн иргэн н.Бөхчулуун гуайд “Манлай ээж” өргөмжлөлийг гардуулан өгсөн юм. Н.Бөхчулуун гуай эдүгээ 78 насны сүүдэр зооглож байгаа бөгөөд 21 хүүхэд төрүүлж өсгсөн буянтай буурал ажээ. Хүүхдүүдээ өсгөж хүмүүжүүлэхийн зэрэгцээ улсдаа 46 жил хөдөлмөрлөжээ.
Монгол Улсын Засгийн газраас энэ оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарлаад байгаа. Үүнийг хувийн хэвшлийн байгууллагууд дэмжиж ажиллаж байгаа аж. Энэ хүрээнд өнөөдөр “Төв краказ” компанийнхан иргэн н.Лхагважавыг ажилд авч, тэрбээр сарын 500 мянган төгрөгийн цалинтай ажил хийхээр болж, батламжаа авлаа.
Сүхбаатарын талбай дахь “Эрүүл орчинд инээмсэглэж амьдарцгаая” уриан дор болж байгаа хүүхдийн баярын энэхүү арга хэмжээнд хүний эрхийн баатар Соосой, Бөмбөөлэй нараас гадна туйлын цагаан баавгай, бананд “нугасгүй” сармагчин, үлгэрийн баатрууд олноор хүрэлцэн ирсэн байгаа тул та бүхэн хамтдаа зургаа татуулж, урлагийн ододын тоглолтыг үзэж болохоор байна. Дашрамд сонирхуулахад Соосой, Бөмбөөлэй хоёр дуучин С.Нарантай хамт “Нүдний шил” дуу дуулж, Сүхбаатарын талбайд “бут” авсан шүү.