Сар бүрийн 3-ныг “Цусаа бэлэглэдэг өдөр” болгон зарлалаа

Хуучирсан мэдээ: 2015.04.04-нд нийтлэгдсэн

Сар бүрийн 3-ныг “Цусаа бэлэглэдэг өдөр” болгон зарлалаа

Төрөөс донорын цус, цусан бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах, аюулгүй байдлыг хангах талаар баримтлах бодлогын хүрээнд донорын үйлсийг сурталчлах олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор өчигдрөөс эхлэн сар бүрийн 3-ны өдрийг “Цусаа бэлэглэх өдөр” болгохоор шийдвэрлэснээ Эрүүл мэнд, спортын яамнаас мэдэгдлээ. 

Эрүүл мэнд спортын сайд Г.Шийлэгдамба болон яамны удирдлагууд, Цус сэлбэлт судлалын үндэсний төв /ЦССҮТ/- ийн захирал, Н.Эрдэнбаяр, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэг/ МУЗН/ -ийн ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа нар энэ талаарх мэдэллийг өгсөн юм. Сайд Г.Шийлэгдамба хүн амын тоо өсөн нэмэгдэж байгаатай холбогдуулан Улаанбаатар хотод зөвхөн суурин байдлаар цус цуглуулах нэг төв байгаа нь ард иргэд донорын хөдөлгөөнд хамрагдахад хязгаарлалттай байгааг дурдлаа.

Иймд 2013 оноос эхлэн ЦССҮТ–ийн шинэ барилгын суурийг тавьсан байна. Ирэх оны зургадугаар сард ашиглалтад оруулах бөгөөд шинэ барилга ашиглалтад орсноор цусны албаны  үйл ажиллагаа олон улсын жишигт ойртож цусан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хадгалах нөөц гурав дахин нэмэгдэх юм байна.  

Сар бүрийн 3-ны өдрийг сонгож цусаа бэлэглэх өдөр болгосн нь бас учиртай ажээ. Нэг хүний бэлэглэсэн  цуснаас гурван төрлийн  бүтээгдэхүүн бэлтгэж, гурван  хүний амь нас авардаг. Мөн “Үүрд мөнх орших тулгын гурван чулуу, Монголчууд бидний үүрд мандан бадрахын бэлгэдэл болсон соёмбо дээрх  галын гурван дөл, мөнх үргэлжлэхийн бэлгэдэл өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цаг зэргээс гурвын тоо бол үүрд мөнх хувиршгүй гэсэн санааг агуулдаг тул сар бүрийн 3-ны өдрийг сонгосон” хэмээн салбарын сайд тайлбарласан юм.

Цус сэлбэлт судлалын үндэсний төвд 2014 онд нийт 18875 донор цусаа бэлэглэсэн нь 2010 онтой харьцуулахад 4030 донороор буюу 1,4 дахин өссөн байна. Энэ нь цусны хэрэглээ захиалга өндөр байгааг харуулж байна. Иймд Донорын тоог нэмэгдүүлэх, хүн амын дунд сайн дурын авлагагүй цусны донорын эгнээг өргөжүүлэхээр Баянгол эрүүл мэндийн цогцолборт “Цус цуглуулах төв”-ийг нээсэн байна. Шинэ цус цуглуулах төвийн үйл ажиллагааг эхлүүлснээр цусаа бэлэглэгч доноруудад бидний үйлчилгээ ойртож, байнгын, идэвхтэн донорын тоо нэмэгдэж, цус цусан бүтээгдэхүүний нөөц, хангамж сайжрах боломжтой болсон гэж ЦССҮТ- ийн захирал Н.Эрдэнбаяр ярилаа.

Хүнлэг энэрэнгүй сэтгэлээр хүний алтан амийг аварна гэдэг нь эрхэм хүндтэй үүрэг учраас МУЗН-ээс цусны нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр “Залуу донор клуб” байгуулан ажиллаж байгаа. Донорын хөдөлгөөнийг сурталчлах, залууст ач холбогдлыг ньтанин мэдүүлж ойлгуулахад бид онцгойлон анхаарч ажилладаг. Энэхүү ариун үйлсэд бүх нийтээрээ нэгдэхийг МУЗН-ээс энэ үеэр уриаллаа.

Ийнхүү энэ өдрийг ард иргэддээ уриалан тогтмол хугацаанд цусаа бэлэглэж, сайн дурын авлагагүй донорын эгнээг өргөжүүлэн, бүх нийтийн үйлс болгохоор зорьж, Эрүүл мэнд, спортын яамныхан цусаа бэлэглэн "Цусаа бэлэглэх өдөр"-ийг манлайлан эхлүүллээ. Сар бүрийн гуравны өдөр улс орон даяар иргэн бүр цусаа тогтмол бэлэглэдэг болсноор цус цусан бүтээгдэхүүний хэрэглээг бүрэн хангах боломжтой болох юм байна. 

ДЭМБ-аас гаргасан судалгаагаар тухайн улс орны хүн амын гурван хувь нь тогтмол цусаа бэлэглэж байвал цус цусан бүтээгдэхүүнийхээ хэрэгцээгээ хангаж чадна гэж зөвлөдөг. Гэтэл манай улсад энэ үзүүлэлт ердөө 0,8 хувьтай байна. Тиймээс ЦССҮТ  нийт хүн амын 1,5 хувийг цусны донор болгох зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа юм байна.

Н.ЦЭЛМҮҮН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж