Хөвсгөл аймгаас бэлтгэсэн багц мэдээ

Хуучирсан мэдээ: 2015.04.06-нд нийтлэгдсэн

Хөвсгөл аймгаас бэлтгэсэн багц мэдээ

Хөвсгөл аймаг гурилын экспортыг нэмэгдүүлнэ

Улсын хэмжээнд малынхаа тоогоор эхний тавд жагсдаг Хөвсгөл аймагт энэ жил 1.8 сая толгой мал төллөнө. Одоогоор 156 мянга гаруй толгой мал төллөөд байна. Энэ нь төллөх малын 14.6 хувийг эзэлж төлийн хорогдолгүй байгаа юм байна. Тус аймгийн 40 орчим хувийг газар тариалангийн бүс нутаг эзэлдэг. Гурилынхаа хэрэгцээг 100 хувь орон нутгаасаа хангадаг. 2014 онд Атрын 55 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлсэн. Энэ нь газар тариаланчдын урмыг сэргээж, идэвхийг нь сайжруулсан үйл явдал болсон. Цаашдаа гурилын экспортын хэмжээг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллана. Энэ ажлын үр дүн хаврын тариалалт, намрын ургац хураалтаар харагдана гэж Аймгийн Засаг дарга А.Эрдэнэбаатар ярьж байна. Одоо тус аймагт хаврын тариалалтын бэлтгэл ажил ид өрнөж, уринш бэлтгэх ажилдаа оржээ.

Хөдөлгөөнт эргүүл үр дүнтэй байна

Хөвсгөл аймгийн газар нутгийн 65 орчим хувь нь хуурайшилтай байна. Өнгөрсөн өвөл хур тунадас бага унаж  газар нутгийн  35 хувь  нь чийгшилтэй байгаа аж. Энэ нь ой хээрийн түймэр гарах магадлалыг өндөрсгөж байгаа юм байна. Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх зорилгоор Онцгой комиссын бүрэлдэхүүнийг өргөжүүлж, Байгаль хамгаалах улсын байцаагчид, байгаль хамгаалагч, Хилийн цэрэг, Цагдаагийн газраас хүч нэмэгдүүлэн  аймгийн эргэн тойронд хөдөлгөөнт эргүүлийн багуудыг  гаргасан байна. Ялангуяа ойн сан голлодог нутгуудаар эргүүлийг түлхүү ажиллуулж байгаа ажээ. Хөдөлгөөнт эргүүлийг ийнхүү жил бүр зохион байгуулснаар өнгөрсөн онд гэхэд Хөвсгөл аймаг  ой хээрийн түймэргүй хаваржсан байна.  Хоёр удаагийн  ой хээрийн  жижиг түймрийг эс тооцвол  өмнөх жилүүдийнхээс эрс багассан байна. Ой хээрийн түймэртэй тэмцэх ажилд энэ жил 12 сая төгрөг зарцуулахаар шийдвэрлэсэн ажээ.  Аймгийн Засаг даргын  захирамж, албан даалгавар, зөвлөмж ийнхүү үр дүнгээ өгчээ.

Хөвсгөл далайгаар тээвэр хийхийг хориглов

Энэ сарын 1-нээс Хөвсгөл далайд тээврийн хэрэгслээр зорчихыг хориглосон шийдвэрийг Аймгийн засаг дарга гаргасан байна. ОХУ-д визгүй зорчдог болсонтой холбоотойгоор Хөвсгөл аймгийн иргэд болон худалдаа бизнес эрхлэгчид  мөсөн замаар зорчиж хил давах нь их байжээ. Байгаль цаг агаар дулаарсантай холбоотой мөс цөмрөх аюултай нөхцөл байдал үүссэн байна. Үүнтэй холбоотойгоор тусгай эргүүлийг ажиллуулж эхэлсэн байна. Хоёр улсын хилийн боомт байрладаг Ханх суманд Сантын даваагаар зорчихыг иргэдэд сануулж байна. Сантын даваа зарим газраа хаагдсан гэсэн мэдээллийн мөрөөр эргүүл шалгалт хийжээ. Зам хаагдсан  цэгүүдийг онгойлгоод байна. Одоогоор Сантын даваагаар автомашин зорчих бүрэн боломжтой юм байна.

Мөрөн суманд энэ жил 9.8 км авто зам барина

Улсын төсвөөс Хөвсгөл аймагт энэ жил  38 тэрбум төгрөг баталжээ. Мөрөн суманд энэ жил 9.8 км авто зам барина. Мөн Сэлэнгэ болон Дэлгэрмөрөн гол дээр нэг тэрбум төгрөгөөр гүүр барихаар болжээ. Дөрвөн сургууль, таван цэцэрлэгийн барилгын ажлыг гүйцээж дуусгах юм байна.  Шинээр хоёр соёлын  төв, битүү захын  барилгыг барина. 2015 онд Хөвсгөл аймагт төсвийн хөрөнгө оруултаар хийх ажил багассан байна. 2014 онд зөвхөн ОНХСанд 12 тэрбум төгрөг баталж байсан бол энэ жил даруй нэг дахин буурч таван тэрбум төгрөг болжээ. Үүний  60 хувь нь болох гурван тэрбум төгрөгийг 23 сумдад хуваарилсан байна. Үлдсэн хоёр тэрбум төгрөгийг бүтээн байгуулалтын  зарим дутуу хийгдсэн ажилд зарцуулахаар болжээ.Тухайлбал, Хатгал тосгоны хүүхдийн цэцэрлэгийн барилгыг гүйцээхэд 480 сая төгрөгийг ОНХС-ийн хөрөнгөөс гаргахаар болжээ.  Энэ онд аялал жуулчлалын  шинэ бүтээгдэхүүн, санал санаачлагад түлхүү анхаарч, гар урлалын бүтээгдэхүүн борлуулах цэгийг байгууллахад 30 сая төгрөг хувиарлажээ. ОНХС-ийн хөрөнгийг үр дүнтэй зарцуулах зорилгоор хөгжлийн таван хөтөлбөрийг санхүүжүүлэхээр болсон байна. “ Залуучуудыг дэмжих хөтөлбөрт”  100 сая,  “ Баг- 88 ” хөтөлбөрт 88 сая төгрөг тус тус зарцуулна. Энэ нь 42 цэгт буюу 6000 км газарт явуулын  нэг цонхны үйлчилгээг  хөдөөгийн иргэдэд үзүүлэх юм байна. “ Оюунлаг Хөвсгөл” хөтөлбөрт 50 сая, эх хүүхдийг эрсдлээс хамгаалахад 30 сая төгрөг тус тус баталжээ.  Мөн “ Цагаан чулуутын овоо” -г  30 сая төгрөгөөр тохижуулахаар болсон байна.  Хотгойдын шадар ван Чингүнжавын буудалж байсан түүхийн дурсгалт энэхүү овоог аймгийн тахилгат овоо болгосон ажээ.  

Ц.БАЯР

Эх сурвалж: www.polit.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж