Зүүн хязгаарт онцгой эрх олгоно

Хуучирсан мэдээ: 2015.04.07-нд нийтлэгдсэн

Зүүн хязгаарт онцгой эрх олгоно

 

Украины ерөнхийлөгч Пётр Порошенко зүүн хязгаарын хоёр мужид онцгой эрх олгох бүх нийтийн санал асуулгыг эсэргүүцсэн байр сууриа өөрчилснөө мэдэгдлээ. Пётр Порошенко даваа гаригт /IV.6/ Укрианы үндсэн хуулийн өөрчлөлтийг боловсруулж буй парламентын комисстой уулзсаныхаа дараа ийм мэдэгдэл хийсэн аж.

 

Тэрээр “Хэрэв та нар хэрэгцээтэй гэж үзэж байвал мужийн захирагчийн асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулахад би бэлэн байна” хэмээжээ. Гэхдээ Пётр Порошенко холбооны улс байгуулах болон орос хэлийг төрийн албан ёсны хоёр дахь хэл болгохыг эсэргүүцсэн байр сууриа илэрхийлжээ. Харин Украины зүүн хязгаарын босогчдын лидер Андрей Пургин “Бид энд оросоор ярьж байгаа болохоор тэр зүүн хязгаарын дуу хоолойг сонсохгүй байгаа юм” хэмээн мэдэгджээ.

 

Үүний зэрэгцээ Украины ерөнхий сайд Арсений Яценюк зүүн хязгаарын босогчидтой шууд яриа хэлцэл хийхээс татгалзжээ. Тэрээр “зүүн хязгаарт хууль ёсны дагуу сонгогдсон төлөөлөгчидтэй яриа хэлцэл хийхээс Оросын дээрэмчин, террористуудтай уулзахгүй” хэмээн мэдэгдсэн байна.

 

Украины зүүн хязгаарын зөрчил мөргөлдөөн эхлэх үед иргэд мужийн удирдлагаа бие даан сонгож, илүү автономит эрхийг шаардан жагсч байсан юм. Тухайн үед Киевийн загсийн газар жагсагчдын шаардлагыг няцааснаас бослого тэмцэл өрнөсөн билээ. Киевийн засгийн газрын Украины зүүн хязгаар дахь Оросыг дэмжигчидтэй хийсэн жил гарангийн тулаанд 6000 гаруй хүн амь үрэгджээ.

 

Оросыг дэмжигч ерөнхийлөгч Виктор Януковичийг төрийн эрхээс буулгаж, Крым Кремльд нэгдсэний дараа Украины аж үйлдвэрийн зүрх болсон зүүн хязгаарт бослого тэмцэл өрнөсөн билээ. Одоогоор Украины зүүн хязгаарт Минск-2 гал зогсоох гэрээний дагуу талууд тулаанаа зогсоож, галын бүсээс хүнд зэвсэг техникээ татан, хоригдол, барьцааны хүмүүсээ солилцож байна.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж Associated Press

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж