Ч.Өнөрбаяр: Эрүүгийн хуулийн төсөлд цаазын ялыг хасч байгаа

Хуучирсан мэдээ: 2015.04.04-нд нийтлэгдсэн

Ч.Өнөрбаяр: Эрүүгийн хуулийн төсөлд цаазын ялыг хасч байгаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяртай цаг үеийн сэдвээр товч ярилцлаа.

– Онц ноцтой гэмт хэрэг үйлдсэн П.Сумъяажав, Д.Бямбадорж нарт Монгол Улсын Ерөнхийлөгч өршөөл үзүүлсэн гэсэн мэдээлэл нэлээд тараад байна. Энэ талаар тайлбар өгөх үү?

Өршөөл, уучлал бол ялгаатай. Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд тухайн ялтанд уучлал үзүүлдэг. Харин Өршөөл үзүүлэх бол УИХ-ын бүрэн эрхэд хамаарах асуудал юм. УИХ өршөөл үзүүлэх эрхээ хууль гаргах замаар хэрэгжүүлдэг.

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр яригдаад байгаа П.Сумъяжав, Д.Бямбажав нар нь   УИХ-аас 2009 онд баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулиар ялаас чөлөөлөгдсөн байдаг. Уг хуульд гэмт хэрэг үйлдэж анх удаа хорих ялаар шийтгүүлсэн 18 насанд хүрээгүй хүүхдийг оногдуулсан ялын хугацааг харгалзахгүйгээр ялаас чөлөөлөхөөр заасан байдаг. П.Сумъяажавын тухайд Өршөөлийн хуулиар суллагдсаныхаа дараа дахин хулгайн гэмт хэрэг үйлдэж, шүүхээс 15 жилээр хорих ялаар шийтгэгдэж чанга дэглэмтэй хорих ангид ялаа эдэлж байгаа юм билээ.

-Саяхан “Цензургүй яриа” нэвтрүүлэгт академич С.Нарангэрэл орохдоо манай улс цаазаар авах ялыг өнөөдрийг хүртэл оногдуулж, харин уг ялаар шийтгүүлсэн ялтанд Ерөнхийлөгчийн зүгээс уучлал үзүүлж байгаа гэсэн.  Одоогоор ийм байдлаар хэчнээн ялтанд уучлал үзүүлээд байна вэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгч 2012 оноос хойш ялтны амийг уучилсан шийдвэр гаргаагүй. Шүүх ч Үндсэн хуулиа дээдлэн, сахин биелүүлж цаазаар авах ялыг оногдуулахгүй байгаа. 

 – Монгол Улсын Эрүүгийн хуульд цаазаар авах ял хэвээр байгаа гэсэн шүү дээ. Та энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг бидэнд өгнө үү?

-Тийм ээ. Одоогийн Эрүүгийн хуульд цаазаар авах ял хэвээр байгаа. Энэ асуудлыг Үндсэн хуулийн хүрээнд өргөнөөр харах хэрэгтэй л дээ. УИХ 2012 оны нэгдүгээр сарын 5-ны өдөр Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын цаазаар авах ялыг халахад чиглэсэн Нэмэлт хоёрдугаар протоколд нэгдэн орох тухай хуулийг баталсан байдаг. Ингэснээр Үндсэн хуулийн 10 дугаар зүйлд “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлэх”, “Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ” гэж тус тус зааснаар уг протокол манай улсад дотоодын хууль тогтоомжийн адил үйлчлэх эрх зүйн үндэс бүрдсэн. Тиймээс энэхүү гэрээнд нэгдэн орсноос хойш цаазаар авах ялыг Улсын Дээд Шүүхээс оногдуулахгүй байгаа. Энэ нь Үндсэн хуульдаа бүрэн нийцэж байгаа хэрэг.

– Академич С.Нарангэрэл цаазаар авах ялыг халах чиглэлээр хууль санаачлагдаагүй, УИХ-д өргөн мэдүүлээгүй байгаа гэсэн шүү дээ. Монгол Улсын Ерөнхийлөгч энэ талаар хуулийн төсөл санаачилж болдоггүй юмуу?

-Монгол Улс уг протоколд нэгдэн орсноор дотоодын хууль тогтоомжоо түүнд нийцүүлэх үүрэг хүлээсэн. Олон Улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар биелүүлэх ёстой. Үүний дагуу Монгол Улсын нэгдэн орсон уг хоёрдугаар протоколыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулж, 2012 оны гуравдугаар сарын 23-ны өдрийн албан бичгээр УИХ-д өргөн мэдүүлсэн байдаг. УИХ уг хуулийн төслийг бусад хууль санаачлагчдаас өргөн мэдүүлэх шинэ Эрүүгийн хуулийн төсөлтэй хамт хэлэлцэхээр хойшлуулсан. Өнөөдрийн өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуулийн төсөлд цаазын ялыг хасаад байгаа.

А.АМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж