Утсаар эм захиалснаас болж эрсдэл үүссэн гэв

Хуучирсан мэдээ: 2015.04.06-нд нийтлэгдсэн

Утсаар эм захиалснаас болж эрсдэл үүссэн гэв

“Монос” группээс эмчийн жорын дагуу эм нийлүүлэхдээ андуурч буруу эм нийлүүлснээс Эх хүүхдийн эрүүл мэндийн төвд эмчлүүлж байсан найман хүүхэд хордлогод орсон мэдээлэл өнгөрсөн долоо хоногт гарсан. Ямар шалтгаанаар хүүхдүүд хордсон талаар өнөөдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээлэл хийлээ. Тус газрын хэлтсийн дарга Н.Гансүх “Гуравдугаар сарын 19-нд Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвд тендерээр олгогдож байсан жилийн эмний хэрэгцээ дууссан байсан. Гуравдугаар сарын 20-ноос эхлээд эм олгогч Моносын эмийн агуулах руу утасдаад “Ланадексон гэдэг эмийг тасраад байна, үүнийг яаралтай олгооч” гэж мэдээлсэн байгаа. Эм тасарсан тохиолдолд удирдлагадаа мэдэгдээд албан бичгээр харьцах ёстой. Хамгийн том алдаа энэ байсан.  Утсаар мэдээлэхдээ Ланадексон хэрэгтэй байна гэж худалдааны нэршлээр хэлсэн байгаа. Эмийг олон улсын нэрээр нэрлэх ёстой. Гэтэл цаанаа буруу сонссон юм уу, ямар учир шалтгаантайг нь мэдэхгүй ч Ланарсорбид хэмээн андуурч олгосон” гэж мэдээлсэн юм.

Мөн тэрээр ийнхүү хариуцлагагүй байдлаас болж эмэнд хордсон найман сартайгаас 15 настай найман хүүхдийн дөрөв нь эмчлэгдэж эмнэлгээс гарч, дөрвөн хүүхдийн биеийн байдал харьцангуй гайгүй, эмчлэгдэж байгаа гэсэн юм.  Харин хариуцлага алдсан байгууллагуудын удирдах албан тушаалтнуудад хариуцлага тооцох гэнэ.

Д.ЖАРГАЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж