Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ гэж хэн бэ?

Хуучирсан мэдээ: 2015.04.06-нд нийтлэгдсэн

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ гэж хэн бэ?

-Сүмогийн холбооноос Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийг ирэх башёд 14 давбал озэки цол олгоно гэж амлажээ-

Мэргэжлийн сүмогийн хаврын тэмцээн болох Харү башё гуравдугаар сарын 8-22-ны хооронд Осака хотноо 15 хоногийн турш болж өнгөрсөн билээ. Энэхүү башёгийн түрүү бөх урьдын адил манай бөхчүүдийн манлайлал дор өрнөсөн юм. Өнгөрөгч нэгдүгээр сард Токио хотноо энэ оны анхны башё болоход их аварга Хакүхо М.Даваажаргал түрүүлж, Тайхо аваргын дээд амжилтыг эвдэн 33 болгож, энэ амжилтаараа бүх цаг үеийн манлай бөхөөр нэрлэгдсэн. Тиймээс их аварга рекордоо шинэчлэх үү, эсвэл үлэмж биет /220 кг/сэкивакэ цолоо алдсан Ичиножёо А.Ичинноров, шинэхэн сэкивакэ Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ үү гэдэг асуулт байлаа. Учир нь Харү башёг эхлэхэд сүмогийн 71 дэх аварга Какүрюү М.Ананд мөрний бэртлийн улмаас тэмцээнийг өнжсөн юм.

Ингээд башёгийн эхний өдрүүдэд япончуудын найдвар болсон озэки Кисэносато, Гоэйдо, Котошёогикү нар унаж эхэлсэн. Мөн башёгийн дунд үеээс 70 дахь аварга Харүмафүжи Д.Бямбадорж хоёр унаатай болж, тэргүүлэгчдийн хоёрдугаар эгнээнд бичигдэж эхэлсэн. Харин их аварга Хакүхотой башёг тэргүүлж эхэлсэн бөх бол шинэхэн сэкивакэ Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ байсан. Тэрээр сүүлийн өдрийг хүртэл Хакүхогийн ганц өрсөлдөгч хэвээр үлдсэн юм. Учир нь башёгийн 13 дахь өдөр Хакүхо Тэрүнофүжид ялагдсанаар 12 даваа, нэг унаатай болж ирсэн. Энэ өдөр их аваргыг давсан Тэрүнофүжи 11 даваа, хоёр унаатай болсноор түүний араас ганцаар нэхсэн хэвээр үлдсэн юм.

Башёгийн сүүлийн өдөр их аварга Хакүхо М.Даваажаргал Харүмафүжи Д.Бямбадоржийг давснаар 34 дэх түрүүгээ хүртсэн. Энэ өдөр тэрээр Харүмофүжид унасан бол Хакүхо, Тэрүнофүжи нарын хооронд нэмэлт барилдаан гарах байлаа. Гэхдээ сүүлийн өдрийг хүртэл их аваргатай тэргүүн байрын төлөө өрсөлдсөн Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 13 ялалттайгаар башё өндөрлүүлэхдээ дайчин болон гарамгай барилдааны хоёр тусгай шагналыг хүртсэн юм. Тэрээр озэки Кисэносато, маэгашира Кайсэ нарт ялагджээ.

 

 

ТЭРҮНОФҮЖИ Г.ГАН-ЭРДЭНЭ, ИЧИНОЖЁО А.ИЧИННОРОВ НАРЫН УДААН БАРИЛДААН

Харү башёд сэкивакэ цолтой барилдах болсон Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ тэмцээн эхлэхээс өмнө “Энэхүү башёд Хакүхог ялахыг хүсэж байна” гэж ам бардам хэлсэн. Тэрээр энэ хүслээ башёгийн 13 дахь өдөр биелүүлж, улмаар түүнээс хоцрохгүйн тулд барилдаан бүрээ хянуур хийж байлаа. Учир нь башёгийн 14 дэх өдөр тэрээр сэкивакэ цолоо алдаж, энэхүү башёд маэгаширагийн 1-ээс барилдсан Ичиножёотой барилдсан юм. Хоёр бөхийн барилдаан 3 минут 53 секунд үргэлжилж, ёрикири мэхээр Тэрүнофүжи ялсан билээ. Тэд өнгөрсөн нэгдүгээр сарын барилдаанд мөн л удаан буюу 4 минут 46 секундын хугацаанд барилдсан байна. Монголоос хамт ирж, нэгэн сургуульд хамт сурсан Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Ичиножёо А.Ичинноров нар хоёр башё дараалан 3 минутаас дээш хугацаанд барилдаж, нэгэн өвөрмөц амжилтыг тогтоожээ. Ийнхүү ирээдүйн аваргууд гэгдэж буй тэд сүмогийн түүхэнд сонирхолтой барилдаануудыг хийсээр байна.

 

 

ИРЭХ БАШЁД 14 ДАВЖ ЧАДВАЛ ОЗЭКИ ЦОЛ ХҮРТЭНЭ

Энэ жил 24 настай Г.Ган-Эрдэнэ мэргэжлийн сүмод орсноосоо хойш 16 башёгийн дараа буюу 2014 оны есдүгээр сард анх дээд зиндаанд барилдаж эхэлжээ. Тэрээр мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд барилдаж буй Монголын 20 дахь сүмоч юм. Маш богино хугацаанд цолонд хүрсэн Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ энэ оны нэгдүгээр сарын башёд маэгаширагийн 2-с барилдахдаа 8 даваа, 7 унаатай өндөрлүүлсэн. Гэхдээ тэмцээний эхний өдөр озэки Котошёогикүд ялагдсан ч озэки Гоэйдо, Кисэносато нарыг давсан юм. Харин гуравдугаар сарын башёд цол ахих болсон тэрээр сэкивакэ цолтой барилдаж, 13 даваатайгаар өндөрлүүллээ. Сүмогийн холбооноос түүнд ирэх тавдугаар сарын башёд 14 давж чадвал озэки цолыг шууд олгоно гэсэн болзол тавиад байна.

Тэрүнофүжи Ган-Эрдэнийн аавыг Гантулга, ээжийг Оюун-Эрдэнэ гэдэг. Г.Ган-Эрдэнэ айлын гурван хүүхэдтэй айлын дундах нь бөгөөд тэрээр нэг эгч, нэг эмэгтэй дүүтэй ажээ. Д.Гантулга гуай Увс аймгийн Наранбулаг сумын хүн. Харин түүний ээж Ж.Оюун-Эрдэнэ Төв аймгийнх бөгөөд тэднийх бөхийн удамтай аж. Г.Ган-Эрдэнэ 1991 онд Дарханы нэгдсэн эмнэлэгт төржээ. Өдгөө Ган-Эрдэнийн аавынх Улаанбаатар хотноо амьдардаг байна. Айлын ганц хүү гэж эрх өссөн тэрээр багын л биеэрхүү хүүхэд байжээ.

Мэргэжлийн сүмогийн 68, 69, 70, 71 дэх аваргууд Монголоос төрсөн бөгөөд тэдний гурав нь өдгөө барилдаж байна. Харин Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Ичиножёо А.Ичинноров нар аварга, арслан цолтнуудыг давж, шинэ шинэ амжилт руу тэмүүлж буй тэднийг том ирээдүй хүлээж байна. 

Тиймээс ирэх тавдугаар сарын башё улам л сонирхолтой болж эхэллээ.

Ч.БОЛОРЧУЛУУН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж