50 удаа ой хээрийн түймэр гарчээ

Хуучирсан мэдээ: 2015.04.04-нд нийтлэгдсэн

50 удаа ой хээрийн түймэр гарчээ

Оны эхний гурван сард улсын хэмжээнд  13 аймгийн 33 суманд 50 удаагийн ой хээрийн түймэр гараад байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 28 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Гарсан түймрийн шалтгаан нөхцөл, эзэн холбогдогчийг эцэслэн тогтоогоогүй байгаа хэдий ч иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан гарч байгаа гэнэ. Зарим нэг томоохон түймрээс дурьдвал, Хэнтий аймгийн Баян-Овоо сумаас баруун хойд зүгт 50 км-т хээрийн түймэр гарч улмаар Дорнод аймгийн Хөлөн-буйр, Булган, Цагаан-Овоо сумдын зарим нутаг хээрийн түймэрт өртсөн байна. Мөн Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын гуравдугаар багийн нутаг /сумаас зүүн хойш 65 км-т/ “Тосон” гэдэг газарт гарсан хээрийн түймэр тархан дэлгэрч, Дорнод аймгийн Матад, Халх гол сумын зарим хэсгийг хамарсан байна.

Дээрх  түймэрт л гэхэд хоёр  аймгийн гурван сумын  дөрвөн айлын гэр, байшин сууц түймэрт өртөж,  түймрийг унтраахад Онцгой байдлын 63 албан хаагч  долоон техник хэрэгсэлтэйгээр, орон нутгийн 229 иргэн 28 техник хэрэгсэлтэйгээр гурав хоногийн хугацаанд ажилласан байх жишээтэй. Иймд иргэд, малчид тариаланчид, хээрийн бүсэд зорчин явагсад автомашин техникийн бүрэн бүтэн байдалд хяналт тавьж, ил задгай гал түлэхгүй байх, асаасан гал, түүдэг, тамхи, шүдэнзний галыг сайтар унтраах, цогтой үнс нурамыг тагтай саванд хийх зэрэг түймэр гарах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.

Н.ЦЭЛМҮҮН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж