Тавантолгойн асуудлыг УИХ-ын гадуур шийдвэрлэнэ гэж байгаа сайд нартай хариуцлага тооцох нь зөв

Хуучирсан мэдээ: 2015.04.06-нд нийтлэгдсэн

Тавантолгойн асуудлыг УИХ-ын гадуур шийдвэрлэнэ гэж байгаа сайд нартай хариуцлага тооцох нь зөв

 

УИХ-ын хаврын чуулганы нээлтийн дараа УИХ-ын гишүүн Ж.Батзандангаас УИХ-аар хэлэлцэх гэж буй хуулийн төслүүдийн талаар цөөн асуултад хариулт авлаа.

 


-УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцдог болох тухай хуулийн төслийг оруулах гэж байгаа тухай дуулсан. Энэ төсөлд ямар заалтууд орсон бэ?

 

-Хариуцлагын тогтолцоог чамбайруулах чиглэлд гурван хуулийн төсөл энэ удаагийн чуулганаар хэлэлцэгдэнэ. Нэгдүгээрт, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн барьсан Сонгогдсон болон томилогдсоy албан тушаалтнуудад хариуцлага тооцох тухай хуулийн төсөл гэж нэлээд чамбай төсөл орж ирсэн.

 

Энэ хуулийн төсөлд төрийн албан тушаалтнуудын ёсзүйн хариуцлага, улс төрийн хариуцлагатай холбоотой заалтууд орж ирсэн. УИХ-ын гишүүнээс эргүүлэн татах хүртэл зохицуулалт энэ хуульд тодорхой тусгагдсан. Хоёрдугаарт, Өргөдлийн байнгын хорооны гишүүд бид ярилцаж байгаад УИХ-ын гишүүдийн үндэслэлгүйгээр хуралдаанаа тасалдгийг зогсоох, бусдын кнопыг илт хууль бусаар дардаг байдлыг зогсоох, согтуу хөлчүүгээр хуралдаанд орох зэрэг зөрчлийг төгсгөл болгоё гэсэн үүднээс хоёр хуулийн төслийг өргөн барьсан.

 

Нэг нь, Төрийн ордны тухай хууль нэмэлт, өөрчлөлт оруулж байгаа. Хоёр дахь нь, УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулж байгаа. Өөрөөр хэлбэл, илт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдааныг олон цагаар тасалсан тохиолдолд торгууль, шийтгэл оногдуулах, зөрчил гэж үздэг болох гэх мэт заалтууд оруулж байгаа.

 

-Бусдын кнопын дарсан тохиолдолд ямар хариуцлага хүлээлгэх вэ?

 

-Энэ талаар нөгөө талд судлаачдын дунд маргаан өрнөж байгаа. Ер нь бусдын кнопыг дарна, кнопоо бусдад шилжүүлэхийг эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэж байна гэж үзнэ. Энэ бол гэмт хэргийн шинжтэй асуудал. Энэ талаар нэлээд нухацтай ярина. Хуулийн төслүүдийн заримыг өргөн барина. Зарим нь хэлэлцүүлгийн шатандаа яваа. Юутай ч хаврын чуулганаар хариуцлагын хуулиуд батлагдан гарна гэж найдаж байна.

 

-Сонгуулийн хуулийн Ажлын хэсгийн явц ямар шатандаа байна вэ?

 

-Сонгуулийн нэгдсэн хуулийн Ажлын хэсгийн ахлагчаар Р.Бурмаа гишүүн ажиллаж байсан. Тэрбээр сайд болсонтой холбогдуулж, УИХ-ын даргын захирамжинд өөрчлөлт орж, намайг Ажлын хэсгийн ахлагчаар томилсон. Сонгуулийн хууль улстөрийн бүх намуудын зөвшилцөл дээр тулгуурлан гарах ёстой. Одоогийн байдлаар намууд хэд хэдэн асуудал дээр ойлголцсон. Орон нутгийн, УИХ-ын, Ерөнхийлөгчийн гэх мэт олон сонгууль явуулдгийг больё гэж байгаа. Дөрвөн жилийн хугацаанд дахин болон нөхөн сонгуультай нийлээд бараг 40 гаруй сонгууль хийж байна. Бүх шатны сонгуулийг нэг өдөр хийдэг болъё гэж анхаарал тавин ажиллаж байгаа.

 

-Намууд сонгуулийн тогтолцоон дээр байр сууриа нэгтгэж чадсан уу?

 

-Ойлголцож чадаагүй нэг л асуудал байгаа нь тогтолцоо. Тэгэхээр УИХ-д суудалтай болон суудалгүй намууд хэзээ зөвшилцөлд хүрнэ тэр үед энэ хууль хэлэлцэгдэнэ.

 

-Сонгуулийн тухай хуульд сонгуулиас зургаан сарын өмнө өөрчлөлт орох ёстой?

 

-Ер нь энэ хаврын чуулганаар Сонгуулийн хуульд өөрчлөлт орохгүй бол хуучин хуулиараа 2016 оны сонгууль явах байх.

 

-УИХ-ын дарга Тавантолгойн хэлэлцээрийг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх ёстой гэж байна. Та ямар байр суурьтай байна вэ?

 

-Бид Монгол Улсын хуулиа дагаж мөрдөх ёстой. Стратегийн ордуудын ашиглалт, олборлолт, эзэмшлийн асуудал дээр УИХ шийдвэрээ гаргана гэж хуульд тодорхой заасан байгаа. Тэгэхээр УИХ-ын эрхэд хамаарч байгаа асуудлыг Засгийн газар  шийдэж болохгүй. УИХ-ын 76 гишүүн бол Монголын ард түмнийг төлөөлж байгаа. Энэ асуудлыг УИХ-ыг тойруулах замаар хэлэлцвэл хууль зөрчсөн үйлдэл болно.

 

-Засгийн газар Тавантолгойн гэрээний асуудлаар бие даан шийдвэр гаргах эрхзүйн боломж байгаа юм биш үү?

 

-Боломжгүй.

 

-Та ер нь Тавантолгойн төслийг дэмжиж байна уу?

 

-Тавантолгой, Оюутолгойн асуудал Монголын иргэдэд ашигтайгаар эргэх ёстой. Гаднынхны эрх ашгийг 100 хувь хангасан, монголчуудын нийтлэг эрх ашгийг хохироосон төсөл байж болохгүй. Хэрэв УИХ-ын үндсэн эрхэд хамаарах асуудлуудыг УИХ-аас асуухгүй шийдвэрлэнэ гэж мугуйдлан зүтгэж байгаа сайд нар гарын үсэг зураад үндэсний эрх ашгаа хохироосон тохиолдолд хариуцлага ярина гэж УИХ-ын дарга нээлтийн үгэндээ хэллээ. Би үүнийг зөв гэж бодож байна.
 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж