Амралтын өдрүүдэд нийтийн тээврийн хэрэгсэлд зорчиж байгаа болон гудамжаар яваа охидуудад тариа тарьж, улмаар хүний амь нас эрсдсэн тухай мэдээлэл олон нийтийн мэдээллийн сүлжээ болон фэйсбүүк хуудсуудаар түгээгдсэн. Улмаар энэхүү мэдээлэл нь олны анхаарлыг багагүй татаж цочирдуулсан юм. Тэгвэл цагдаагийн байгууллагаас энэхүү мэдээллийг шалгахад 1987 онд төрсөн Э гэгч залуу бусдын амнаас сонссон буруу ташаа мэдээллийг үнэн мэтээр нийтэд түгээсэн нь тогтоогдсон байна.
“Нэгэн үйлчилгээний газрын ажилтан захирлаасаа чөлөө авах гэж миний дүү бусдад хорлогдон, тариа хийлгүүлсний улмаас амь насаа алдсан юм. Иймд цалингийн урьдчилгаа болон чөлөө өгнө үү гэж хэлснийг нь хамт ажилладаг ажилтнууд нь сонсож дэгсдүүлэн худал мэдээлэл тараах гол эх сурвалж болсон байна. Улмаар олон нийтийн сүлжээгээр янз бүрээр худлаа мэдээлэл гарсныг иргэн Э өөрийн фээсбүүкээрээ дамжуулан жинхэнэ болсон үйл явдал мэт бусдад тарааж, ямар ч ор үндэсгүй мэдээллийг олон нийтэд хүргэсэндээ уучлал хүссэн” гэж Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.
Д.ЖАРГАЛ