1990-ээд онд Монголын утга зохиолын ертөнцөд цахиур хагалан гарч ирсэн хэсэг залуусын нэг, говь нутгийн хүү Арлааны Эрдэнэ-Очирыг энэ удаагийн зочноор урив. Олон сайхан хайрын шүлгийн эзэн тэрээр уран бүтээлийн олз омог арвин яваа ажээ.
-Урин цаг айлчлаад гадаа сайхан байна. Ойрын үед та нутагтаа очив уу. Хаваржаа хэр байна?
-Одоо мал төллөөд сайхан байгаа. Нутгийн ард түмэн минь шинэ төлөө хүлээж авах гээд нөр их ажилтай суугаа байх. Ижий минь төрсөн нутагтаа байдаг юм. Удахгүй ирж хүүгийнхээ цэнгүүнд оролцож, сэтгэлийн амар тайвныг мэдрэх байх.
-Төрсөн нутаг руугаа номын жин тээнэ гэж ярьж байсан. Бодож, санаснаа хэрэгжүүлсэн үү?
-Цас орохыг хүлээсээр өвөл дуусчихлаа. Өнгөрсөн жил шүлхий өвчин гараад явж чадсангүй. Энэ жил төрөлх Улаанбадрах сумын минь 90 жилийн ой болно. Түүнээс өмнө цуглуулсан номоо машинаар хүргэх санаа байна. Энэ ажлыг манай зохиолч нөхөд болон хэвлэлийн байгууллагууд их дэмжиж байгаа. Би жил бүр сумынхаа номын санг шинэ номоор арвижуулна гэж боддог юм. Мөн сурагч, багачуудынхаа дунд уралдаан зохиож, хамгийн сайн уншигчийг тодруулвал хүүхдүүд урамшаад номонд илүү дурлах болов уу. Миний аваачсан номыг манай сумын үе үеийн хүүхдүүд уншиж, номоор хүмүүжээсэй гэж хүсч байна. Нутгийн минь төрөөгүй хүүхдүүдэд хүртэл оюуны хөрөнгө оруулалт, бэлэг болж үлдэх юм даа. Магадгүй манай нутгаас удахгүй эрдэмтэн, мэргэд төрөх ч юм бил үү.
-Жил бүрийн хавар Дорноговийн найрагчид нутаг, усандаа очиж шүлэг, найргаа уншдаг, домог түүх хүүрнэдэг. Энэ уламжлал хэвээрээ юу?
-Цагаан сарын дараахан манай нутгаас төрсөн найрагчид аймаг руу явсан. Сургуулиудаар орж, уулзалт зохион байгууллаа. Ихэс дээдсээ дурсаж, хойч үеийн дүү нартайгаа уулзаж, шүлэг найргаа өргөөд ирсэн.
-Танай нутаг хэзээний олон сайхан алдартантай. Монголын утга зохиолын ертөнцөд нэртэй, мөртэй олон зохиолч, найрагч Дорноговиор овоглодог. Урлаг, соёлын алдартнууд ч цөөнгүй байдаг шүү дээ?
-Эрдэмтэн олонтой нутаг шүү. Равжаа хутагт, Г.Лувсанцэрэн, СУИС-ийн багш, дуурийн дуучин Д.Банди гээд тоолоод барахгүй. Тиймээс бид энэ мундгуудынхаа залгамж халааг таслах учиргүй. Тийм болохоор хүүхэд, залуус минь эрдэм номд шамдаж, нутгийнхаа суу алдрыг мандуулсан эрдэмтэд болоосой гэж ерөөж сууна.
-Цахим ертөнц хөгжөөд, ном бариад унших залуус цөөхөн болж дээ. Үүнд та хэр шүүмжлэлтэй ханддаг вэ?
-Харин нэг үеэ бодвол залуус уншиж байна. Харин юу унших вэ гэдэг нь чухал. Манайхан яаж лидер болох вэ, яаж улстөрч болох вэ, яавал баяжих вэ гэснийг унших нь элбэг болж. Харин цахим ертөнцийн хувьд зайлшгүй байх ёстой. Түүний ачаар бид мэдээллээс хоцрохгүй, дэлхий нийттэй хөл нийлүүлэн алхаж байна. Бид багадаа номоо бараг дэрлээд, өвөртлөөд унтдаг байсан. Сонирхолтой зохиол уншиж эхэлвэл түүнээсээ салж чадахгүй. Хурдхан л дараагийн бүлгийг нь унших юмсан гэж тэмүүлдэг байж.
-Нутагтаа очихгүй удах тусам их санадаг биз. Удахгүй сумын тань ой болно. Мэдээж ганзага хоосон очихгүй байх. Төлөвлөсөн уран бүтээл юу байна?
-Бага нас минь нутагтаа өнгөрсөн. Малчин айлын хүүхдүүд яаж өсдөг билээ. Тэдний нэг нь би байлаа. Нутагтаа очихгүй удах тусам бага насны дурсамж тодордог юм байна. Төрөлх сумандаа очоогүй удаж дээ. Багадаа хурга ишиг хариулдаг байсан. Жаахан томроод адууны захад өнждөг болов. Нутгийнхаа сайхныг, өвгөдийнхөө захиас сургаалийг сонсч хүн болж. Би сумынхаа ойн тухай ном хийх гэж байна. Тэнд түүх домог, бүх зүйл багтана. Нутгийн, уул усны нэр гэдэг учиртай байдаг юм билээ. Одоо манай хүүхэд багачууд бараг мэдэхгүй биз. Тиймээс уул усны нэрний тухай лавлах, толь ном бичдэг юм билүү гэж зорьж сууна. Мөн өөрийнхөө хүүхдүүдэд нутаг ус, Монгол орныхоо түүхийн арвин, байгалийн сайхныг таниулахсан гэж бодох л юм.
-Өнгөрсөн жил та Дэлхийн яруу найргийн наадамд оролцсон. Олон сайхан шүлэг сонсож, сэтгэл оюунаа баясгав уу?
-Дэлхийн яруу найргийн наадам Макидон улсад жил бүр уламжлал болгон зохиогддог юм. Манайхаас 1980-аад оны сүүлчээр Төрийн шагналт, зохиолч Д.Нямаа гуай оролцож байсан юм билээ. Түүнээс хойш Г.Аюурзана, Г.Мэнд-Ооёо, Б.Галсансүх зэрэг найрагчид оролцож. Тухайн улсын түүх соёл, тусгаар тогтнол, эх орон гэсэн сэтгэлгээг яруу найргаар дамжуулан ухамсарт нь суулгах зорилготой наадам. Тэнд яруу найргийн том цэцэрлэг, ордон бий. Миний оролцсон жил 50 гаруй орны 70-аад найрагч оролцож, Солонгосын яруу найрагч түрүүлсэн.
-Энэ жилийн “Болор цом”-д та шүүгчээр суусан. Шинэ, залуу найрагчид хэр гарч ирж байна?
-Залуус олон байна. Гэхдээ шалгарал явагдах арай болоогүй байна.
-Жил бүрийн “Болор цом”багагүй шүүмжлэл дагуулах юм. Энэ жилийнх ч ялгаагүй?
-Шүүмжлэлгүй зүйл гэж алга. Зөвхөн манайд ч биш. Дэлхийн том, том улсуудад ийм асуудал гардаг. Манайхтай адил бөөн маргаан дэгддэг юм байна лээ. Тухайн түрүүлсэн шүлэг бүх хүнд таалагдана гэж байхгүй шүү дээ. Өөрийнхөөрөө байхад мэлхий шиг гуагалсан ч яахав гэдэг үг бий. Нөгөөтэйгүүр элдэв бусын шүүмжлэл сонсоод би хайрцганд орж, дүр эсгэгчид тухайн дүрдээ тоглох гэж их зовдог байх гэж боддог юм. Заавал худал дүр эсгэх хэрэг байдаг ч юм уу бүү мэд. Би тийм зүйлд дургүй. Тиймээс би өөрөө, бичиж байгаа шүлэг минь, зан араншин минь хүртэл өөрийнхөөрөө л байх дуртай.
-“Ургаж буй наран дотроос ангирын цуваа зэллэж, Урсаж буй усанд эрдэнийн саран эрхэлсэн” гэж таны “Нар зөвийн эх орон” шүлэгт гардаг. Удахгүй болох уран бүтээлийн цэнгүүнээ шүлгийнхээ нэрээр нэрлэж ээ?
-Анх 2004 онд “Аялагхан залуу нас минь”, 2007 онд “Хүмүүний сэтгэлийг хөдөлгөнө” цэнгүүнээ хийж байлаа. Энэ удаагийнх миний гурав дахь утга, уянгын цэнгүүн юм. Тиймээс бэлгэшээж, шүлгийнхээ нэрээр “Нар зөвийн эх орон” гэж нэрлэлээ.
-Цэнгүүнийхээ дараа ямар ажил төлөвлөж байна. Номын хурим хийх сураг дуулдаж байсан?
-Энэ жилдээ багтаад номын болон цомгийн баяр хийх төлөвлөгөө бий. Гэхдээ яг тэдэнд гээд шууд хэлчихэж чадахгүй нь.
-Хамгийн сүүлд та ямар шүлэг бичсэн бэ?
-Үргэлж шүлэг бичих гээд толгойгоо гашилгаад байдаггүй. Зарим хүн найрагч бүр онгодтой байх ёстой л гэдэг. Би тийм зүйлд итгэдэггүй. Харин өөрийгөө насаараа нэг зүйлийг эрж, хайж явна гэж боддог. Тэр эрэл минь хэзээ, хаана дуусахыг мэдэхгүй.
-Сүүлийн үед уран бүтээлчид түүхэн сэдэв рүү их орж байна. Танд энэ сэдвээр бичих бодол бий юу?
-Түүх, уран зохиол хоёрын дундын зүйлүүд л ажиглагдаад байгаа юм. Заримыг нь би уншиж амжихгүй юм. Гэхдээ уран зохиол нь уран зохиолоороо, түүх нь түүхээрээ байх шиг хэрэгтэй зүйл байхгүй. Би шинэ гарсан зохиол бүхнийг уншдаггүй. Хүмүүсийн амнаас ч юмуу эсвэл өөр байдлаар утга ,агууллагыг нь ойлгочихвол бүр унших гэж эрмэлздэггүй юм. Миний хувьд хүүрнэл зохиол руу орох арай болоогүй байна. Дөнгөж л утга уран зохиол, яруу найргийн ертөнцөд нэвтэрч яваа хүн. Гэхдээ бодож, санасан зүйл бий. Хэзээ гэдгийг нь хэлж мэдэхгүй.
-Таны ширээний ном юу вэ?
-Равжаа хутагт болон өөр бусад хувилгаадын ном бий. Мөн эртний уран зохиолын ном сонирхоно. Ариусал, гэгээрлийн номуудыг зайлшгүй эргүүлж харах хэрэг гардаг. Ядахдаа л аливаад уурлаж бухимдах, шунах тачаадах нь багасдаг юм шиг. 10 жилд байхдаа Оросын уран зохиолыг их шимтдэг байлаа. Хүн ер нь залуу байхдаа их уншиж, судлах хэрэгтэй. Түүнээс нас өндөрт гарчихаад сүрхий уншаад, гэгээрч, ухаантай юм ярих гээд байх нь утгагүй санагддаг.
-“Үлэмжийн чанар”-ыг сонсохоор 21 Дарь эх уншсантай дүйцдэг гэдэг. Харин нутгийн найрагчид ямар мэдрэмж, ямар бодол төрдөг вэ?
-Уран бүтээл үргэлж шинэ байна гэж нэг зүйл бий. Хэзээд ч уншсан үргэлж шинэ бодол мэдрэмжийг төрүүлдэг бүтээлийн нэг л дээ. Жишээ нь би “Уяхан замбуу тивийн наран”-г сонсох бүртээ өөр, өөр мэдрэмжийг авдаг. Өөрийн эрхгүй нэг зүйл цээж рүү огшоод ирдэг юм. Яагаад “Уяхан замбуу тивийн наран” гэж нэрлэсэн юм бол. Хорвоо дэлхий, гариг ертөнц үүсэхээс өмнө бий болсон юм болов уу гээд олон бодол, таамаглал хөвөрнө. Үүнтэй адил хутагтын шүлгүүдийг унших бүрт л сэтгэл цэлмээд сайхан болдог. Зарим зохиолыг уншсаны дараа оюун санаанд юу ч үлддэггүй шүү дээ. Тухайн бүтээлийн үнэ цэнэ, чанар нь он жил улиран өнгөрөх тусам мэдрэгддэг гэдэг нь тэр юм.
-Хүүхэд, залуусын эх хэлний мэдлэгийг сайжруулах гээд өнгөрсөн жилээс элсэлтийн шалгалтыг монгол хэл бичгийн хичээлээр авдаг болсон. Зохиолч хүний хувьд энэ талаар ямар бодолтой явдаг вэ?
-Үүнийг би хамгийн зөв гэж хэлнэ. Харин гадаад хэлийг багаас нь биш 13 наснаас нь эхлээд заавал зүгээр гэсэн бодол төрсөн. Учир нь үүнээс өмнө монгол хэлнийхээ гайхамшгийг багахан ч болов мэдэрч, сурах хэрэгтэй. Өөрийнхөө хэлийг эхэлж сайн ойлгочихоод өөр хэл судалвал сурахад, цаашлаад орчуулга хийхэд дөхөмтэй. Ер нь хос бичигтэн байх тусмаа сайн. Бүр монгол бичигт шилжинэ гэхээр хэцүү л дээ. Тиймээс аль, алийг нь ашиглахад гэмгүй. Уржнангаас Баянхонгор аймаг засаг захиргааны бичиг баримтаа босоо бичгээ бичдэг болсон. Би түүнийг үлгэр жишээ гэж онцолмоор байна. Үүнийг бид өдөр тутмын амьдралдаа хэвшүүлэх хэрэгтэй. Зарим хүнд тээртэй санагдаж магадгүй. Гэхдээ энэ чинь бидний үндэсний бичиг, түүх соёл шүү дээ. Тиймээс мартах ёсгүй.
-Та монгол бичгээр сайн бичнэ биз?
-Тийм ч хэцүү бичиг биш. Харин ч гоё. Дэлхийд манайх шиг босоо бичигтэй гүрэн хаана байна. Бид гарал угсаа, түүх соёлоо үндэсний хэвээр нь дээдэлж, нандигнах хэрэгтэй. Манай залуус их залхуу болжээ. Сүүлдээ бүр крилл үсгээр бичихээс залхуурч байх шиг. Өнөөх мессежний хэллэгт дурлаад байдаг болж.
Ч.ГАНТУЛГА
Эх сурвалж: "ЗУУНЫ МЭДЭЭ" сонин