Орос Украиныг холбосон “судал”

Хуучирсан мэдээ: 2015.04.07-нд нийтлэгдсэн

Орос Украиныг холбосон “судал”

 

Европын холбоонд нэгдэх гэрээнээс үүдэн ахан дүүсийн харилцаатай явж ирсэн ОХУ, Украины харилцаанд ан цав суусан юм. Крымыг “булааж авсан” болон Украины зүүн хязгаарын салан тусгаарлах бослогод Киев Москваг хардан буруутгаж буй. Өдгөө тэднийг Киевт нийлүүлэх байгалийн хий, Украины газар нутгаар дамжсан хийн хоолойн судал холбож байна. Украин эрчим хүчээ хангахын тулд Оросоос байгалийн хий авах шаардлагатай. Харин ОХУ-д улсын төсвийн багагүй хувийг бүрдүүлдэг байгалийн хийг худалдах хэрэгцээ бий.

 

 

Үнэ буурснаар импорт нэмэгдэв

 

Украин энэ дөрөвдүгээр сард ОХУ-аас нэг тэрбум куб.метр байгалийн хий авах хүсэлт тавьсныг эрчим хүчний сайд Александр Новак мэдэгджээ. Энэ нь өнгөрсөн гуравдугаар сараас байгалийн хийн импортыг гурав дахин нэмэгдүүлсэн үзүүлэлт аж. Украин өнгөрсөн гуравдугаар сарын турш ОХУ-аас өдөрт 10 сая куб.метр байгалийн хий импортлодог байсан бол үнэ хямдруулсан гэрээний дараа өдөрт ойролцоогоор 33 сая куб.метр байгалийн хий авах хүсэлт тавьсан байна. Украины “Нафтогаз” өнгөрсөн долоо хоногт Оросын “Газпром” компанитай ирэх гурван сарын хугацаанд хямд үнээр байгалийн хий авах түр хугацааны гэрээ байгуулсан юм. Украин дөрөвдүгээр сараас зургадугаар сарын дунд үе хүртэл Оросоос авах байгалийн хийн 1000 куб.метр тутамд 248 ам.доллар төлөхөөр тохиролцжээ. Өмнө нь өвлийн турш Киев Оросоос байгалийн хийг 329 ам.доллараар авч байв. Цаашид зуны саруудад Киевийн байгалийн хийн хэрэгцээ багасах боловч 11-12 тэрбум куб.метр байгалийн хий авах хэрэгцээтэй хэмээн Оросын эрчим хүчний сайдын Александр Новак мэдэгджээ.

 

Байгалийн хийн төлбөрийн өр

 

Украин ОХУ-аас экспортлосон байгалийн хийн төлбөрийн таван тэрбум гаруй ам.долларын өрийг төлөөгүйгээс оны өнгөрсөн зургадугаар сард “Газпром” нийлүүлэлтээ зогсоож, Киевийн урьдчилсан төлбөрийн системд оруулсан юм. Украины Орост төлөх ёстой байгалийн хийн өрөнд Европын холбоо санаа тавьснаар гурван тэрбум ам.долларыг “Газпром”-д барагдуулж, аравдугаар сард нь Украин руу нийлүүлэлтийг дахин сэргээсэн билээ. Украин өдгөө ОХУ-д хоёр тэрбум гаруй ам.долларын байгалийн хийн төлбөрийн өртэй үлдсэн ч үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа аж.

 

Чих зөөлөн ерөнхийлөгч Виктор Януковичийг суудлаас нь буулгаж, сөрөг хүчнийхэн засгийн эрхийг авснаар Москва Киевт найрсаг хандахаа больсон юм. ОХУ өмнө нь байгалийн хийгээ хөнгөлөлттэй үнээр Украинд нийлүүлдэг байснаа больж, үнийг 80 хувиар нэмэгдүүлээд байлаа.

 

Шүүхийн зарга

 

Стокгольмын арбитрын шүүхэд Украины “Нафтогаз”, Оросын “Газпром” компаниуд харилцан зарга үүсгээд буй. 2019 оныг хүртэл 10 жилийн хугацаатай байгалийн хий худалдах, худалдан авах тухай 2009 оны нэгдүгээр сарын 19-ний гэрээний дагуу "Нафтогаз" компанийн төлөх ёстой тав орчим тэрбум долларын өрийг төлүүлэхээр "Газпром" өнгөрсөн жил Стокгольмын арбитрын шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Үүний эсрэг Украины үндэсний хувьцаат компани “Нафтогаз” нь байгалийн хийн гэрээг дахин хянаж үзэхийг хүсч Стокгольмын арбитрын шүүхэд хариу нэхэмжлэл гаргасан аж. "Нафтогаз" компани 2010 оноос хойш нийлүүлсэн байгалийн хийн үнэд зах зээлийн ханшаас илүү мөнгө төлж байснаа “Газпром”-оос нэхэмжилжээ.

 

Газпромын орлого буурчээ

 

Дэлхийн газрын тосны үнийн уналтын улмаас “Газпром” компанийн цэвэр ашиг өнгөрсөн онд 189 тэрбум рубль буюу 70 хувиар буурсан байна. “Газпром” нь Оросын валютын орлогын 20 хувь, улсын төсвийн 25 хувийг бүрдүүлдэг хамгийн том компани юм. Тус компани Европын байгалийн хийн хэрэгцээний бараг 30 хувийг дангаар нийлүүлдэг аж. Европын орнууд Оросоос нийлүүлэх байгалийн хийн тал хувийг Украины нутаг дэвсгэрээр дамжсан хоолойнуудаар авч байна.

 

Өмнөд урсгал сүлжээ

 

“Газпром” Өмнөд урсгал байгалийн хийн хоолойн төслийг санхүүжүүлэхэд 40 тэрбум ам.долларыг зарцуулаад байсан ч Оросын засгийн газар өнгөрсөн оны сүүлээр төслийг зогсоосон юм. Өмнөд урсгал дамжуулах хоолойн нэгдсэн сүлжээ нь Хар тэнгисийг гатлан Болгар, Серб, Унгар, Австри, цаашлаад Италиар дамжин Балканы орнууд болон Адриатын тэнгист Оросын байгалийн хийг хүргэх байв. Гэвч Өмнөд урсгал сүлжээ нь төв Европын болоод Балканы орнуудыг байгалийн хийгээр ОХУ-ын хараанд оруулна хэмээн Барууныхан эмээсэн юм. Өмнөд урсгал сүлжээний 930 км бүтээн байгуулалтын ажил Болгарт 2013 оны аравдугаар сард эхэлсэн боловч өнгөрсөн зургадугаар сард зогссон билээ.

 

Б.АНХТУЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж