Хуучирсан мэдээ: 2011.06.01-нд нийтлэгдсэн

Эх орноо их саналаа

Дэлхийн зулай гэгдэх Эверестийн ноён оргилд амжилттай авирсан уулын спортын ОУХМ Б.Гангаамаа өнөөдөр эх орондоо ирлээ. Асар их зориг тэвчээр, сэтгэлийн хат, хатуужил тээж Эверестийг зорьсон тэрбээр тавдугаар сарын 21-нд дэлхийн дээвэрт хөл тавьсан юм. Тэрбээр өнөөдөр “МИАТ” компанийн нислэгээр 11.50 цагаас Улаанбаатарт буулаа. Түүнийг БТСГ-ын дарга Ч.Наранбаатар, дэд дарга Д.Сүрэнхорлоо, Үндэсний шигшээ багийн дарга Ц.Одонбаяр, Б.Гангаамаагийн авиралтыг Монголын талаас хариуцсан “Mongolia Expeditions” компани, Монголын уулчдын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Баянцагаан, Монгол Улсын гавьяат тамирчин Г.Өсөхбаяр тэргүүтэй үе үеийн шилдэг уулчид, Б.Гангаамаагийн ар гэрийнхэн болоод хэвлэл, мэдээллийнхэн угтан авч, баяр хүргэлээ.

Б.Гангаамааг эх орондоо дөнгөж буугаад байхад нь сэтгэгдлийг нь хуваалцлаа.

-Юуны өмнө эх орондоо ирсэн сэтгэгдлээ хуваалцахгүй юү?

-Маш их баяртай байна. Хоёр сар гаруй хугацаанд эх орноо их саналаа.

-Эверестийн ноён оргил өөд авирахад хүндрэл бэрхшээл их тулгарав уу?

-Тийм ч амар байсангүй ээ. Гэхдээ энэ талаар, авиралтынхаа талаар, болсон бүх процессийн талаар маргааш хэвлэлийн бага хурлын үеэр та бүхэндээ дэлгэрэнгүй мэдээлэл өгнө өө.

-Авиралт хийсэн экспедицийн бүрэлдэхүүнээ танилцуулаач.

-Нийт найман орны 10 уулчинтай нэг баг болж, дэлхийн ноён оргил өөд авирлаа. Гэхдээ Эверестэд 30-аад орны уулчдаас бүрдсэн 20 экспедици байсан.

-Өмнө нь 2005 онд Монгол хүн анх удаа Эверестийн оргилд эх орныхоо далбааг мандуулсны дараа Бээжингийн олимпиос аварга төрсөн. Харин та сая Монгол Улсынхаа төрийн далбайг дэлхийн дээвэрт мандууллаа. Тийм болохоор 2012 оны Лондонгийн олимпиос дахин аварга төрөх байх гэсэн бэлгэдэлтэй сайхан ерөөл тавимаар байна?

-Тэгэлгүй яахав. Дараагийн олимпиос дахиад аварга төрнө өө, зөндөө олон аварга төрөх байх. Тэдний хийморийг мялаагаад ирлээ.

 Эверестийн ноён оргилд хүрсэн анхны монгол бүсгүй Б.Гангаамаад баяр хүргэе.

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж