Монголын Урлагийн Зөвлөлийн хүсэлтээр нэртэй хэвлэлүүдэд зориулан урлагийн тухай өгүүлэл бичиж байсныгаа бараг л эцсийн мөчид базаж хаяад тэс өөрөөр эхлэхээс аргагүйд хүрэв. Нүүр ном дээрх “Катарсис” урлагийн хуудас руу минь монголын нэгэн уран барилгач “Би зураач биш (!). Би архитектор” гэж орж ирснээс л энэ бүх юм эхэлсэн хэрэг. Би өнгөө хэт өндрөөс авчихсан байж. Урлаг судлаачийн хувиар их урлагийн хамгийн үнэ цэнэтэй сэдвийг гүн хөндсөн, чухам л “онцгой” өгүүлэл бичих ёстой гээд урлагийн тэнгэрүүдтэй найрсч явсан миний хамрыг “Би зураач биш” гэсэн үг л хатуу газар хатгуулав. Эгэл нэгэн нь байтугай, эгэл сэхээтэн нь байтугай, дүрслэх урлагийн хамгийн том төрөл-уран барилгын манлай болдог мэргэжлийн уран барилгач нь ч хүртэл зураач гэж хэн болохыг мэддэггүй харанхуй нийгэмд үгээ сонсгохын тулд нэлээн доороос, магадгүй хамгийн доороос эхлэх ёстойгоо би ингэж л нэг ухаарлаа. Юу юуны түрүүнд урлаг гэж юу юм бэ, тэгвэл урлагийн бүтээл гэж юу юм бэ, тэрхүү урлагийг бүтээгч-зураач гэж хэнийг хэлээд байгаа, ерөөсөө урлагаар чинь яах юм бэ гэх зэргийг мэдэхгүй байгаа цагт урлаг маань мурзилк болчихоод байдагт гайхах зүйлгүй. Ингээд…
“Шинэ үеийн эмч” гэж өөрийгөө тодорхойлсон Брайан Голдманы лекцээс зарим баримтыг энд эш татъя. “Үр дүнгийн талаарх статистик үзүүлэлт гэж юу болохыг та мэдэх үү? Арван бөмбөгөөс гурвыг цохиж буй бейсболын тамирчныг 1-р зэргийн гэж үздэг. Тэгвэл арваас дөрвийг цохиж чаддаг тоглогчийг юу гэдэг гээч? “Домог”. Энгийн улирлын тоглолтонд мянгаас дөрвөн зууг цуглуулж чадсан Тед Уильямсыг “Домог” гэдэг байсан. Харин одоо энэ үзүүлэлтийг анагаах ухаан дээр шилжүүлье. Таны мухар олгой үрэвссэн байна гэж бодъё л доо. Үр дүнгийн үзүүлэлт нь 400 буюу арван хагалгаанаас дөрвийг амжилттай гүйцэтгэдэг мэс засалч руу таныг явуулахаар болж. Бейсболынхоор бол “Домог” болсон эмч. Мэдээж та зөвшөөрөхгүй. Тэгвэл зүрх судасны эмч, гэмтлийн мэс засалч, эх баригчийн үр дүнгийн үзүүлэлт хэд байх ёстой юм бэ? Яг тийм. Мянгаас мянга л байх ёстой. Гэвч бодит байдал дээр сайн мэс засалч, эмч, сувилагчийн үр дүнгийн үзүүлэлт ямар байх ёстойг болон ямар байгааг хэн ч хэлж мэдэхгүй. Харин би нэг баримт хэлье. Эмч нарын буруу оношилгоо, эмчилгээнээс болж амь насаа алдагсад нийт үхлийн үзүүлэлтэд 5-р байранд жагсч байна. Эмнэлэгт бичигдэж буй жорын арван эм тутмын нэг нь алдаатай эмчилгээ эсвэл аюултай тун байна. Би эмч. Хүмүүсийн, өвчтөнүүдийн хүлээлтээр бол мянгаас мянгыг онох ёстой эмч хүн. Гэвч би робот биш. Би яаж ч хүсээд үргэлж яг нэг хэвээрээ байдаггүй. Яг адил өвчтэй хоёр хүний нэгийг би гайхалтай сайн оношилж, бичсэн эмчилгээ маань түүнд дээд зэргээр зохисон байхад нөгөөд нь би буруу онош тавьж, эсвэл миний хийсэн эмчилгээ түүний аминд хүрч болно. Өвчтөнүүд ч машин биш. Тэдний олонх нь өвчнийхөө шинж тэмдгийн талаар өдөр бүр өөр өөрөөр ярьдаг. Гэтэл ихэнх оношилгоо өвчтөний өөрийн тодорхойлсноос эхэлдэг. Энэ бүхнийг харгалзан үзэх аваас ямар ч гялалзсан мэдлэгтэй эмч алдаа гаргах нь зайлшгүй”.
Тоглоомын дүрмийг ягштал мэддэг, олон жил бэлтгэгдсэн туршлагатай тамирчид дундаж дүнгээр арван бөмбөгнөөс гурвыг, хамгийн ихдээ дөрвийг онодог. Бүтэц, жин, нисэлтийн хурд, нэг үгээр бүх юмыг нь тодорхой мэддэг нөгөө л нэг бөмбөгтэйгөө насаараа ажиллаад тэр. Эмч нарын хувьд гэвэл хүний бие эрхтний тогтолцоог, тэр тогтолцооны алдагдал ямар үед ямар шинж тэмдгээр илэрдгийг цээжээр мэднэ, дээрээс нь бүх эрхтнийг нэвт хардаг, эд эсийн түвшинд дээжлэн шинжилдэг, асар нарийвчлалтай зүсэлт зураглал хийдэг зүсэн зүйлийн тоног төхөөрөмжийн өвч бүрэн зэвсэглэлтэй. Гэвч алддаг. Тэгвэл урлагийн хувьд үр дүнгийн үзүүлэлтийн дүр зураг ямаршуухан харагдах бол?
1917 онд Нью-Йоркийн хаврын чөлөөт үзэсгэлэн дээр М.Дюшаны Мutt (тэнэг) нэрээр тавьсан бүтээл "ОРГИЛУУР" нь үзэгчийг урлагийн хамтран бүтээгчээр татан оруулсан. эдүгээг хүртэл үзэгч бүр өөр өөрийнхөөрөө оргилуурыг төсөөлж, үргэлжлүүлэн бүтээсээр байгаа билээ.
Урлагийн гол үзүүлэлт болсон гоо сайхны тухай нэгдмэл томъёолол одоо хэр байхгүй. Туурвигч бүр, үзэгч-хүртэгч бүр, хүн бүр гоо сайхныг үзэх давтагдашгүй харцтай. Яг таны харж байгаа шиг хэн ч хэзээ ч харахгүй гэсэн үг. Урлагийн бүтээлийг таван мэдрэхүйгээр барьж болно, гэвч урлагийн гүнд гагцхүү дүрсгүй, биегүй, үнэр амт, үг дуугүй сэтгэл гээчээр л хөлөглөн хүрч очдог болохоор түүний тухайд ямар их зөрүүтэй тодорхойлолтууд байж болохыг та төсөөлж байна уу? Гэвч “Хүний гараар урласан гоо сайхан зүйл бол урлаг” гэдэг ерөнхий ойлголт байдаг байлаа. Гэтэл 100 жилийн өмнө Нью-Йоркийн чөлөөт үзэсгэлэн дээр францын дадаист зураач Марсель Дюшаныавчирч тавьсан жирийн л нэг эрчүүдийн шээлтүүр урлагийн түүхэнд хугарлын цэг болж, “Ерөөсөө урлаг гээч чинь үнэхээр байдаг эд үү? За, байдаг юм аа гэж бодвол, урлаг ба урлаг бишийг бид ялгаж чаддаг юм уу?” хэмээх асуултуудыг хүн төрөлхтний цохонд тулгасан билээ. Үүнд хариулах гэсэн тоо томшгүй оролдлогуудыг багцлаад хамгийн бүдүүн бааргаар урлагийг тоймлох гээд үзье.
Аливаа үйл ажиллагааны дээд зэргийн уран гүйцэтгэл бүхэн тухайн салбартаа урлаг мөн. 100 сая доллар хүрсэн битүү очир шигтгээт гавлаас авахуулаад уран нарийнмэс засал, гайхалтай архитектоник бүтэцтэй математикийн бодлого, судар багтаасан ширхэг будаа хүртэлх бүх л юмсыг “гарын урын урлаг”-т багтааж болно.
Хүний сэтгэлийг хөдөлгөх уран сайхны аргаар орчлонг илэрхийлж байгаа харааны, дууны, үгийн бүтээлүүд “сэтгэлийн урын урлаг” болно.
Гоо сайхнаар дамжуулан ертөнцийг таньж буй билиг ухааны өвөрмөц тогтолцоог “оюуны урын урлаг” хэмээн авч үздэг.
Урлагийг уул юм гэж төсөөлбөл бэлд нь хүний таван хүртэхүйг баясгасан юмс нүд гялбуулан хөглөрөн үзэгдэх вий. Өгсөх тусам сэтгэлийн ураар бүтээгдэж, сэтгэлийг цэнгүүлэх гоо үзэсгэлэн улам тодорно. Байгалиас заяасан гэх гоо сайхны мэдрэмжээр зүтгүүлээд эндээс нэг их юм олохгүй л болов уу. Сэтгэлийн хөдлөлийг амсахын тулд, түүнийг үнэлэхийн тулд тодорхой боловсрол, амьдралын туршлага хэрэгтэй болно. Харин үүнийг даваад их урлагийн ноён оргил өөд ойртвол хүний оюуны хүчин чадлын гол илэрхийлэл болсон ертөнцийг үзэх өөрийн гэсэн үзэл бодлоор л таньж болох “жинхэнэ” бүхэнтэй учирна даа. Өөрөө нүдгүй хүн бусдаар хөтлүүлдэг. Үзэл санаа нь гүйцэд төлөвшөөгүй түүхий хүн хэвлэл мэдээллийн хэрэгслийн жишгийг хэмжүүр болгочихоод, эдлэлийг урлаг гэж, урлагийн наймааг их урлаг гэж хөл алддаг. Гэхдээ гоё сайханд тэмүүлэх нь хүмүүний төрөлх мөн чанар учраас хүн бүр оршин буй түвшин түвшиндээ урлагтайзаавал харьцаж байдаг нь жам. Нөхцөл байдлаас болж урлагийг эрэлхийлэх хүсэл доод цэгтээ хүрч, түр зуур бөхмөл байдалд оршиж байхад ч хүн урлагийг хүртсээр л байдаг. Жишээ болгоод би Дондогийн тухай ярья л даа. Та ч Дондогтонуудыг таньдаг байж магадгүй.
Зураач Фрэнсис Беконий урлан. Эмх замбараагүй дуу авиа, хэлбэр дүрс, үг тэмдэгтүүдээр утга учир дор эвсэн найралдсан бүтээлийг туурвихуй нь оюуны хөдөлгөөн буюу урлаг юм. энэхүү урлагаас төрсөн бол урлагийн бүтээл мөн.
Өл залгахын төлөө амьдардаг байхдаа ч Дондог дуу сонсвол уярдаг, сайхан зүйлд нүд сэтгэл нь баясдаг байсан. Боломж дөнгөж өөрчлөгдөнгүүт тэр зүсээ засч, хөмөрсөн тогоон доороосоо гарсан. Мөнгөжих тусмааөнгөжих гэж зүтгэсээр олны хошууралдаад байгаа бүхнээс нэг их хоцрохгүй, наад захын жишээ нь, цагаан сар, наадмын загварын шоунд дундуур давхичихдаг, театр музейгээр хэсчихдэг болсон.Урлагийн хэрэглээ нь зөн совингийн үеэ өнгөрч, тодорхой зорилготойгоор урлагт хандаж эхлэхдээ Дондог гадаадын хөрөнгө оруулагчидтай ажилладаг болчихсон байлаа. Гэрээ хэлэлцээрийн дараах зангиагүй ярианаас л Дондогийн яс хавталздаг байв. Салбарын ерөнхий дүр зургаар эхэлсэн яриа дэлхийн эдийн засаг, улс төрийг өнгөрвөл заавал урлаг руу урсдаг болохыг тэр анзаарчээ. “Чи төрийн хэмжээний бичиг баримтыг төгс боловсруулдаг болсон цагтаа л өөрийгөө хэл сурсанд тооц. Мянга ч хүрэхгүй үгийн сантай холливудын кино мэтийг ойлгохтойгоо болсныгоо бичиг үсэгт тайлагдлаа гэж бүү эндүүр хөө” гэж багш нь хэлдэг байв. Тэр л хавьцаа болов уу даа, Дондог “дээдэс” гэгдэх хүмүүсийн ярианы утгыг барьж чаддаг болов. Жилийнх нь орлогын хэмжээг эхнэрийн цүнх хэлээд өгнө. Харин энэ ханан дээрх зураг бол сэтгэлгээнийх нь далайцын тухай чимээгүйхэн ярьж байгааг тэр одоо мэднэ. Гэвч энд тэндээс тогтоосон хэдэн үг түүнийг аврахгүй байгааг,аль ч утгаараа зэрэг нэмье л гэж байгаа бол урлагийг тун нухацтай судлах хэрэгтэйг Дондог арьсаараа мэдэрч байв. Удалгүй орон нутгийн салоны зураачдын бүтээлийн цуглуулгаа сургуульдаа хандивлаж орхиод, өрнө тийш саравчилж, сонгодог, үнэтэй болгоныг сорчлон цуглуулж гарсан тэрээр эд юмс, эргэн тойрноо “урлагийн” гэх хэмжүүрээр дэнслэх болсон. Дориун мецанатын хувиар нэртэй бүхэнтэй дөрөө харшуулах болсон ч ашиг авчрахгүй “урлаг”-ийг ивээн тэтгэх булчин нь арай л улбагар байсан цаг. Өөрийнх нь хэлснээр “урлагтай эн чацуу нөхөрлөжчадаж байгаа” Дондог урлагийн тухай хамгийн их, хамгийн чанга ярих болсон. Гэвч түүнийг нухацтай сонсвол яг өөрийнх нь хоолой дуулдахгүй. Кант, Гегель хоёр цэц булаалдаад ч байгаа юм шиг, эсвэл гайхал куратор Ханс Ульрих Обрист гарын авлагаа айлдаад ч байгаа юм шиг санагдана. Тэр одоо урлагийн түүхийг цээжээр дуржигнуулж, -измүүдээр байлдаж чадна. Урлагийг танина гэдэг бол алив бүтээлийг танина гэсэн үг огт биш, уулаасаа урлагийн бүх бүтээлийг таньдаг болох боломж ч үгүй, хэрэг ч үгүй гээд тэр үед түүнд хэлсэн бол намалдгаа нээлгэх байсан байх. Тиймээс ч би хэлээгүй л дээ. Урлаг руу нэвтрэх хаалга болсон бүтээл дээр гацаж, хаалга хаалгыг оролдож явснаас “Урлагийн мөн чанарыг л нэг таньчихвал хаалга бүрийг нээгч алтан түлхүүрийг атгах юм байна” гэдэг дээр эрт орой хэзээ боловч заавал хүрч очих болохоор энэ хийрхэл нь цаг хугацааны л асуудал байсан юм. Эмч биш хүн анагаах ухааныг судална, лам биш байж шашныг судална гэж байхгүйн адил өөрөө туурвигч биш байж урлагийг судална гэдэг бол сүүдрээр гэрлийг танихын үлгэр болохыг тэр аандаа мэдсэн. Азаар ч юм уу, эзээр ч юм уу, Дондогт зураачийн нүд нээгдэж, харснаа хальсанд буулгах мөнгө заяасан. Урлагаас хамгийн их хөөрөл догдлол амссан энэ үедээ Дондог үзэгчдийн магтаал бишрэлд хөлбөрч байсан. Гэхдээ тэр арай л өөр дэсийн хүн байсан юм болов уу даа, жинхэнэ урлаг бол гангараа, хэрэглүүр, орлуур, сэргээш биш юм байна гэдгийг их удалгүй сэхээрч, оддын зүүднээсээ сэрсэн дээ. Эрэгцүүлэл, эрэл, мухардал, үл ойлголцол, санаандгүй бөгөөд таагүй нээлт, өөрийгөө хажуугаас, бүр ар талаасаа харж, урлагаар дамжуулан ертөнцийн үл үзэгдэх тогтолцоог олж үзэхээр шүлэнгэтэн, “Урлаг гэдэг чинь яг юу юм бэ?”-д өөрийнхөөрөө хариулахыг оролдох болсон. Ийнхүү тэр Урлагаар эдгэршгүй өвчилсөн. Урлагт жинхэнэ ёсоор уйгагүй суралцаж эхэлсэн. Нэвтэрхий толь болтлоо мэдээллээр гулгиж явсныгаа өхөөрдөн “Би бэлтгэл ангиа сайн төгссөөн” гэж хэлж билээ. Ертөнцийг таних-өөрийгөө олох нэгэн арга болсон урлаг хэмээх зам мөрд эргэлт буцалтгүй хөл тавьсан Дондог мэдлэгээ эрэмбэлж, шүүж тунгаах болов. Хялбар сургалт гэж байдаггүй. Туршлага, андуурал, төөрөгдөл, урам хугаралт, ухралт, урлагийг үгүйсгэх…хүртэл бүгд байсан. Урлаг гэдэг бол явж явж оюун санаан дах урагшлах хөдөлгөөн болохыг ойлгох гэж, ойлгуулах гэж хийсэн киног нь олон нийт хялайгаагүй ч сэтгэлийн таашаалыг хол хаясан оюуны цэнгэлд тэр улам донтсон. Зураач гэдэг чинь зураг зурдаг этгээдийг биш, сэтгэлийн тогтонгийг хөдөлгөж, хямрааж, ухааныг ачааллаж, улмаар оюуны дээд шатанд хүнийгхүргэх гэжалив хэлбэр, өнгө будаг, үг, дуу авиагаар туурвигч бүрийн ерөнхий алдар болохыг Дондог арай л хожуу мэдсэн байх. Зураачийн доторх оюуны тэсрэлтээс бүтээлийн санааны үр тогтож, сэтгэлгээгээр нь хөврөн бүрэлдээд, ур чадвараар нь биежиж мэндэлдэг. Урлагийн үрээс л урлагийн бүтээл төрнө. Харин ямархуу зүс төрхтэй байх эсэх нь дараагийн асуудал. Урлагийн дүрслэл асар олон янз боловч ямар үрээс ургасан нь хамгаас чухал. Урлагийн пирамидын доогуур чихэлдэн, урлагийг амьжиргааны хэрэгсэл болгогчдын дунд мэдээж “ёстой” зураач байхгүй. Гаднаасаа бол бүгдээрээ л “Би зураач! Би чадна! Би цорын ганц! Би! Би! Би!” л дээ. Магадгүй, алив замд эхлэн орохын үүд нь “ЭГО” байж болох юм. Тодорхой өндөрт гарах хүртэл эго нь шатахуун болж өгдөг ч байх. Харин оргилд хүрье гэвэл эго гэх гяндангаас чөлөөлөгдөх л ёстой болно. Зураачийн түвшин дор байх тусмаа эсэн бусын нөхцөл болзол, төр засгийн бодлого, бүтээлийн тоо, үзэгчийн тоо, мөнгөний тоо… гэх мэт юмсаар хөөцөлддөг. Гартаа эсвэл чих, хэлэндээ уртай “гар” урлалч-уран сайханчаас мэргэжлийн зураач, бүр цаашлаад “жинхэнэ” зураач болох замыг туурвигч бүр орь ганцаараа туулах ёстой байдаг. Танхимын, эсвэл урлангийн хамтын ба ганцаарчилсан сургалтыг өнгөрсөн л бол өөрөө өөрийгөө боловсруулах учиртай. Урлаг бол эцсийн дүндээ хувь хүний төгөлдөршил, өөрөө өөртэйгээ тогтоосон хамгийн дотны харьцаа. Төгссөн сургууль, заасан багш, цаг үе, ноёлогч давхарга, эрх баригчдыг шүүмжлэх нь зураачийн тавилан биш. Ганцаардаж, галзуурч, дорд үзэгдэж байсан ч, “Өлбөрч үхвэл ч үхэг” гээд урлагт үнэнч байсан, өлбөрч үхэцгээж ч байсан аугаа зураач нарыг Дондог одоо шоолохоо больсон. Тэрээр урлагийн философи ба урлагийн сэтгэлзүйн ухааныг өөрөөрөө нэрж байхдаа үзэгч, шүүмжлэгчдийн шагшралт биш чамламаар цөөн хүнд л байдаг оюун сэтгэлийн өөр төлвийн ойлголцлоор л дамжин хэрэгжих юм байна гэдгээ хүлээн зөвшөөрч байв. Онол гэдэг бол томъёо, тодохойлолт, хууль, дүрэмхэн төдий юм биш. Алив үзэл санааг оюун ухаанаар гарцаагүй оносон сэтгэлгээг хэлдэг. Урлагийн онол гэхээрээ урлагийн сэтгэгчдийн үзэл бодлыг өөрийн ухаанаар онохын нэр. Дондогийг би туурвигчаас онолч болох чадалтай ховор хүн гэж үнэлж, хүлээж байтал…Хөрөнгөт нийгмийн бол ноён оргилд, богемын хааны бол сэнтийд заларч асан уран манертай, торгон мэдрэмжтэй, гял цал жавхалзсан залуугийн оронд хачин гүн харцнаас өөр “юу ч үгүй”болчихсон нэгэн хүрч ирсэн. Тэгэхэд л би “Хатуужил бол элдүүр төгссөн зөөлрөл юм” гэдгийг бараг л гараар барих шиг болж билээ. Тэр миний хүлээлтийг ч даваад, асар их өссөн байсан. Урлаг бол үнэнд хүрэх өвөрмөц зам л юм. “ХҮН”-ий, хорвоогийн, зовлонгийн улаан нүцгэн үнэнд түлэгдэж өмөрсөн тарчлаан, тэсгэлгүй уй, ухаарч барьсан бүхнээ илэрхийлэх хүчин мөхөстөл, итгэл алдрал, гадагшаа буулт, дотогшоо урвалтаар зорогдон зүлгүүлсэн түүний охь бүтээл чухам энэ үед төрсөн билээ. Жинхэнэ урлагийн чухам юу болохыг нэлээн дөхүү баримжаалах хэдий ч түүнийг өөр оюун ухаан руу юүлэх нь бараг боломжгүйг ойлгосон Дондог үнэний хамгийн нандин бүхнийг хүртэж байгааг нь хэн ч хэзээ ч яг түүн шиг мэдрэхгүйд цөхрөнгасалж байх шиг санагддаг байж билээ. Гэхдээ би алдаж бодсон байсан. Энэ бол дотоодоороо урлагт хэр ойртсоноор хэмжигдэх үе учраас гаднаас таних ямар ч боломжгүй. Өөрийнхөө тухай, гэгээрэл бясалгал, үнэн, урлаг, бурханы тухай, ерөөсөө юуны ч тухай тэр ярихаа больсон. Тэгсгээд түүний сураг алдарсан. Урлаг бол туйлын зорилго биш. Харин урлагаар дамжин таньсан бүхнээ илт онохын тулд бусад бүх юмыг, урлагийг ч орхих ёстой болсон байх. Дараахан нь түүний хувийн юмсан дундаас санамсаргүй олдсон нэгэн бичлэгийг үзэх хувь тохиосон өдрийг би маш тод санаж байна. Тэр бол миний мэдэх урлаг огт биш байсан. Би нулимсаараа урсан урссаар үгүй болсон тэр цаг хагасхан.Урлагийг хэмжигч, хэмжигдэгч, хэмжүүр бүгд нэгэн цул бүхэл болсон байхыг эхний бөгөөд эцсийн удаа үзсэн минь тэр байсан. “Эцэст нь туурвигч өөрөө урлагийн цөмд буй үнэн болдог гэсэн” гэж л бүүр түүрхэн бодож байсан, би тэгэхэд.
Орчин үеийн хамгийн нэртэй зураач нарын нэг Дамьен Хёрстийн английн Илфракомб хотод 2032 он хүртэл түрээсээр байрлуулж байгаа 25 м өндөр уран баримал "ҮНЭН".
Урлагийн энэхүү арван түвшин бол хүний арван өөр хэв шинж огт бус. Харин нэг хүний хөгжлийн арван шат. Хүн ерөөсөө нэг л янз. Гагцхүү хөгжлөөрөө л бие биеэсээ, өөрийнхөө өнгөрсөн ба ирээдүй цагаас ялгарч байдаг. Доод шатны урлаг хүнийг амьдралаас зугтаалгаж, зугаацуулдаг. Дээшлэх тусмаа үнэнд ойртуулна, нэг үгээр бол “тамлана”. Энэхүү оюуны там бол үнэний цэнгэлд-төгс төгөлдөрт хүрэх цорын ганц гүүр. Үүнээс өөр зам байхгүй. Тиймээс урлаг дээдийн байх тусмаа цөөнхийнх байдаг. Бүх нийтээрээ нэг түвшинд байгаа биш учраас бүгдээрээ урлагийг яг адил ойлгодог болно гэж хэзээ ч байхгүй. Харин дор дороо тус тусын түвшнээ мэдэж, дэвшил өөд зүглэж байх юмсан. “Одоогийн байгаа байрлалаас илүү чиглэх зүг чухал” гэсэн Л.Толстойтой би санал нэг байна, гэвч хаана байгаагаа эхлээд мэдэх хэрэгтэй. Өөрийн таамагласан онол үзлийг “үнэн” хэмээн баталж, шинжлэх ухаанд нээлт хийх гэж эрэл хайгуулын цуцалтгүй замд амьдралаа үрж, бусдын үгүйсгэл, буруушаалтан дундуур зүтгэж яваа эрдэмтэд, ертөнцийн хязгааргүйг хязгаарлагдмал арга хэрэгслийн хүрээнд илэрхийлэх гэж тамаа цайж яваа туурвигчид гагцхүү асар бат итгэлийнхээ хүчээр л хөдөлж байдаг. Тэр “зам”-ын юу болохыг мэддэг хүн л эрдэмтэд, жинхэнэ зүрхний зураачид ямар гүн шашинлаг байдгийг чөмөг нугасаараа мэддэг. Алив итгэл үнэмшил мухар сүсгээс л эхэлдэг. Магадгүй, олонх маань тэр зам дээр гишгээ ч үгүй байгаа байх. Ёстой замнагч биш, ажиглагч, цэцэрхэгч, урлагийн наймаачин-уран маркетер хэн нэгэн “Тэр үнэн гээд байгаа юм чинь байдаггүй ч байж болох юм” гэж хэлэх амархан байж магадгүй. Үнэн гэж байдаггүй байсан сан бол урлаг чинь зүрхний илээч, сэтгэлзүйн толин өрөөний илбэчээс хэтрэхгүй байх байсан сан. Үнэмлэхүй үнэнийг л нээх нь урлагийн туйлын зорилго гэдгийг жинхэнэ туурвигч болгон хэлдэг. Их урлагийг танья гэвэл зөвхөн тэднийг л олж сонс! “Урлагийн хүн” биш, урлагийн од, сод хүн биш, харин өөрөө тэр чигээрээ урлаг болж чадсан цөөхөөн хэдхэн хүний нэг Пабло Пикассогийн хэлсэнчлэн “АГУУ ҮНЭНИЙГ ТАНИХ ЧАДАЛТАЙ БОЛГОДОГ АГУУ ХУДАЛ БОЛ УРЛАГ БИЛЭЭ”. Урлагт хуурталгүйгээр түүний үнэн дүр төрхийг, түүний голт зүрхийг олохын тулд боловсрол хэрэгтэй. Урлагийн боловсрол бол хүний гэгээрэл сэхээрлийн найраагүй шалгуур юм шүү. Гоо сайхан бол дамжуулагч утас гэж үзвэл харин түүгээр гүйж байгаа цахилгаан нь урлаг буюу урлагаар хувирсан оюун ухаан юм. Тоггүй цахилгааны утаснууд битүү сүлжээд татчихсан харанхуй газарт бид оршоод байна. Харанхуйдаа бүр дасаад, сохроод, гэрлийг үзэж чадахгүй болчихоод байна. Алив газар, алив хүнд байрыг нь зааж өгнө гэдэг бол эр зоригийн асуудал байдаг. Урлагийн зам дээрх байршлыг нь хүмүүст, ялангуяа урлагийнханд харуулна гэдэг бол бүр бэрх. Байрандаа тавиулагсад дуугай байхгүй нь мэдээж. “Сорайя чулуунд булуулсан нь” кинон дээрх шиг над руу үгэн чулуунууд асгарах байх, гэвч айх юм байхгүй ээ. Эцсийн эцэст амьдралд аймаар юм гэж байдаггүй, ойлгож ухаарах л юм гэж байдаг гэдэгсэн бил үү дээ.
Баруун талаас нь харвал, арьсаа хуулуулж, махаа шулуулаад, гартаа шүүхийн дэнс барьсан эмэгтэйн хамаг дотор эрхтнүүд, хэвлий дэх ураг нь хүртэл ил харагдаж байна.
Жич: Намайг сэрээсэн өнөөх “зураач биш уран барилгач”-д мэхийн ёсолъё. Нэг ч болов юм ойлгуулсан хүнийг багшаа хэмээн дээдэлж бай гэдэг. Тэгвэл нэлээн их юм ойлгуулсан тэр хүн бол миний багш яахын аргагүй мөн билээ. Монгол улсын нэгэн их сургуулийн уран барилгын ангийг дүүргэх хэдэн жилд нь“Чи ЗУРААЧ байх ёстой юм шүү! Уран барилгыг бүтээх үйл явцын тархи нь, зүрх нь, оюун санааны удирдагч нь ЗУРААЧ шүү!” гээд хэлчихээгүй арав хорин багшийнх нь өмнөөс гүнээ хүлцэл өчье.
ДЭЛГЭРЭНГҮЙ МОНГОЛЫН УРЛАГИЙН ЗӨВЛӨЛИЙН ЦАХИМ ХАЯГААС УНШИНА УУ!