Эхлээд Монгол Улсын Ерөнхийлөгч, түүнийг дагалдан яваа хүмүүс Кремлийн хананы дэргэдэх Нэр нь үл мэдэгдэх цэргийн дурсгалын цогцолбор, мөнхийн галд цэцэг өргөлөө. Энэ үеэр хүндэт харуул жагсч хүндэтгэл үзүүлсэн юм. Үүний дараа албан уулзалт, хэлэлцээрүүд үргэлжлэв. ОХУ-ын парламентын дээд танхим болох Холбооны зөвлөлийн Холбооны Хурлын даргын үүрэг гүйцэтгэгч А.Торшинтой уулзах үеэр түүхэнд тэмдэглэгдэх олон чухал ойн жил энэхүү айлчлал болж буйг онцоллоо. Монголд үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн өрнөсний 100 жил, Орос-Монголын дипломат харилцааны 90 жил, сансрын хамтарсан нислэгийн 30 жил, Монгол Улс НҮБ-д элссэний 50 жил зэрэг тэгш ойг Ерөнхийлөгч онцолсон юм.
Энэ өдрийн хамгийн чухал үйл явдал Кремлийн Их ордны Ногоолин танхимд болж өнгөрөв. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведев нар хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурсан юм. Хоёр Ерөнхийлөгчийн уулзалт нэг цаг орчим үргэлжлэх төлөвлөгөөтэй байсан ч гурван цаг шахам болов. Харин энэ удаан уулзалтын үр дүн сайн болсныг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведев нар хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн юм. ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведев хоёр орны харилцааны хамгийн чухал, хамгийн халуун, нарийн асуудлуудыг хэлэлцсэнийг онцоллоо. Төмөр зам, Тавантолгойн ордын ашиглалт, уран, цөмийн салбарт хамтран ажиллах, бензин шатахууны нийлүүлэлт зэрэг сэдвийг Ерөнхийлөгч нар хөндсөн байна. Хоёр талын бараа эргэлт өнгөрсөн жил тэрбум гаруй ам.долларт хүрсэн нь 2009 оны нийт дүнгээс 40 хувиар давжээ. Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар үр дүн илүү сайжирч 50 хувиар өссөн байна.ОХУ- ын Ерөнхийлөгч Д.Медведевийн хэлснээр төмөр замын салбарын талаар яриа хэлэлцээх болжээ. Хувь нийлүүлсэн УБТЗ-ын үйл ажиллагаа 1949 оны зургадугаар сарын 6-ны өдөр батлагдсан гэрээгээр зохицуулагддаг. Түүнээс хойш олон он жил өнгөрч их зүйл өөрчлөгдсөн. Ингээд УБТЗ-ын үндсэн хөрөнгийг нэмэгдүүлэх талаар монгол түншүүдтэйгээ ажиллана гэдгийг тэрбээр хэллээ.
Огт хөндөх дургүй, хөндөхөөсөө цааргалдаг төмөр замын сэдвийг Оросын тал ийнхүү авч хэлэлцсэн байна. Арваад асуудал дээр саналын зөрүү байсан ч ярианы явцад хоёр гуравхан болтлоо цөөрчээ. Айлчлалын зорилтын 60 гаруй хувь биелснийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэллээ.
Үүний дараа ОХУ-ын Төрийн Думын дарга Б.В.Грызлов, ОХУ-ын Засгийн газрын дарга В.В Путин нартай уулзсан юм. В.Путинтай хийсэн ярианы үр дүнд бензин шатахуун нийлүүлэх ажил хэвийн болох боломжтой болжээ. Орой нь Монголын төлөөлөгчид Третьяковын уран зургийн галарей үзсэн юм.
Өнөөдөр үүрээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэргүүтэй Монголын төлөөлөгчид галт тэргээр Санкт-Петербург хотыг зорилоо. Тэнд дэлхийн II дайнд амь үрэгдэгсдэд зориулсан Пискаревын цогцолборт зочилсноор айлчлал эхэлнэ. Оросын хоёр дахь нийслэл болох Санкт-Петербургт соёлын чиглэлийн арга хэмжээнүүд болох юм.
Д.ОЮУНЦЭЦЭГ