Тулгамдсан асуудлуудыг шийдэлд хүргэх боломж олгож байна

Хуучирсан мэдээ: 2011.06.01-нд нийтлэгдсэн

Тулгамдсан асуудлуудыг шийдэлд хүргэх боломж олгож байна

ОХУ-д албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхийлөгч Д.А.Медведев нар уулзалт, хэлэлцээнийхээ дараа өнөөдөр Кремлийн ногоолин танхимд хэвлэлийн бага хурал хийв.

Хэвлэлийн бага хурал дээр Д.А.Медведев хэлэхдээ “Монгол Улсын Ерөнхийлөгч монголын төлөөлөгчидтэй дахин мэндчилэхдээ таатай байна. Бид олон арван жил бат бэх найрамдалт харилцаагаар холбогдож байсныг тэмдэглэмээр байна. Энэ харилцааны талаар өнөөдрийн хэлэлцээгээр бүрэн хэмжээгээр хөндөн ярилаа. Бид хамтын ажиллагааны хамгийн гол түвэгтэй асуудлуудыг хэлэлцлээ. Хэвлэлийн бага хурлын дараа ч үргэлжлүүлэн хэлэлцэнэ. Худалдаа эдийн засгийн харилцааны талаар өргөн бүрэлдэхүүнтэйгээр мэдээлэл солилцлоо. Хоёр орны ард түмэнд үр ашгаа өгч буй харилцааг жилээс жилд бэхжүүлэхийн төлөө байгаагаа бид илэрхийлсэн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлал онцгой жил болж байгааг тэмдэглэмээр байна.Энэ жил олон түүхэн ойнууд тохиож байгаа. Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээсний 100 жилийн, хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 90 жилийн, НҮБ-д Монгол Улс элссэний 50 жилийн ой болж байгаа.Мөн сансарт Юрий Гагарины ниссэний ой, 1981 онд Монгол хүн анх сансарт ниссэний ой болсон. Бидэнд дурсан санах,ирээдүйнхээ талаар эргэцүүлэн бодох их зүйл бий. ОХУ тус улстай эдийн засгийн хамтын ажиллагаанд идэвхтэй оролцож Монголын газар нутаг дээр хэд хэдэн том төсөл хэрэгжүүлж байна. Энэ төслүүд тээвэр, дэд бүтэц, хөдөө аж ахуйг хөгжүүлэх асуудлыг хамарч байна. Үүний ачаар худалдааны эргэлт мэдэгдэхүйц нэмэгдсэн. Худалдааны эргэлт өнгөрсөн жил өмнөх оныхтой харьцуулахад 40 хувь өссөн байна. Энэ онд худалдаа маш хурдан өсөх хандлагатай байгаа. Оны эхний хагаст гэхэд дахиад 50 хувь өсөөд байна. Гэхдээ бидэнд монгол түншүүдтэйгээ хийх их зүйл бий. Худалдааны тэнцэл, алдагдал монгол нөхдийн маань талд ашиггүй гарч байгаа. Тэгэхээр энэ онд ярих, анхаарах зүйл багагүй байна. Хил орчмийн, бүс нутгийн худалдаа нийт бараа эргэлтийн 70 хүртэлх хувийг эзэлж байна. Нөгөө талаар иргэдийн харилцан идэвхтэй зорчиж буй хөдөлгөөн ч үүнд нөлөөлсөн. Ерөнхийлөгч айлчлалынхаа хугацаанд зөвхөн Москва төдийгүй манай хоёр дахь нийслэл Санкт-Петербург, Монголтой ихээхэн холбоотой нутаг Элстэйгээр орно. Хоёр орны харилцаанд хүмүүнлэгийн болон түүх, соёлын асуудлууд чухал байр суурь эзэлдэг. Тиймээс олон төрлийн эх бичиг, Монголтой, мөн бидний хамтын түүхтэй шууд холбоотой архивын баримт судлах асуудлыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уулзалтын явцад хөндсөн. Бас дээд сургуулиудын хоорондын харилцааг өргөжүүлэх боломж байна. Монгол олон оюутан манайд сурч буйг энэ харилцааг цааш хөгжүүлэх ач холбогдолтой хэмээн үзэж бид баяртай байдаг. Бид Монголд орос хэл сурах, судлах уламжлалыг цаашид хадгалан үлдээхийг сонирхож байна. Монголд хувь заяаны тохиолоор олон хүн орос хэл мэддэг болсон нь харилцааг хөнгөвчилж, аж ахуйн олон асуудлыг шийдэхэд дөхөмтэй байдаг. Бид бас манай орнуудад чухал ач холбогдолтой бүс нутгийн болон олон улсын асуудлыг хэлэлцэнэ” гэв.

Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийг нь болон Монголын зочдыг элэгсэг дотно хүлээн авсанд Д.А.Медведевт талархал илэрхийлээд “ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Анатольевич Медведев 2009 онд Монгол Улсад төрийн айлчлал хийсэн. Тэр үед бид хоёр орны хоорон дахь стратегийн түншлэлийг хөгжүүлэх талаар тохиролцоонд хүрсэн. Энэ бол түүхэн айлчлал байсан. Уг айлчлалаас хойш Орос, Монгол хоёр орны харилцаа бүх салбарт маш идэвхтэй байгаа. Нөгөө талаар миний айлчлал түүхэн ойнуудын жил болж байгаагаараа чухал юм. Мөн хоёр орны харилцаанд тулгамдаж буй асуудлуудыг шийдэлд хүргэх боломж олгож байгаагаараа ч чухал айлчлал гэж үзэж байна. Бид дэд бүтэц, худалдааны салбарыг тойрсон асуудлуудыг ярилцлаа. Энэ чиглэлээр хамтарч хийх, харилцан ойлголцолд хүрэх зүйл олон бий. Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүнээр ОХУ-аас бараг зуун хувь хамааралтай байдаг. Энэ газрын тосны бүтээгдэхүүний тасалдлаас болж газар тариалан, үйлдвэрлэл, нийтийн тээвэрт хүндрэл үүсч байгаа.Үүнд Дмитрий Анатольевич онцгой анхаарахаа илэрхийлсэнд гүнээ талархаж байна. Мөн бид тодорхой гэрээнүүдэд гарын үсэг зурлаа. Цэрэг, техникийн хамтын ажиллагааны хүрээнд Зэвсэгт хүчний зэвсэг техникийг шинэчлэх талаар ярилцсан. Соёлын харилцааны хүрээнд ОХУ-ын музей болон архивт байгаа түүхийн үнэт зүйлсийг хамтран судлах тухай ярилцлаа. ОХУ тэтгэлэгтэйгээр монголын оюутнуудыг өөрийн их дээд сургуульд суралцуулах тоогоо төлөвлөгөөтэй нэмэгдүүлж ирлээ. Ирэх хичээлийн жилд монгол оюутны тоог 300-д хүргэхээр шийдвэрлэсэн нь маш чухал юм. Энд ирж сурах оюутнууд бидний ирээдүй, хамтын ажиллагааг авч явах үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэж байна. Дмитрий Анатольевичийн хэлснээр бүс нутгийн болон олон улсын харилцааны асуудлаар өргөтгөсөн уулзалтын үеэр ярих болно. Бидний зүгээс тавьсан бүх асуудлыг хэлэлцэх боломжоор хангасан эрхэмсэг Ерөнхийлөгч Дмитрий Анатольевичид болон Холбооны Улсын зохих албаны хүмүүст гүнээ талархаж байна. Энэ айлчлал найрсаг уур амьсгалд маш сайхан болж буйд бид баяртай байна. Монголын ард түмэн, төр засгийн нэрийн өмнөөс танд болон Оросын ард түмэнд дахин гүн талархал илэрхийлье” гэлээ.

Блүүмбэрг агентлаг: Хоёр Ерөнхийлөгчид хандаж байна.Төмөр замын болон ашигт малтмалын салбарт хамтын ажиллагаа хэрхэн хөгжих талаар юу хэлэхсэн бол? Та нар сая төмөр замын тээврийн асуудлаар хэлэлцээрт гарын үсэг зурсан. Энэ нь Монгол Улс 51 хувийг нь эзэмшинэ гэсэн үг үү,Тавантолгойн болон Дорнодын ордод хамтран ажиллахад хэрхэн нөлөөлөх вэ?

Д.А.Медведев: Бидэнд 1949 онд байгуулсан суурь гэрээ байгаа. Мөнхийн юм гэж үгүй. Өөрчлөгдөж шинэчлэгдэж байх ёстой. Монгол түншүүдтэйгээ Улаанбаатар төмөр замын үндсэн хөрөнгийг нэмэгдүүлэх талаар тохиролцлоо. Төмөр замыг алдагдалгүй тогтвортой сайн ажиллуулах, өөрийгөө хөгжүүлэх санхүүгийн эх булагтай болгохын тулд шаардлагатай хөрөнгө болон техникийн арга хэмжээг авна. Нөгөөтэйгүүр Улаанбаатар төмөр замыг хэрхэн удирдахтай холбоотой шийдэл буюу дүрмийн сангийн хувийг эргэн харах, төмөр замын үйл ажиллагааг бүхэлд нь өөрчлөх асуудлыг хөндсөн. Хэн нь ямар хувь үүрэгтэй байх нь төмөр замын үйл ажиллагааг санхүүжүүлэх, хамтарсан төслийг хөгжүүлэх асуудалтай холбоотой. Хамтарсан боломжийн төслийн тухайд Таван толгойн орд ч хамаарч байгаа. Төмөр замын асуудлаар хэлэлцээ үргэлжлэх болно. Эцсийн бүлэгт Орос, Монголын үндэсний эрх ашгийг харгалзан илүү орчин үед нийцүүлэхийн тулд хэлэлцээрийг эргэн харахад хүрнэ. Таван толгойн асуудлаар бид саналаа Монголын талд хэлчихсэн байгаа. Цөмийн хамтын ажиллагааны асуудлаар төсөл хэрэгжүүлэх асуудлыг бид бас ярилцсан. Эдгээрийг түргэн шийдвэрлүүлэхийн тулд бид өөрсдөө сайн ажиллах ёстой.

Ц.Элбэгдорж: 1949 оны гэрээг өнөөгийн бодит байдалд нийцүүлэн шинэчлэх асуудлыг ярьж байгаа. Энэ талаар хэлэлцээгээ үргэлжлүүлэх болно. Олон асуудлаар бидний байр суурь нэг байна. Таван толгойн асуудлаар Засгийн газар ойрын үед зарласан тендэрийнхээ дүнг гаргана. Энэ тендэрт ОХУ оролцож байгаа. Бид ОХУ-тай энэ чиглэлээр хамтран ажиллах хүсэл бий.

МҮОНРТ:
Дмитрий Анатольевичээс асуумаар байна. Сүүлийн жилүүдэд манай хоёр орон худалдаа, эдийн засгийн харилцаагаа хөгжүүлэх талаар их ярьж байгаа. Гэхдээ бид мэдэгдэхүйц үр дүн олж харахгүй байна. Аль талаасаа саад бэрхшээл учраад байна вэ, үүнийг яаж арилгана гэж та бодож байна?

Д.А.Медведев:
Хэн нь буруутай вэ, яах вэ гэсэн Орос маягийн асуулт асуулаа. Ойлгомжтой шалтгаанаар хэн нь буруутай вэ гэдэгт хариулахгүй ээ. Гэхдээ хоёр тал аль аль нь буруутай байх. Монголтой хийж байгаа худалдааны хамтын ажиллагааны ерөнхий дүнд Орос 20 хувьтай байгаа. Хэрвээ Зөвлөлтийн үеийнхээр бодвол энэ бага байна. Олон улсын эдийн засгийн хүчний хуваарилалтын бодит талаас нь үзвэл энэ тийм ч муу биш тоо. Монголын худалдаанд Хятад лав 50 хувьтай байх. Бид манай энэ хувь хэмжээ өсөж Оросын хувьд ч, Монголын хувьд ч ашигтай байгаасай гэж хүсдэг. Тухайлбал Монгол манай тоног төхөөрөмжийг илүү их худалдан авч, бид хөдөө аж ахуй, хөнгөн аж үйлдвэрийн бүтээгдэхүүнийг нь импртлох хэрэгтэй байгаа юм. Энэ утгаар бараа эргэлтийг эрчимжүүлэх арга хэмжээ авч байна. Юу хийх хэрэгтэй вэ гэвэл хөшүүрэг болохуйц том төслүүд хэрэгжүүлмээр байна. Бидэнд Улаанбаатар төмөр зам, Эрдэнэт гэх мэт түүхэн хөшүүргүүд байгаа. Гэхдээ хамтын ажиллагааны шинэ хүрээ хэрэгтэй байна. Тавантолгой цөмийн салбар гэх мэт том төслүүд хамтын ажиллагааны хөшүүрэг болох ёстой. Тэр үед л Монголтой худалдааны хамтын ажиллагаа хөгжүүлж байгаагаасаа сэтгэл хангалуун байдлыг мэдрэх болно.

www.president.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж