З.Энхболд VS М.Энхсайхан

Хуучирсан мэдээ: 2015.04.07-нд нийтлэгдсэн

З.Энхболд VS М.Энхсайхан

Тавантолгойн асуудлаар УИХ, Засгийн газар хоёр өөр байр суурийг барьж байгаа. УИХ-ын дарга З.Энхболд Тавантолгойн төслийг заавал парламентаар хэлэлцүүлнэ гэсэн бол Монгол Улсын сайд М.Энхсайхан Засгийн газар хууль зөрчөөгүй хэмээн тайлбарласан. Тэдний өгсөн тайлбарыг илүү дутуу үггүйгээр хүргэе.

З.Энхболд: Миний үгэнд итгэх хэрэгтэй

-Энэ гэрээ бол өнөөдөр/өчигдөр буюу V.06/ гарын үсэг зурах гэж байсан хувилбар. Өглөө 10.30 цагт Гадаад хэргийн яамнаас цаасаар болон цахимаар авсан. УИХ-ын вэб сайтад тавигдсан. М.Энхсайхан шиг хүн миний буруу зөв ярихыг шүүхгүй. М.Энхсайханы буруу зүйл хийж байгааг шүүдэг нь УИХ. Тийм учраас миний үгэнд итгэх хэрэгтэй. Тавантолгой бол нийт иргэд хувьцаатай онцлогтой компани. Ийм том хэмжээний хэлцлийг хувьцаа эзэмшигчид бүгд мэдэж, ойлгож, юу хэлэлцэх гэж байгаагаа танилцуулах ёстой. Нууц биш, Засгийн газраас эхнээс нь гэрээг ил тод байлгахыг шаардсан. Засгийн газрын хийж байгаа хэлэлцээрийг нийтэд ил тод гаргаж тавьж байна. Засгийн газрын оруулж ирсэн даруйд нь УИХ гэрээг яаралтай хэлэлцэж, гарын үсэг зурах эрхийг нь олгоно.


М.Энхсайхан: З.Энхболд хариуцлагагүй мэдэгдэл хийлээ

-Харамсалтай нь чуулганы “шинийн нэгний өглөө” УИХ-ын дарга З.Энхболд УИХ-ын чуулганы хуралдааныг нээж хэлсэн үгэндээ Тавантолгой төслийн хэлэлцээний нөхцөл байдлыг буруу ойлгуулах тун хариуцлагагүй мэдэгдэл хийлээ. Тухайлбал, “ нэг улсын хөрөнгө оруулалтыг нийт хөрөнгө оруулалтын гуравны нэгээс ихгүй байлгах “ гэсэн аюулгүй байдлын баримтлалын заалтыг зөрчиж байна гэсэн нь бодит үнэнд нийцэхгүй юм. Энэ тооцоог Ажлын хэсэг гаргаж Засгийн газар, ҮАБЗ-д танилцуулсан бөгөөд дээрх заалт зөрчигдөхгүй.

Тавантолгой төслийн хэлэлцээний явцыг Ажлын хэсэг, УИХ болон олон түмэнд тухай бүр танилцуулж ирсэн бөгөөд Консорциумтай эцэслэн тохирсон гэрээг Ажлын хэсэг зөвхөн Засгийн газарт танилцуулж, Засгийн газар хүрсэн үр дүнг УИХ-д танилцуулах төрийн ёс жаягтай билээ. Гэтэл Засгийн газарт танилцуулж амжаагүй асуудлаар “гарын үсэг зурсан сайд нарыг огцруулах асуудлыг тавих” болно гэж З. Энхболд мэдэгдсэн нь хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн байгуууллагуудын харилцааг эвдсэн Үндсэн хуулийн агуулгыг зөрчсөн гэж үзэж болохоор байна. Ингэхдээ аль 2 дугаар сард ажлын журмаар хэлэлцэж байсан гэрээний төслийг ил болгосон нь хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудыг хувьцаа эзэмшигчдийн эрх ашигтай нь зөрчилдүүлэх зохисгүй алхам болсон байж магадгүй байна.

Бэлтгэсэн Б.ХОНГОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж