Эцэг, эхчүүд үсээ хусч жагсаал хийжээ

Хуучирсан мэдээ: 2015.04.06-нд нийтлэгдсэн

Эцэг, эхчүүд үсээ хусч жагсаал хийжээ

 

“Севол” гатлага онгоцны ослоор амь үрэгдсэн 250 сурагчийн эцэг эх, ар гэрийнхэн амралтын өдрөөр жагсаал хийлээ. Сурагчдын эцэг эх, ойр дотныхон эсэргүүцлээ илэрхийлэн үсээ хусч, амь үрэгдсэн хүүхдүүдийнхээ зургийг барин Сөүл хотыг хөндлөн гулд 46 км жагсан алхасан байна. Жагсаалд 600 гаруй хүн нэгджээ. Хохирогчдын ар гэрийнхэн “Севол” гатлага онгоцны ослын мөрдөн шалгах ажиллагааг засгийн газраас хараат бусаар явуулахыг шаардаж буй.

 

Сөүлийн хууль тогтоогчид өнгөрсөн оны арваннэгдүгээр сард 17 хүний бүрэлдэхүүнтэй хараат бус мөрдөн шалгах хороог байгуулсан юм. Гэвч хараат бус мөрдөн шалгах хорооны гол албан тушаалуудад төрийн албаныхныг томилсныг  хохирогчдын ар гэрийнхэн эсэргүүцэж байгаа аж. Далайн тээврийн компанийн даац хэтрүүлсэн, хөлөг онгоцыг хууль бусаар засварлаж өөрчилсөн зэрэг олон хэрэгт төрийн албаныхныг буруутгаж байна. Тэд ослын мөрдөн шалгах ажиллагаагаар дамжуулан асуудлын үндэс болсон  бизнес, улс төрийнхний холбоо сүлбээг таслахыг хүсч байгаа аж.

 

Өнгөрсөн хугацаанд хохирогчдын гэр бүлүүд олон удаа гудамжинд жагсаал, суулт хийсэн юм. Тэд олж чадаагүй үлдсэн зорчигчдын цогцосыг үргэлжлүүлэн хайх, ослыг хараат бусаар мөрдөн шалгах зэрэг амлалтаа биелүүлэхийг ерөнхийлөгч Пак Кын Хегээс шаардаж байв.

 

“Севол” гатлага онгоц өнгөрсөн 2014 оны дөрөвдүгээр сарын 16-нд Жиндо арлын ойролцоо живснээс 300 гаруй хүн амь үрэгдсэн юм. Гатлага онгоцны осол хууль зөрчсөн олон үйлдлийн улмаас гарчээ. Осолтой холбоотойгоор хөлгийн багийн 15 хүнээс гадна 50 гаруй хүн шүүхийн хаалга татаад буй юм. 

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж:Agence-France Presse

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж