Ж.Баяр: Андынхаа надад зориулсан дууг сонсоод өөрийн эрхгүй уйлж билээ
Амьдралын тойргийн энэ удаагийн зочноор “UBS” телевизийн Уран бүтээл эрхэлсэн дэд захирал, Соёлын гавъяат зүтгэлтэн Ж.Баярыг урилаа. Зочинтойгоо уулзахаар түүний ажил дээр очиход хичээл орж байгаа тул түр хүлээхийг хүссэн юм. Хүлээх зуураа “Ямаршуухан хүн байгаа бол” хэмээн бодож суув.
Гэтэл инээд алдсан өндөр бор хүн “За манай хоёр удаан хүлээв үү. Би 19:20 гэхэд ажилтай тэрнээс өмнө ярьж амжих уу” гэсээр уулзалдлаа.
МОРИН ХУУРЧ БИШ БӨМБӨРЧИН БАЯР
Ж.Баяр Улаанбаатар хотын унаган хүүхэд. Айлын ууган хүү болон луу жилийн намар мэндэлжээ. Аав Жигмэддорж нь Хэнтий аймгийн Баян-Адарга сумын уугуул. Жигмэддорж гуай циркийн жүжигчин байв. Тухайн үеийн хүнд үзүүлбэрийг үзүүлдэг байсан байна. Харин ээж Ш.Нансалмаа Говь-Алтай аймгийн Дарви суманд төржээ. Тэрээр Дуурь бүжгийн театрт найрал дуучин байсан гэдэг. Ж.Баяр 10 хүүхэдтэй айлын хоёр дахь хүүхэд аж. Жаалхүү Баярыг эмээ Д.Сонинхүү хардаг байжээ. Гэвч дийлэнх цагийг циркийн манеж, дуурийн театрын хөгжимчдийн дунд өнгөрүүлсэн гэдэг. Тэрээр “Миний эмээ хөдөө төрж өссөн, уртын дууч хөгшин байсан. Эмээ минь дээл сайхан оёно. Түүнээс гадна зурхайч хүн байлаа” хэмээн дурссан юм. Тэр үеийн урлагийнхан түүний эмээ Д.Сонинхүү гуайгаар дээлээ оёулдаг байж. Тэр үед Санжмятав гуай морин хуур тоглож, түүний эмээ уртын дуу дуулан цагаан сарыг эхлүүлэн, найр хийдэг байсан нь бяцхан хүүгийн санаанаас огт гардаггүй байна.
Ерөнхий боловсролын 17 дугаар дунд сургуульд дөрөвдүгээр анги хүртлээ сурсан жаалхүү урлагийн тогоонд буцлах ёстой хүн гэдгээ мэдэрч хөгжим бүжгийн сургуулийн сурагч болсон байна. Тэрээр морин хуурын ангид орж Жамъян багшийн шавь болсон ч өвчний улмаас хичээл завсардан анги доошлохдоо бөмбөрийн ангид орчихож. Ийнхүү морин хуурч болох хүү бөмбөрчин болох нь тэр. Гэхдээ тэрээр аав, ээжийнхээ аль нэгийнх нь мэргэжлийг өвлөх гэсэнгүй. Учир нь түүний аав “Циркийн жүжигчин, хөгжимчин болох эсэхээ өөрөө шийдээрэй, миний хүү” гэсэн байдаг. Харин ээж нь олон жил сурсан мэргэжлээрээ ажил хэмээн зарлигдсан байна. Тэрээр “Би тийм ч муу хөгжимчин байгаагүй. Цэргийн алба хааж, Цэргийн ансамбльд бөмбөрчин байлаа” хэмээн хуучлав. Тэрээр урлагийн хүн болоод ч тэр үү сэтгэл хөдлөл ихтэй, ярилцахад урамтай байлаа.
ХАТУУ ДҮРМИЙГ ЯГШТАЛ БИЕЛҮҮЛСЭН НЬ
Түүний эхнэрийг Г.Байгалмаа гэдэг. Алаг нүдтэй, өндөр бор хүү эхнэрээ найрч байсан үе буюу 1973 оныг тодхон санаж буй. Ажлаа тараад Улсын ардын дуу бүжгийн чуулгаар орж эхнэрээ хүлээнэ. Ийнхүү манаачийн үүргийг маш сайн гүйцэтгэж байгаа Ж.Баярыг Ц.Сэвжид багш дууджээ. Хэрэндээ л сандарч, мэгдсэн Ж.Баяраас “Нөхөр Баяр, Байгалмаагийн гэр бүлийн хүн үү” гэж асуув. Шилэн хүзүүгээ маажсаар “Тийм” хэмээн аяархан хэлжээ. Гэтэл за нөхөр минь Байгалмаа бол тайзны урлагийн хүн учраас таван жилдээ хүүхэд төрүүлэхгүй гэдгийг хатуу анхаар хэмээн үүрэгдэх нь тэр. Тэр үед цаг хатуу, дүрэм журмыг ягштал биелүүлдэг байсансан. Үгүй гэж хэлж болохгүйгээс хойш “За” гэхээс аргагүй. Хатуу дүрмийг ягштал биелүүлсэн үе тэнгийнхэн дуу дуугаа авалцан жирэмсэн болох нь тэр. Ийнхүү түүний ууган хүү Б.Хүдэр төржээ. Хүүдээ нэр өгч байсан үеийн дурсамж түүнийг сэтгэлийн учгийг хөндөв. Тулгамдсан үед ямар нэр сонгох нь бэрх даваа байснаа дурслаа. Хүдрээ гэдэг нэр өгдөг юмуу хэмээн гэр бүлийнхэн ярилцаж. Гэтэл хадам ээж Г.Махбал нь “Наадах чинь нохойны нэр” хэмээн цааргалсан гэдэг. Ингээд Хүдэрбаатар болгодог юм билүү гэцгээж. Гэтэл шинэхэн аавд урт нэр огтхон ч таалагдсангүй. Хүүдээ ямар нэр өгөх тухай ярилцаж суух зуур хэсгийн эмч нярай хүүг үзэхээр ирсэн байна. Хэсгийн эмч “За нэргүй залууд ямар нэр өгөв” хэмээхэд залуу аав “Хүдрээ” гэж. Эмч нь Хүдэр юмуу, Хүдрээ юмуу хэмээн лавласнаар Хүдэр гэх алдрыг ууган хүүдэй хайрлажээ.
Ууган хүүг 13 настай байхад бага охин мэндэлжээ. Энэ үед ах дүү, найз нөхөд нь Галуу, Ангир, Дэгдээхэй гээд өгчих. Миний хөөрхөн Ангир гээд гоё байгаа биз дээ хэмээн шоолсон гэдэг. Тухайн үед охиндоо эмээгээр нь нэр өгүүлэхээр шийдсэн байна. Учир нь түүний ээжийн лагшин тааруухан байсан аж. Эмээ нь ач охиндоо Хулан гэдэг алдар хайрлажээ.
Хүү Б.Хүдэр, охин Б.Хулан, эхнэр Г.Байгалмаа.
УУГАН ХҮҮГИЙН ШАДАР ТУСЛАХ НААГИЙ
“Аав, ээж хоёр минь өвчнөөр өөд болцгоосон. Тэр үед гадаад, дотоод явж эмчилгээ хийлгэнэ гэж байгаагүй. Хорвоо хатуудаа, хатуу, зөөлөндөө зөөлөн гэдэг. Ганцхан жилийн дотор хоёр хөгшнөө алдах хүнд байсан” хэмээн сэтгэлийн гүнд орших гунигаа нуухыг оролдож суугаа эрхэмийн нүдэнд нулимс цийлэгнэнэ. Хоолой нь зангирч ирээд нулимсаа залгих нь эр хүний хатуу чанга сэтгэлийн тэнхээ түүнийг уйлж болохгүй шүү хэмээн захирч байх шиг санагдав. Аав, ээжийг алдах тэрхэн агшинд “Хэдэн дүү нараа яаж авч явна даа. Аав, ээж хоёр минь ямар ч хүнд ачаа үүрч байсан юм бэ дээ” гэх бодол түүнийг ээрнэ. Ямартай ч том хүүгийн сэтгэлийн тэнхээ дүү нараа сайн, муу, сайхан муухай явахад нөлөөлнө гэдгийг тэрээр мэдсэн хэрэг. Бүхий л зүйлийг зохицуулж, энэ “омгийн” ахлагч болж үлдсэн Ж.Баяр дүү нарыг төвөггүйхэн командалсан гэдэг. Хоёр хөгшний хүмүүжүүлсэн хүүхдүүд том ахыг төдийлөн зовоосонгүй. Өөр өөрсдийн замаар хүний дайтай амьдралтай, ажилтай болцгоожээ. Хэдийгээр сургууль соёл төгсч, эрдэмтэн доктор болоогүй ч хөдөлмөрийн үр шимийн амтыг мэдэрсэн байна. Өдгөө өөрсдийнхөө зам мөрөөр тэгш дүүрэн сайн амьдралтай яваа дүү нараараа тэрээр бахархана. Тэр дундаа шадар туслах Наагийгаа санаж буй нь илт. “Дүү минь Германд амьдардаг. Саяхан ирээд буцсан” хэмээн хуучлахдаа тэр цаана, цээжний мухарт үгүйлэн санаж буй мэдрэмж төрсөн юм. Түүний гэгээхэн дурсамжийн нэгээхэн хэсгээр уншигч таныг зочлуулахад бичигч миний бие таатай байна.
Инээд алдан ярьж суугаа эрхэм Ж.Баяраа дурсамжтайгаа хамт тэр цаг үеэрээ аялж байх шиг санагдав. Бидний хэлдгээр тэрээр дурсамжаа “Өнгөтөөр” ярих нь сонирхолтой.
Ээжийгээ хүлээн байшингийн орой дээр суух нь түүний жаргалтай үеүдийн нэг хэсэг нь. Айлын том хүү учир гэрийн ажил, дүү нараа харах гээд тун чиг завгүй. Тоглох ч завгүй алаг нүдтэй бор хүүгийн шадар туслах нь түүний эмэгтэй дүү Ж.Нарантуяа. Дөрвөн буудалд хашаа байшинд амьдардаг жаалхүү дүү нарын хамт усаа зөөнө, түлээгээ бэлтгэнэ. Түүний хажуугаар тоглохоо ч умартахгүй. Аав, ээжийг ирж байгаа сургаар шадар туслах Наагий /эмэгтэй дүүгээ ийнхүү авгайлдаг/ шороо манарган хогоо шүүрдэнэ.
Найм дахь дүүгээ төрсөн тэр жил аавтайгаа хамт эмнэлгээс гараад гэр рүүгээ /цасан шуургатай байж/ шонгийн модны нөмөр бараадсаар явжээ. Гэртээ орохынхоо өмнө хүү ааваасаа “Би яагаад ийм олон дүүтэй юм бэ” хэмээн асуусан байна. Аав нь түүнд том болсон хойноо олон дүүтэй байгаагийнхаа учрыг мэднэ гэсэн гэдэг. Хүү аавынхаа хэлсэн үгийн утгыг тоосонгүйгээр барахгүй мартаж орхиж. Харин хоёр буурлыгаа алддаг тэр жил өөрийн эрхгүй санаанд нь буусан аж. Учир нь олон дүүгийн хамт олон, найз нөхдийн дэм тус ямар их байсан гэдгийг өдгөө ч хэлж, магтах үг олдохгүй байгаагаа дурссан юм. “Аав, ээж хоёр минь дэндүү залуухнаараа өөд болсонд харамсдаг” хэмээн ярьж суугаа түүний нүд нулимс дүүрэн харагдана. Сэмхэн арчиж байгаа нь сэтгэлийн хаттайг нь илтгэнэ. Юу юунаас ч илүүтэй дүү нартаа гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргэх үүрэг түүний нуруун дээр буужээ. Гэвч өөрт ногдсон үүргээ маш сайн биелүүлснийг нь дүү нарынх нь амьдралаас харж болно. Тэднийг хүний дайтай явахад нь залж чиглүүлж өгсөн түүний ажил үйлс өөдрөг байгаа хэрэг.
Ж.БАЯР ЭХНЭРЭЭ НАЙРСАН НЬ
Хөгжим бүжгийн оюутан Ж.Баяр сард 180 төгрөгийн стипенд авна. Түүнээсээ 80 төгрөгийг нь ээждээ өгдөг байсан гэдэг. Тухайн үед өдөрт гурван төгрөгийн талоноор сургуулийн гуанзанд хоол иддэг байж. Гэвч өсч яваа хүүд нэг таваг шөл хоол болохгүй. Нэг сарын хэрэглээний талоныг өдөрт хоёр, хоёроор нь хоол аваад идчихнэ. Тэр үеийн хүүхдүүдийн нийтлэг төрх. Түүний эхнэр Г.Байгалмаа хөгжим бүжгийн оюутан. Бүжгийн ангийнхан явж байх үед сэм сэмхэн харна. Хааяа кино хамт үзнэ. Бас болоогүй жоортой оюутан маань найз охиндоо хоол идэх санал тавина. “Үгүй” гэдэг хариу сонсоно. Нэг үзсэн киногоо хэд дахиж үзнэ. “Билетийн мөнгө ав гээд Байгалмааг өгөхөд нь “Үгүй” гэж хэлдэг байж билээ. Тэгсэн хэрнээ дотроо авчихмаар санагддагсан” хэмээн залуу насаа дурссан юм. Түүний хадам ээж тэр үеийн үсчин, гэрэл зургийн захиргааны дарга байсан аж. Гэрт нь хүргэж өгсөөр нэлээд хугацаа өнгөрсөн ч хадамтайгаа танилцаж амжаагүй яваа залуу найз бүсгүйдээ хорогдсоор харанхуй болгочихно. Танайд орчихъё гэж болохгүйгээс хойш орой болсон хойно дөрвөн буудал руу алхдаг байж. Тэр үедээ нэг шарваар, кетнээс салдаггүй залуу өмссөн хувцаснаасаа ичдэг байсан шүү хэмээн хуучилна. Олон хүүхэдтэй айлын хүүхдүүд томоосоо доошилж хувцсаа ээлжилж өмсдөг нь өдгөө ч байдаг л зүйл. Ах дүүгийн арай олон хүүхэдтэй нэгэндээ хуучин өмсөхгүй хувцсаа өгчихнө. Түүнийг нь цээрлэхгүйгээр үе дамжин өмсдөгсөн.
Ж.Баяр нэг өдөр Г.Байгалмаагийн гэрт оржээ. Нямбай, цэмбэгэр айл байсан гэдэг. Гал тогооны өрөөнд орно. Ширээн дор бор сав байх. Тэр саванд амттан бий. Жигнэмэг, нарийн боов байна. Тэр савыг онгойхыг тэсэн ядан хүлээдэгсэн хэмээн инээмсэглэн байж ярих түүнийг бага насны гэгээхэн дурсамж хөглөж байв.
Урлагт зүтгээд 40 жил, эхнэртэйгээ ханилаад 40 жил болсон түүхийн эхлэл энэ. Мэдээж хүний амьдралын даваа, гүвээ, бартаа саадыг хамтдаа туулсан эхнэрээрээ тэрээр бахархдагаа хэлсэн юм. Энэ амьдралын минь түшиг болсон хань минь хэмээн сайрхах нь омогшил төрүүлж байлаа.
Ач хїї Х.Амарболд, зээ охин Т.Энэрлэн.
ЦЭРГИЙН АНСАМБЛИЙН БӨМБӨРЧИН Ж.БАЯРАА
Ж.Баяр тэр жил цэрэгт татагдсан байна. Харин тэр үеийн Цэргийн ансамбльд бөмбөрчин шаардлагатай байсан тул жанжин штабаас тушаал гарган намайг цэргийн алба хаагч болгосон юм даа гэж суугаа түүний нүдэнд баяр, бахдалын оч гэрэлтэж байсан юм. Ийнхүү есөн жил цэргийн хүн болон ажиллажээ. Радио, телевизийн нэр дээр хөгжмийн сургуульд явуулахаар шалгалт авч байгаа тухай сонссон залуу хамт ажилладаг найзтайгаа шалгалт өгсөн байдаг. Шалгалтыг төвөггүйхэн давж тэнцсэн хоёр залууг Цэргийн ансамбль тавьж явуулахыг хүссэнгүй. Уран сайхны удирдаач, хурандаа Бадарчтай уулзав. Гэтэл ангийн даргатай уулз гэж. Харин ангийн дарга өргөдөл хүлээж авахгүй, би мэдэхгүй. Батлан хамгаалах яамны боловсон хүчин мэддэг юм хэмээн олон өдөр гүйлгэсэн гэдэг. Ийнхүү явсаар зөвшөөрүүлж чадаагүй байтал хөдөө бригадаар явах шийд гарчихаж. Залуу бөмбөрчин өөрийн анд Пүүжээг /Харанга хамтлагийн/ орондоо явуулчихжээ. Харин бөмбөрчнөө солигдсоныг мэдээгүй бригадын ахлагч тоглолтын үеэр мэл гайхсан гэдэг. Түүний үлдсэн шалтгаан нь ердөө л хойшоо сургуульд явах ажлаа бүтээх байлаа. Гэвч асуудал үүсэх нь тэр. Учир нь том толгойтой нөхөрт арга хэмжээ авах тухай ярьсан байна. Ингээд хөмсгөө гурвалжилсан нөхөр гэртээ харьжээ. Хадам ээж Г.Махбал “Миний хүү юу болсон юм бэ. Сургуулиа яахаар болов” гэж асууж. “Цэргээс халж өгөхгүй юм. Шалтгалтаа өгөөд тэнцсэн” хэмээн дуу муутайхан хариулсан байна. Энэ үед гаднаас тэдний хамаатан болох Ядамсүрэн гэгч орж иржээ. Ээж нь хүү минь сургуульд явах гэсэн цэргээс халж өгдөггүй яадаг юм билээ хэмээн хамаатандаа хуучилж. Тэр үед Ядамсүрэн гуай “Би маргааш ярья” гэж хэлээд гарч. Харин залуу хархүү “Юу л бол” хэмээн чамлангуй үлдсэн байна. Гэтэл түүний чамласан хамаатан нь Намын төв хорооны үзэл суртлын хэлтсийн даргын референт байсан гэдэг. Том толгойтой нөхрийг шийтгэх үүрэг өгсөн дарга маргааш нь сургуульд явуулах томилолтод үг дуугүй гарын үсгээ зурсан байна. Ийнхүү том даргын тушаалыг үг дуугүй биелүүлдэг хатуу дэглэмтэй нийгмийн буянаар тэрээр сургуульд явсан түүхтэй.
ХАНИЛСНААС ДУТУУГҮЙ НАЙЗААРАА БАХАРХДАГ
Анх хоёр мебель ортой, хөргөгчтэй айл болж байсан Ж.Баярынх өдгөө хоёр өрөө байранд амьдардаг. “Би ч одоо амьдарч байгаа байрнаасаа явах дургүй. Хүүхдүүд минь өөрийнхөөрөө амьдарч болно. Харин би тэр гэрээсээ явахгүй гэж боддог” гэсэн юм. Монгол телевизэд ажиллаж байх үед анхны хоршооллын байр гэж хорооллын эцэст 1989 онд хоёр өрөө байрандаа орсон гэдэг. Хүү Б.Хүдэр нэгдүгээр сургуульд сурч, охин Б.Хулан орос гуравдугаар сургуульд сурсан байна. Байраа солихгүй байгаагийн шалтгаан бас бий. Тэрээр тэтгэвэрт гарсан хойноо цонхоороо ажлынхаа газрыг харж байхсан гэх нууцхан хүсэлтэй. Түүнээс гадна ханилснаас дутуугүй андууд гэж бий гэдгийг тэрээр хэлж байлаа. Учир нь “Содура” киноны зураг авалтыг хийхээр Хөвсгөлийн тайгад сар гаруй болжээ. Нэг өдөр түүний найз Л.Балхжав өөрт нь зориулж хийсэн “Найз минь” дуугаа сонсгосон байна. Өөрийн эрхгүй нүдний нулимс урсаад ирсэн шүү хэмээн догдлонгуй ярьж суухдаа ч нүд дүүрэн нулимс мэлтэгнүүлнэ. Тэрээр “Би түүний сэтгэлийн сайхныг биширч уйлсан баярын нулимс” байлаа гэсэн билээ. Үнэхээр хүний сэтгэлийн хөдлөл өөрийг нь гэх чин сэтгэлийн өглөгт уярдаг нь энэ аж. Ер нь амьдралын туршид найзтай болох, найз байх гэдэг их учиртай гэлцдэг. Хэрэв найзууд олон жилийн туршид бие биесээ мэдэрч найзалсан бол нэг хүн шиг сэтгэдэг, боддог болчих юм билээ хэмээн баярласан сэтгэлээр хүүрнэж суугаа энгийн даруухан эрхэмээр бахархаж суулаа. Олон эрэгтэй дүүгийнхээ амьдралын замыг чих шулуун залж, одоо хүртэл өөрийг нь гэх чин сэтгэлтэй андуудтай түүнийг хүндлэхгүй, хайрлахгүй байхын аргагүй юм.
Түүний бага нас аз жаргалаар дүүрэн өнгөрчээ. Хэдийгээр олон хүүхэдтэй ч дутах зүйлгүй элэг бүтэн жаргалтай сайхан байснаа дурсав. Үүнийг дурссаны учир өдгөө хүмүүс бие биесээ хайрлахгүй, хүндлэхгүйгээр барахгүй хүүхэд өнчрүүлэхийг юман чинээ тоохгүй байгаад эмзэглэж явдгаа хэлсэн юм.
Эр, эм хоёр учраа олохгүй байж болно. Түүний цаана юугаа ч мэдэхгүй хоцорч байгаа хүүхэд хохирч байгаа юм шүү дээ гэх нь энэ нийгмийн золиосонд хүүхэд битгий өртөөсэй гэх чин сэтгэл оршиж байв. Түүнийг балчирхан хүү байх үед хөрш зэргэлдээ айлууд бие биеэ гэх сэтгэлтэй байж. Өөрөөр хэлбэл, хөршийн хүүхэд ээж, аав тийм юм зээлээч гэнээ хэмээн гүйгээд ирэх нь тийм ч сонин зүйл биш. Ж.Баярыг ээж нь хөрш айл руу байсхийгээд л гүйлгэдэг байжээ. “Ээж 10 төгрөг зээлүүлээч гэнээ” гээд л цовоо хүү гүйнэ. Мөдхөн жижиг аяга барьчихсан “Жоохон давс байвал зээлүүлээч” гэнэ. Тэр үеийн хүмүүс ийнхүү дутуугаа биесээсээ нөхөж амьдардаг байсан цаг. Гэхдээ тэр юм гуйж байна гэж хэзээ ч нэгнээ муулдаггүй байсансан. Ж.Баяр “Хагас сайн өдөр бүр хийдэг боорцог ер санаанаас гардаггүй юм. Нэг удаа даваа гаригийн өглөө явахдаа түмпэн дүүрэн боорцгоо даавуугаар таглаад амсрыг нь ороогоод явчихаж билээ” гэв. Тэр өдөр нь дүү нар нь тэрхүү боолттой боорцогноос идэж чадаагүй гэдэг. Орой хичээл тараад ирэхэд аав нь “Миний хүү дүү нартаа боорцог өгөхгүй яасан юм бэ. Тэд өлссөн байна. Идэх л гэж хийсэн юм хойно, битгий харамлаж бай” гэж. Тэрээр харамласандаа ч биш өөрөө хийсэн болохоор хайрласандаа өгөөгүй л байх хэмээн хошигносон юм. Түүний бага нас олон хүүхэдтэй айлын жишгээр өнгөрсөн байна. Заримдаа гэртээ цоожлуулж үлдэнэ. Толгой, цувдайгаар хоол хийж иднэ. Олуулаа дарвин уралдаж идэх ч энүүхэнд. Ийнхүү дэрсхэн өссөн найман банди, хоёр охин өдгөө санаа зовох зүйлгүй сайхан амьдарч буй.
Шүлэг Х.Лхагвасүрэн Аялгуу Л.Балхжав
~Найз минь~
Гадаа бороо шаагин орлоо
Намрын улирал бидэнд айлан ирлээ
Аяны шувууд ээлжлэн уулсын дээгүүр цаашлан одлоо
Ширүүн бороо цонхыг тогшлоо
Сэтгэл хөдлөм бодолд дурсамж тодроод
Нэгэн намрыг угтлаа
Нэгэн насыг үдлээ найз минь
Дуундаа би найзуудаа дууллаа, дурслаа
Ухаандаа би найзуудаа харлаа, хайрлалаа
Учралын дээдээр мөдхөн уулзана аа
Амьдрал далайд алхан орсон
Арван жилийн хүүхдүүд байхаас
Алхам ч холдож, ааш гаргаагүй найз минь
Амьдын хорвоод ганцхан олдох
Алтан найз минь аргагүй чи шүү
Энэхэн орчлонг хамтдаа туулах найз минь
Холын тэртээх харийн газраас
Нутаг руугаа хүлгийн жолоо заллаа
Онгод дээшлэн хөөргөх
Өндрөөс өндөрт дүүлэн нислээ
Бага насаа эргэн дурсахуй
ТАЛЦАХУЙ
Аав, ээжүүд ач зээ, охин, хүүгээ хувааж аваад л талцдаг нь хорвоогийн жам гэлтэй. Аавууд охидоо гэнэ, ээжүүд хүүгээ гэнэ. Энэ нь бичигдээгүй хууль. Ж.Баяр, Г.Байгалмаа нар ч энэ хуулийг зөрчсөнгүй. Аав охин Б.Хулангаа, харин ээж нь хүү Б.Хүдэрт илүүрхэнэ. Гурван ач, зээ охинтой хос өдгөө сэтгэл амгалан сайхан амьдарч буй. Ажил, ажил гэх хэнээг эс тооцвол бүх зүйл сайхан байна хэмээн инээж суугаа тэрээр “Тэтгэвэрт гарсан хойноо ажлаараа эргэлдээд ингэж монтаж хий, би наад телевизийг чинь байгуулсан юм” гэж ирээд буруу зөнөглөх вий гэж хамт олонтойгоо марзгандгаа нуусангүй. Хүү, охин хоёроос гадна ач, зээ гэдэг атаман бас бий. Өдгөө зээ охин Т.Энэрлэн өвөөгийн атаман. Эмээ зээ охиныг өвөөгөө хараад эрхэлж байна хэмээн зандарна. Харин өвөө зээ охиноо өмөөрнө. Хүний амьдралд муудах сайдах зүйл бишгүй л бий. Тэд муудахаараа дуугаа хураачихдаг гэнэ. Харин гэрийн эзэн тандасхийгээд л байна. Эхнэр бага багаар зөөлөрч байгааг мэддэг пролтой гэнэ шүү. Эхнэр нь хоол дөхүүлж өгч байвал наашилж буйн шинж. Энэ үед нь “Охин хэзээ ирнэ гэнэ үү” гэх мэт ойр зуурын юм асуухад дуугарахгүй байгаа бол тайвшраагүй байна гэсэн үг ажээ. Ер нь тэр гэрийн жинхэнэ атаман нь Г.Байгалмаа. Цагийн эрхээр аяндаа биедээ уусахын цагт эрэгтэй хүн эхнэрийнхээ аясыг хардаг болдог юмуу гэх бодол төрлөө. Миний мэдэх олон гэр бүлийн амьдралд ээж нь давуу эрхтэй байх шиг анзаарагддаг юм. Хэдийгээр гэрийн эзэн бүхий л зүйлийг зохицуулдаг гэдэг ч түүнийг сайн гэргий хурцалж өгдөг гэлцдэг. Тийм дээ сайн гэргий, ухаантай ханийн түшиг ноён Ж.Баярын ажил, амьдралын гарааг өдий зэрэгтэй авч яваа биз ээ.
“СОДУРА” КИНОНЫ БИЧЛЭГИЙН ҮЕИЙН ХӨГТЭЙ ЯВДАЛ
“Содура” киног хийх баг Хөвсгөлийн тайгад байрлаж хоёр сар зураг авалт хийсэн. Хөдөөгийнхөн, тэр дундаа тайгынхан анх тохирсон тохирооноос буцдаг муу зантай гэх бодол тээж буйгаа зочин маань нуусангүй. Нэг цааг 5000 төгрөгөөр үнэлэх тохироо хийсний хойно 10 мянга болж хувирах юу ч биш гэнэ. Кино багийг очихоос өмнө 450-500 мянга байсан үхэр 850 мянгаас нэг сая болж үнэ өссөн байдаг. Гэвч уран бүтээлчдийнхээ хүчээр энэхүү урансайхны киногоо үзэгч түмэндээ барьсандаа туйлын баяртай байдаг тухайгаа хуучиллаа. Зураг авалтын үеэр олон хөгтэй явдал тохиолджээ. Хөвсгөлийн зайран Баяр гэх нөхөр кэмпэд ирсэн байж. Тэрээр Ж.Баярыг “Чи хэн бэ” гэж, өөдөөс нь харин чи хэн бэ хэмээн мөчөөгөө өгсөнгүй. Гэтэл эрхэм зайрантантай цуг явсан хүн “UBS-ийнхэн гэж” хэлжээ. Гэтэл өнөөх нөхөр “Балхжав миний ах” гэж. Харин Ж.Баяр “Чи яахаараа дүү нь байдаг юм бэ. Би ах нь байна” гэж хэлжээ. Зайран Баяр нүдээ ганц цавчилгүй яваад өгсөн гэдэг. Бас нэг хөгжилтэй явдал болсон гэдэг. Учир нь гэрт байрласан жүжигчдийг дааруулахгүй байх үүргийг хүлээсэн Батбаярт үүрэгджээ. Түүний хочыг шороот гэдэг. Зураг авалтын дараа нэлээд оройхон амрахаар хэвтээд дөнгөж унтах аядаж байжээ. Гэтэл Шороот мод тэвэрсээр орж ирэн галын дэргэд суугаад модоо хагалж эхлэв. “Үгүй чи юу болоод байна” гэтэл өглөө болчихлоо бос гэжээ. Гэтэл дөнгөж шөнийн нэг цаг өнгөрч байв. Яагаад ийнхүү цагаа андуурсныг нь сонирхоход мань эр утсандаа сэрүүлэг тавиад унтсан аж. Харин түүний утсанд мессеж ирэх дохиог сэрүүлэг хэмээн андуурсан нь олон хүний нойрыг хулжаасан гэдэг. Ийнхүү нэг сэтгэл, зүтгэлтэй хамт олны дэмээр “Содура” кино бүтсэн түүхтэй ажээ.
Амьдралын тойргийнхоо завгүй зочинтой хоёр өдөр уулзаж түүний сонирхолтой, хөгжилтэй, хошин яриаг сонссоноо уншигч танд хүргэлээ. Амьдралын эрээн барааныг хамтдаа туулсан түүний хань болон гэр бүл, үр хүүхэд, ач зээ нарт нь энэ хорвоогийн хамгийн сайн сайхныг хүсье.
Д.ОЮУНЧИМЭГ
http://www.polit.mn