“Н.Номтойбаяр түр орлогч төдий”

Хуучирсан мэдээ: 2015.04.07-нд нийтлэгдсэн

“Н.Номтойбаяр түр орлогч төдий”

МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэтэй уулзаж ярилцлаа.

-НАМЗХ-ны залуус эрх мэдлээ булаацалдаад хоёр хуваагдлаа гэсэн яриа нэлээд эртнээс цацагдах болсон. Илүү тодорхойгоор хэлбэл, МАН-ын залуус мөнгөтэй нь нэг талд боловсролтой нь нэг талд ялгарчихсан юм шиг харагдаад байгаа. Танай байгууллага дунд яг юу болоод байна вэ. Та хэнийг нь дэмжиж байна?

-Би өөрийгөө Ардын намын гишүүн гэж боддог. Манай залуучуудын байгууллагын хувьд 18 жилийн түүхтэй. Энэ хугацаанд өчнөөн олон сорилтыг давсан. Өнөөдөр ч бас нэгэн сорилт бидний өмнө тулгарлаа гэж харж байгаа. Ялангуяа залуучуудын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаагийн хувьд төв байр сууринаас хандаж зарчим, дүрмээ сахиж ажиллах нь чухал байна. Миний хувьд хэн нэгнийг дэмжих, дэмжихгүй асуудлыг ярих ёсгүй. Дүрэм, зарчимаа баримталж ажиллах ёстой. Өнгөрсөн хугацаанд манай байгууллага гол зарчимаа баримталж, дүрмийн дагуу ажиллаж ирсэн. Өнөөдөр ч, маргааш ч, цаашдаа ч дүрэм, зарчимаа бид нэгдүгээрт тавих болно. Бидний үнэт зүйлсийн нэг бол энэ.

Хэвлэл мэдээллээр манай байгууллагатай холбоотой янз бүрийн мэдээлэл явж байна. МАН-ын залуус баян, ядуугаараа ялгарчихлаа гэх ч юм уу, НАМЗХ хоёр хуваагдчихлаа гэсэн мэдээллүүдийг олж уншсан. НАМЗХ гэхээсээ энэ байгууллагын Удирдах зөвлөлийнхөн нэг асуудлаас болоод хоёр талд гарчихсан юм шиг сэтгэгдлийг олон нийтэд төрүүлж байгаа нь бидний алдаа. Яг өнөөдөр манай жирийн гишүүд дэмжигчдийн хувьд энэ асуудал ямар ч хамаагүй.

Нэг талд нь намын болон НАМЗХ-ны нэрээр албан тушаал, эрх мэдэлд хүрсэн нөхдүүд дүрмээ өөрчилж бэхжихийг, нөгөө талд нь улс төрд бор зүрхээрээ, байгууллагынхаа үнэт зүйл, зарчимыг дээдэлж яваа хэсэг залуус дүрмээ барьж ажиллахыг л шаардаж байгаа юм шиг өнцөг олон нийтэд харагдсан болоод л баян, ядуугаараа ялгарлаа гэж ярьж байгаа байх. Асуудлыг гадагш нь дэврээлгүй аль болохоор тогтоон дотроо шийдэхийг хүссэн. Энэ байдал зөвхөн өнөөдөр ч байгаагүй ээ. Гэвч, зарим хүмүүс дүрмээ илт зөрчин, зарчимаа уландаа гишгээд байгааг хараад харамсч байна.

-Ингэхэд НАМЗХ хоёр толгойтой болчихсон юм биш үү. Л.Оюун-Эрдэнэ болохоор ажлаа албан ёсоор өгөөгүй гэдэг. Гэтэл УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “Би НАМЗХ-ны ерөнхийлөгч” гээд яваад байдаг. Аль нь яг албан ёсны ерөнхийлөгч юм бэ?

-НАМЗХ-ны ерөнхийлөгчийг холбооны их хурлаас сонгодог дүрэмтэй. Энэ зарчмын дагуу манай холбооны ерөнхийлөгч бол яалт ч байхгүй Л.Оюун-Эрдэнэ. Н.Номтойбаяр гишүүний хувьд ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч гэж явж байгаа. Үүрэг гүйцэтгэгч гэж албан тушаал манай НАМЗХ-ны дүрэмд байдаггүй. Ерөнхийлөгчийг эзгүйд ерөнхий нарийн бичгийн дарга орлох дүрэмтэй. Гэтэл яаж яваад НАМЗХ хоёр толгойтой, хоёр ерөнхийлөгчтэй болов оо гэдэг асуудал хөндөгдөж таарна байх. Магадгүй НАМЗХ хоёр ерөнхийлөгчтэй болсон юм шиг, эсвэл Л.Оюун-Эрдэнэ ажлаа өгсөн гэж олон нийтэд ойлголт төрүүлэх сонирхол хэн нэгэн хүнд байж болох талтай. Бидний хувьд 2010 оны есдүгээр сард IV их хурлаа хийсэн. 2010 оноос хойш дахин их хурлаа хийж амжаагүй явж байна. Тийм болохоор НАМЗХ ганцхан ерөнхийлөгчтэй. Тэр нь Л.Оюун-Эрдэнэ гэдгийг дахин хэлье.

-Нэг ойлгомжгүй асуулт байна. Хэрэв танай байгууллагын ерөнхийлөгчийг эзгүйд генсек нь орлох ёстой юм бол Н.Номтойбаяр гэдэг хүнийг яагаад үүрэг гүйцэтгэгчээр томилсон юм бэ?

-Үнэхээр ойлгомжгүй санагдах нь зөв. Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэх тухайд бол ямарваа нэг тогтоол шийдвэр их хурлаас бол гараагүй. Үндсэндээ Удирдах зөвлөлийн хэдэн хүн хоорондоо ярилцаад, Бага хурлыг хуралдуулаад тогтоол гаргаад шийдчихсэн асуудал. Гэхдээ Л.Оюун-Эрдэнэ ерөнхийлөгчийг Монголд эргэн ирэхэд шууд болих нөхцөлтэйгөөр.

-Энэ тогтоолын дагуу бол УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр бол түр л үүрэг гүйцэтгэгч юм байна шүү дээ?

-Тийм.

-Тэгээд яагаад НАМЗХ-ны ерөнхийлөгчийн суудлыг авахаар булаацалдаад байгаа юм бол. Н.Номтойбаярт мөнгө байна, эрх мэдэл байна, албан тушаал байна. Юу дутлаа гээд НАМЗХ-гоор оролдоод унав аа гэдэг асуулт байна?

-Мэдэхгүй юм даа. Өөрөөс нь асуусан нь дээр.

-НАМЗХ нийтдээ хичнээн гишүүнтэй байна?

-Одоогоор 64 мянган гишүүнтэй. Гэхдээ нэг зүйлийг нэмж хэлэхэд, энэ тоонд гишүүд болон дэмжигчид багтаж байгаа гэдгийг онцолмоор байна.

-Ирэх долоо хоногт НАМЗХ-ны Бага хурлыг хуралдуулж, дүрэмдээ өөрчлөлт оруулах мөн Н.Номтойбаяр гишүүнийг ерөнхийлөгчөөр сонгохоор тохиролцсон гэсэн. Л.Оюун-Эрдэнэ Америкаас ирж оролцох юм уу?

-Миний зүгээс НАМЗХ-ны бүх гал тогоог нь барьж байгаа хүний хувьд дөрөвдүгээр сарын 11-нд буюу ирэх хагас сайн өдөр болох Бага хуралдаа ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэ болон үүрэг гүйцэтгэгч Н.Номтойбаяр нарыг хоёуланг нь ирж оролцох хэрэгтэй гэсэн санал гаргасан. Өмнө нь бас Н.Номтойбаяр дүрмийн бусаар Бага хурлыг хуралдуулахаар оролдож байсан. Үүнээс болж би Н.Номтойбаярыг Хяналтын хороонд өгч байсан удаа бий. Уг нь Л.Оюун-Эрдэнэ ерөнхийлөгч ирэх тавдугаар сард Бага хурлаа, зургадугаар сард Их хурлаа хуралдуулахаар намын дарга болон удирдлагуудтай ярилцаад шийдвэрлэчихсэн байхад, заавал тэр хүнийг ирэхээс нэг сар хүрэхгүй хугацааны өмнө бага хурлыг хуралдуулах гээд зүтгээд байгааг цаанаа улс төрийн ямар нэгэн том зорилго байна гэж харахаас өөр арга алга даа.

-МАН-ын багачуудын хэрүүл томорсоор томчууддаа халдварлавал илүү том асуудал дэгдэх нь тодорхой. Арван зургаан оны сонгууль ойрхон байна. Гэтэл залуус нь хоёр хуваагдчихлаа. Намын нэр хүндэд сөргөөр нөлөөлж магадгүй. НАМЗХ-ны хэрүүлийг танай намын томчууд яаж хүлээж авч байх юм бэ?

-Миний хувьд намын генсек, бусад нарийн бичгийн дарга нартай уулзсан. Энэ асуудал дөнгөж өнөөдөр эхэлчихээгүй юм. Магадгүй МАН-ын залуусыг хагаралдуулах гэсэн гадны зорилготой чулуу ч энэ дотор явж байхыг үгүйсгэхгүй. Залуучуудын байгууллага дотор юу болоод байгааг намынхаа удирдлагуудад хэлсэн. Хэрвээ энэ асуудал яван, явсаар томрохыг, энэ нь МАН-ын нэр хүндэд нөлөөлөх хэмжээний том асуудал болж хувирахгүй гэж хэлж чадахгүй. Гол нь үүний төлөө л НАМЗХ-д болж байгаа бүхэнд анхаарлаа хандуулахыг л тэднээс хүссэн хэрэг шүү дээ. НАМЗХ-г хагалах, бутаргах аюул нүүрлэж байна гэдгийг би намынхаа удирдлагуудад дуулгасан. Магадгүй намын удирдлагууд залуус өөрсдөө учраа олно гэж харж байгаа байх. Бид ч бас үүнийг дотооддоо дүрмээ, зарчмаа баримтлаад шийдэж чадвал сайн байна.

-Сонгуулийн дараа МАН-ын олон залуу гадаадад сурахаар явсан. Танай намын генсек болохоор зугатсан биш зүтгэсэнд нь боломж олгоно гэдгээ намынхаа Их хурлын үеэр зарласан шүү дээ?

-Л.Оюун-Эрдэнийг зугатсан гэж хэлж байна уу? Л.Оюун-Эрдэнэ хувьд зугатсан зүйл байхгүй. Нэгдүгээрт, 2013 онд намын даалгавраар Харвардад сурахаар явсан. Гэхдээ Ерөнхийлөгчийн сонгуулиар, Намын их хурлаар гээд чухал бүхий л улс төрийн шийдэл гарах үйл явцад Монгол Улсад байж холбоогоо толгойлон оролцсон. Улс төрийн намын эрхэм зорилго бол засаглал барих. Засаглал барихын тулд боловсон хүчнээ чадавхжуулах нь чухал. Түүнийг эзгүйд НАМЗХ-г хөдөлгөх сонирхол эрчимжсэн. Нөгөө талаар, хэрэв Л.Оюун-Эрдэнэ намын даалгавраар Харвардад сурахаар яваагүй бол өнөөдөр Г.Занданшатар юм уу, Ж.Мөнхбатын орон намын генсекээр ажиллаж байх магадлалтай л байсан. Аль эсвэл хамтарсан засгийн үед аль нэг яамны сайд болж магадгүй байсан. Л.Оюун-Эрдэнийн хувьд залуучуудын байгууллагадаа төдийгүй намдаа нэр хүндтэй манай намын шилдэг залуу улстөрчдийн нэг. Тийм олон боломжууд хүлээж байхад зугатана гэж байхгүй шүү дээ. Ер нь тэгээд 2012 оны УИХ сонгуульд намын жагсаалтын дээгүүр байсан ч хойш нь татаж олон нөхдөө урдуураа оруулаад л явж байсан. Эрх ашгаас илүүтэй эв нэгдэл, багаар явах систем, хол явах замыг эрхэмлэдэг хүн. Өөр хүн байсан бол өнөөдөр хэзээний УИХ гишүүн гээд сууж байх байсан биз.

-НАМЗХ-ны Бага хурлаар насны босгыг 40 болгох саналыг Н.Номтойбаярын зүгээс гаргахаар төлөвлөж байгаа гэх мэдээлэл байна лээ. Өмнө НАМЗХ–ны гишүүдэд насны ямар хязгаар тавьдаг байсан юм бэ?

-Манай НАМЗХ бол үе, үеийн залуучуудын байгууллага. Манай залуучуудын байгууллагын дүрэмд 35 насны босго заасан байдаг. Бид нар үе, үеэрээ л явах болно. НАМЗХ-ны гишүүн 35 нас хүрсэн бол дараагийн үедээ зайгаа тавиад явдаг. Ийм дүрэм манай байгууллагад үйлчилдэг. Хэрэв дүрэмд өөрчлөлт оруулаад 40 насны босго тавих юм бол залуучуудын байгууллага гэж нэрлэхээ болих хэрэгтэй. Шууд “Ахмадын холбоо” хүртлээ явбал яасан юм бэ. Н.Номтойбаяр нарын зүгээс ийм саналыг Удирдах зөвлөл дээр гаргасан гэж сонссон. Үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Саяхан хуралдсан МЗХ-тай НАМЗХ-г адилтгаад байгаа юм шиг байна лээ. Манайх бол МАН-ын дэргэдэх үе, үеийн залуучуудын байгууллага. Монголын залуучуудын холбоо бол нийт Монголын залуучуудын эрх ашгийг хамгаалах ёстой төрийн бус байгууллага.

-Н.Номтойбаяр, О.Содбилэг нарын хувьд танай дүрмээр НАМЗХ-ноос тэтгэвэртээ гарах болчихсон юм байна шүү дээ ?

-Дүрмийн дагуу 35 нас хүрсэн бол дараагийн залуу үедээ суудлаа тавьж өгөх ёстой. НАМЗХ 18 жилийн турш идэвхтэй оршин тогтносны нэг үндэс насны зааг. Үе, үеийн залуучуудын байгууллага гэдэг утгаараа бид дараагийн үедээ боломж олгох ёстой юм.

-НАМЗХ-ын гишүүд, дэмжигчид дунд Л.Оюун-Эрдэнэ, Н.Номтойбаярын хэн нь илүү нэр хүндтэй вэ. Мэдээж, хийсэн ажлыг харьцуулаад дүгнэвэл шүү дээ?

-НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдоод Монгол орноо хоёр ч удаа бүтэн тойрч ажиллалаа. Үнэнийг л би хэлье. Манай байгууллагад нийгмийн ардчилал, социал демкорат үзлийг Л.Оюун-Эрдэнэ ерөнхийлөгч оруулж ирсэн. Н.Номтойбаярын сургийг сонссон болохоос барааг нь хараагүй гишүүн олон байгаа. Н.Номтойбаяр гишүүний хувьд НАМЗХ дээр биш УИХ-ын бүлэг дээр түлхүү ажилласан. Ирэх бямба гаригт болох Бага хурлын үеэр миний зүгээс өнгөрсөн жилүүдэд НАМЗХ яаж ажилласан бэ гэдэг үнэн нүүр царайг нь гишүүд, дэмжигчиддээ дэлгэнэ гэж бодож байгаа.

-НАМЗХ-ны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр Н.Номтойбаярыг томилоход танай намын олон залуус мөнгөтэй хүний ивээлд орлоо гэж харж байсан?

-Ний нуугүй хэлэхэд, манай залуусын дунд ийм хүлээлт байсан байх. Гэхдээ Н.Номтойбаяр үүрэг гүйцэтгэгчээр томилогдоод ажилласан хугацаанд манай байгууллагыг санхүү, хөрөнгө мөнгөөр дэмжсэн юм байхгүй шүү. Харин ч Л.Оюун-Эрдэнийн үетэй харьцуулахад НАМЗХ-ны санхүү эрс муудсан. Ажлын албаныхаа ажилчдын бүтэн нэг жил гарангын нийгмийн даатгалыг төлөөгүй, гурван сараар цалин тасарсан. Үнэнийг би хаана ч хэлнэ. Н.Номтойбаяр гэдэг мөнгөтэй хүний ивээлд орсноор НАМЗХ-ны үйл ажиллагаа эрс идэвхижсэн юм байхгүй шүү. Ер нь тэгээд хэн нэгэн албан тушаалтан орж ирээд энэ байгууллагыг хутгаж, талцуулж чадахгүй. Энэ бол итгэл үнэмшлээрээ нэгдсэн залуучуудын байгууллага.

-Н.Номтойбаярын зүгээс өөрийг нь чинь ажлаа өгөхийг шаардсан гэж сонссон юм байна. Үүнтэй холбоотойгоор МАН-ын НАМЗХ-г “МАК”-ын гарт орох нь гэсэн яриа хүртэл гарсан байна лээ, сонссон л биз дээ?

-Намайг дуудаж, ажлаа өгөхийг нэг, хоёроор тогтохгүй шаардсан. Хэн нэгний шахалт, дарамтаас болж ажлаа өгдөг хүн би бишээ. Дүрмийн дагуу сонгогдсон холбооны Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд би өөрийгөө муу ажиллаагүй гэж бодож байна. Ерөнхийлөгчийг эзгүйд ажлыг нь унагахгүйн тулд орон нутгаар олон удаа явлаа. Гишүүд дэмжигчидтэйгээ уулзлаа. Компанийн эзэн хэнийг халж, хэнийг ажлуулах нь өөрийн хэрэг байж болно. Харин НАМЗХ бол үе, үеийн залуучуудын байгууллага. Мөнгөтэй, албан тушаалтан болгон орж ирээд сандал суудлыг нь худалдаад авчихдаг газар биш. Үүнийг сайн ойлгох хэрэгтэй. Тийм ч учраас би дүрмээ барьж ажиллахыг Удирдах зөвлөлөөсөө шаардах болно.

Ж.НЯМСҮРЭН

Эх сурвалж: "NEWS WEEK" сонин

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж