Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Д.А.Медведев нар уулзлаа

Хуучирсан мэдээ: 2011.06.01-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Д.А.Медведев нар уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Д.А.Медведевийн урилгаар Оросын Холбооны Улсад албан ёсоор айлчилж байна.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Д.А.Медведев нар 2011 оны тавдугаар сарын 31-ний өдөр Москвад ганцаарчилан уулзаж, өргөтгөсөн хэлэлцээ хийлээ.

“Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэхүү айлчлал Монголын үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жил, Монгол Улс, Орос Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 90 жил, монгол-оросын хамтарсан нислэгийн 30 жил зэрэг түүхэн ойтой давхцаж байгаагаараа онцлог юм. Бид манай хоёр орны уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг эрхэмлэж, энэхүү харилцааг стратегийн түншлэлд хүргэхээр үе шаттай, үр дүнтэй яриа хэлцлүүдийг хийж байгаад сэтгэл хангалуун байна” хэмээн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж яриагаа эхэллээ. Тэрээр цааш нь , 2009 онд эрхэм Ерөнхийлөгч таны манай улсад хийсэн айлчлалын дараа манай хоёр орны харилцаа мэдэгдэхүйц сэргэсэн. Хоёр улсын төрийн болон засгийн газрын тэргүүн, парламент, бүс нутгийн удирдлагуудын уулзалтууд тасралтгүй явагдаж, улс төрийн яриа хэлцээг эрчимтэй, тогтмол хийж байна.

Хэдийгээр манай орнуудын бараа эргэлтийн хэмжээ түргэн сэргэж, хямралын өмнөх түвшинд хүрсэн ч шийдвэрлэх асуудлууд байсаар байна. Хоёр орны эрчимтэй хөгжиж байгаа эдийн засаг, тогтвортой, уламжлалт харилцаандаа тулгуурлан худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг үр дүнтэй хөгжүүлэх талаар хүчин чармайлт гаргаж ажиллах эрмэлзэлтэй байна.

Монгол-оросын харилцаа, хамтын ажиллагааны тодорхой төслүүдийг хэрэгжүүлэхэд Засгийн газар хоорондын худалдаа-эдийн засаг, шинжлэх ухаан-техникийн хамтын ажиллагааны комисс ихээхэн үүрэг гүйцэтгэж байгааг цохон тэмдэглэмээр байна. Монгол-оросын худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагааг 2011-2015 онд хөгжүүлэх хөтөлбөр болон бусад баримт бичгүүдийг энэхүү комиссын ивээл дор амжилттай боловсруулж байна.

Манай улс, бүс нутгийг хөгжүүлэх олон улсын төслүүдэд оролцох сонирхолтой байна. Бид найдвартай, хариуцлагатай түнш байж чадна.
Хил орчмын болон бүс нутаг хоорондын хэлхээ холбоо нь монгол-оросын харилцаанд чухал юм. Хоёр талын бараа эргэлтийн 70 хувь, соёл-хүмүүнлэгийн солилцоо, хүмүүс хоорондын харилцааны тэн хагасаас илүү нь энэхүү харилцаанд ногдож байна. Тиймээс бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх нь нь хоёр талын түншлэлд түлхэц өгнө гэдэгт итгэлтэй байна.

Монгол Улс Оросын Холбооны Улсыг Дэлхийн худалдааны байгууллагад элсэхийг дэмжиж байгаа бөгөөд энэ нь манай хоёр орны худалдааны нөхцлийг цаашид сайжруулахад тус нэмэр болно гэж үзэж байна.

Бидний уламжлалт харилцааны нэг чухал хэсэг нь соёл хүмүүнлэгийн харилцаа билээ. Өнөөдөр манай улсын 40 өөс дээш насны иргэдийн бараг 70 хувь нь оросоор ярьдаг. Улаанбаатар хотод орос хэлээр сургалт явуулдаг 10 гаруй сургууль бий. Эдгээр орос хэлтнүүд манай хоёр орны харилцааг хөгжүүлэх гүүр болж өгдөг юм. Оросын Засгийн газар жил бүр манай улсаас сургах оюутны тоог нэмж, тэтгэлэгт хөтөлбөрт хамруулдагт бид талархаж байна” гэлээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Д.А.Медведев ярианыхаа эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлал амжилттай эхэлж байгааг тэмдэглэлээ.
“Эрхэм Ерөнхийлөгч та айлчлалынхаа хүрээнд манай орны төрийн болон засгийн газрын тэргүүн, мөн Холбооны хурлын Төрийн думын дарга нартай уулзаж, яриа хэлцлийг хийж, бизнес форумд оролцож үг хэлсэн, хэвлэл мэдээллийн байгууллагуудын тэргүүн нартай уулзсан, мөн энэ айлчалын хүрээнд хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурагдаж байгаа зэрэг нь энэхүү айлчлал бүрэн хэмжээний, үр дүнтэй айлчлал болж байгааг харуулж байна” хэмээн тэрээр хэлэв.

“2009 онд Улаанбаатарт уулзсанаас хойш бид олон улсын томоохон хурал, уулзалтуудын үеэр хэд хэдэн удаа уулзаж, хоёр талын харилцаа хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлд тодорхой санал солилцож ярилцаж байсан. Засгийн газруудын түвшинд ажил эрхэлж байгаа хүмүүс тавигдаж байгаа асуудлуудын дагуу яриа хэлцлийг бүх түвшинд хийж, ахиц гарч байгаад талархаж байна. Худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаанд аль аль талаасаа хүчин чармайлт гаргах хэрэгтэй гэдэгтэй би санал нэг байна. Дэд бүтэц, тээвэр, хөдөө аж ахуйн чиглэлийн томоохон төслүүд дээр бид хамтран ажиллаж байгаа бөгөөд, амжилттай, үр дүнтэй хэрэгжинэ гэдэгт итгэж байна. Өнгөрсөн жил манай хоёр орны бараа эргэлтийн хэмжээ миллиард орчим долларт хүрсэн нь 2009 оны худалдааны хэмжээнээс 40 хувиар илүү байгаа үзүүлэлт юм. Энэ бол сайн мэдээ.

Хоёр орны хүмүүнлэг, соёлын салбарын хамтын ажиллагаа эрчимжиж байна. Жил бүр манай улсын засгийн газрын тэтгэлгээр ОХУ-д сурах монгол оюутны тоо 230 байгааг бид ирэх жилээс эхлэн 300-д хүргэх болсныг Танд мэдэгдэхэд таатай байна. ОХУ-д мах, махан бүтээгдэхүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх явдал зөвхөн танай улсын хувьд ч биш , бидэнд ч мөн чухал юм. Шүлхий болон малын бусад өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын 22 цэгийг байрлуулах арга хэмжээ дууссан. Энэ хүрээнд бид жил бүр 30 гаруй сая бод малыг вакцинжуулахаар болж байна” гэж ярив.

Уулзалтын үеэр, хоёр орны Төрийн тэргүүн нар монгол-оросын хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны зарим томоохон төсөл, түүний дотор Дорнодын бүс дэх ураны хүдрийн геологи хайгуул, олборлох, боловсруулах ажилд хамтрах чиглэлээр санал солилцов.
Мөн, Монголын төмөр замын дэд бүтцийг байгуулах, шинэчлэх, монгол-оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийг санхүүгийн хувьд бэхжүүлэн шинэтгэх, төмөр замын салбарын хамтын ажиллагааг бүхэлд нь сайжруулах, түүний дотор Монголын баялгийн шинэ нөөцийг ашиглах, шинэ төмөр зам тавихтай холбоотой асуудлыг хамтарсан төслүүдийн хүрээнд нягт уялдаатай шийдвэрлэхийг зорьж байгаагаа хоёр талаас мэдэгдэв.

Монгол Улсад нийлүүлэх газрын тосны бүтээгдэхүүний тогтвортой нийлүүлэлтийг хангах боломжтой арга замыг судалж үзэхийг холбогдох байгууллагуудад үүрэг болгохоо оросын тал энэ үеэр илэрхийлсэн юм.

Батлан хамгаалах салбарт хамтран ажиллах чиглэлээр мөн санал солилцож ярилцлаа. Мөн Монгол-оросын хил дээрх шалган нэвтрүүлэх боомтуудын тогтвортой ажиллагааг хангах зорилгоор эдийн тодорхой боомтуудын үйл ажиллагааг хөгжүүлэхийн төлөө хамтын хүчин чармайлт гаргахаар боллоо.
Ерөнхийлөгч нар бүс нутаг , олон улсын хамтын нийгэмлэгүүдийн хүрээнд ажиллах чиглэлээр санал солилцлоо. Цөмийн зэвсэггүй статусынхаа баталгааг бэхжүүлэх талаар Монгол Улсын гаргасан саналыг Оросын Тал “цөмийн зэвсэгтэй тав”-ын бусад улстай хамт үргэлжлүүлэн судлахад бэлэн байгаагаа илэрхийлэв. Монгол Улс ШХАБ-ын хүрээн дэх эдийн засгийн хамтын ажиллагаанд идэвхтэй оролцох, түүний дотор ШХАБ-ын Ажил хэргийн зөвлөлийн шугамаар хамтран ажиллах эрмэлзэл төгс байгааг Оросын Тал сайшаав. Олон улсын бусад асуудлаар харилцан санал бодлоо илэрхийллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Оросын Холбооны Улсад халуун дотноор хүлээн авсанд Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Д.А.Медведевт талархал илэрхийлээд түүнийг Монгол Улсад дахин айлчлахыг урьж, урилгыг талархан хүлээн авлаа.

www.president.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж