Өмнөд Солонгос улсад жил бүрийн дөрөвдүгээр сарын 5-ны өдрийг Бүх нийтийн мод тарих өдөр болгодог байна. Энэ өдөр тус улсын олон мянган иргэд мод, сөөг, бутыг тарьжээ. Харин ням гаригт болсон мод суулгах ажилд ерөнхийлөгч Пак Гын Хе оролцсон байна. 70 дахь удаагаа болж буй энэхүү арга хэмжээнд Пак Гын Хе 2 метр гаруй ургасан модыг суулгажээ. Бүх нийтийн мод тарих ажилд үе үеийн Ерөнхийлөгч нар оролцож ирсэн түүхтэй аж.
БНСУ-ын анхны эмэгтэй ерөнхийлөгчөөр сонгогдсон Пак Гын Хе одоогоос гурван жилийн өмнө шинэ түүхийн хуудсыг бичиж чадсан юм. Тэрээр 2013 оны хоёрдугаар сарын 25-ны өдөр Ерөнхийлөгчийн тангараг өргөж, тус улсын 11 дэх төрийн тэргүүнээр сонгогдсон. Пак Гын Хегийн аав Пак Чон Хи 1967-79 онд улсаа удирдаж байсан юм. Цэргийн дэглэмийн үед буюу хамгийн удаан Өмнөдийг удирдаж байсан генерал Пак Чон Хи Хойд Солонгосын байнгын заналхийлэлд өртөж, 1974 онд нууц албаныханы гарт түүний эхнэр амиа алджээ. Энэ явдлаас таван жилийн дараа буюу 1979 онд генерал Пак Чон Хи өөрийнхөө туслахад хорлогдож, амиа алдсан бөгөөд энэ үед Пак Гын Хе хоёр дүүгийнхээ хамтаар ордноос явсан байна. Айлын ууган охин Пак Гын Хед нэг хэсэгтээ улсынхаа тэргүүн хатагтай болж, аавдаа түшиг болж байсан үе байсан бөгөөд үүнийг ард түмэн мартаагүй нь 2012 оны сонгуулиар түүнд итгэл үзүүлсэн ялалттай холбоотой юм. Ерөнхийлөгчийн охиноос Ерөнхийлөгч болох хүртэлх Пак Гын Хегийн зам дардан байгаагүй.
Манай улсын олон иргэд БНСУ-д сурч, ажиллаж амьдардаг болохоор заримынх нь хувьд “хоёр дахь” эх орон нь болсон билээ.
Ч.БОЛ